Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ), Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ), гүйцэтгэх захирал, бүтээмжийн менежер зэрэг удирдах албан томилгоонд хийсэн дүн шинжилгээг Нээлттэй нийгэм форумаас өчигдөр танилцуулав. Тодруулбал, эл шинжилгээгээр улсын төсөвт хамгийн өндөр орлого төвлөрүүлдэг “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг сонгон авч, 2020-2024 оны хооронд хийсэн удирдах албан тушаалтны томилгоон дахь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянаж, дүгнэжээ. Энэ хугацаанд дээрх гурван компанид ТУЗ-ийн гишүүний томилгоо 10, гүйцэтгэх удирдлагын долоо, Засгийн газрын БЭТ-ийн нэг, чанар, бүтээмжийн менежерийн есөн томилгоо тус тус хийгдсэн байна. Ингэхдээ ТУЗ-ийн хараат бус гишүүдийн томилгоонд сонгон шалгаруулалтыг хэлбэр төдий зохион байгуулсан бол бусдыг нь огт сонгон шалгаруулаагүй гэнэ.
Дүн шинжилгээг танилцуулсан судлаач Д.Тэгшбаяр “Төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх захиргаа, удирдлагын багийн гишүүдийг Засгийн газрын чиглэл, удирдамжийн дагуу нэр заан томилж байгаа нь хууль, компанийн дүрэм болоод засаглалын зарчимд нийцэхгүй. Компанийн үйл ажиллагаан дахь төрийн оролцоо зөвхөн томилгоогоор ч хязгаарлагдахгүй, бүх шатны шийдвэрт нь чиглэл өгч оролцож байгааг зогсоох шаардлагатай” гэв. Мөн тэрбээр төрийн өмчит компанийн засаглалын нэг чухал шаардлага нь төрөөс хараат бусаар бизнесийн зарчмын дагуу бие даан ажиллах явдал. Энэхүү хараат бус байдлыг хангахад компанийн ТУЗ, гүйцэтгэх удирдлага, бусад эрх бүхий албан тушаалтны томилгоо нэн чухал бөгөөд нэр дэвшигчдэд тавих шаардлага, томилгооны үйл явцыг нарийвчлан зохицуулж, ТУЗ-ийн хараат бус гишүүд, гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулах учиртайг онцолсон юм.
Ч.Цэлмэг