Монголбанкны ерөнхийлөгчөөр 2016 оны долдугаар сараас 2019 оны арваннэгдүгээр сарын хооронд ажиллаж байсан Н.Баяртсайханд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Түүнийг Эрүү гийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татан 2021 оноос шалгасан юм. Тодруулбал, Төвбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг “Капитал” банктай холбоотой хэрэгт шалгаж буй талаар бид цаг тухайд нь мэдээлж байв. 2021 онд түүнд хэрэг нээн шалгах үед Н.Баяртсайхан хил давж, АНУ-д очсон байдаг. Түүнийг 2024 оны аравдугаар сард эх орондоо ирэхэд нь хууль сахиулагчид саатуулж, цагдан хорьсон ч шүүх суллан, хилээр гарах эрхийг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Үүнээс хойш АТГ-ынхан Н.Баяртсайханд холбогдох хэргийг мөрдөн шалгаад үндэслэлгүй гэрээ баталж арилжааны “Капитал” банкны эх үүсвэрээс Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн нэр бүхий албан тушаалтнуудад эд хөрөнгийн давуу байдал бий болгосон. Үүний улмаас дээрх арилжааны банканд 1.4 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байна.