Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал томилогдсоноосоо хойш яг 70 өдрийн дараа огцруулах “сануулга” хү лээж авав. Бүрэлдэхүүнээ баталгаажуулснаас нь хойш тооцвол 65 дахь өдөр нь УИХ дахь сөрөг хүчнийхэн түүний Засгийн газрыг огцруулах акц өрнүүлж, намын дарга О.Цогтгэрэлийнхээ бланкан дээр гарын үсэг цуглуулж эхэлснээ мэдэгдээд байна. Цэргийн ангидаа байлдагч амиа алдсан ноцтой хэрэг ээлжит удаа гарсны дараа АН-ынхан Батлан хамгаалахын сайдад улс төрийн хариуцлага хүлээлгэхийг шаардсан юм. Гэвч Ерөнхий сайд сөрөг хүчнийхээ шаардлагыг үл тоож, ямар ч хариу өгөөгүй нь асуудлыг ийнхүү томруулахад хүргэжээ. АН-ын бүлэг 42 гишүүнтэй. Үндсэн хуулийн 43.1-т заасны дагуу Засгийн газрыг огцруулах асуудлыг 32-оос дээш гишүүний саналаар оруулна. Энэ босгыг тэд хангалттай бүрдүүлэх учраас хоёр жилийн дотор дөрөв дэх удаагаа Засгийн газрыг огцруулах, эсэх асуудлыг хэлэлцэнэ гэсэн үг. Харин шаардлага нь бодит шийдэл болох, эсэх нь одоогоор тодорхойгүй. МАН доторх 1980-аад оны бүлэглэл одоогийн танхимд таван сайдтай. Тэд энэ квотоосоо илүүг хүсвэл сөрөг хүчинтэй хамтрахад ядах юмгүй, Н.Учрал баяртай болно. Ийм дуулиантай зэрэгцэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарим сайдыг өрөөндөө дуудаж уулзсан нь анхаарал татна.
“БХЯ-НЫ БОДЛОГЫН АЛДАА БОЛ БИ ОГЦОРНО”
Баянхонгор аймаг дахь зэвсэгт хүчний 339 дүгээр ангид 19 настай байлдагч хамт алба байж байсан цэрэгтээ зодуулж, амиа алдсан хэрэг өнгөрсөн сарын 19-нд гарсан юм. Сүүлийн 10 жилийн дотор эх орноо хамгаалахаар явсан 46 байлдагч албаа хааж байхдаа бусдын хүчирхийлэл, дээрэлхэлтэд өртөн амиа алдаж, 144 цэрэг эрүүл мэндээрээ ноцтой хохирчээ. Үе үе ийм харамсалтай мэдээ дуулдаж, нийгмээрээ хэсэг шуугьдаг ч байдал давтагдсаар байна. Дэглэлт, дээрэлхэлт, хүчирхийлэл, хүний эрхийн зөрчлийг зогсоохын тулд Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барина гэж амласандаа сөрөг хүчин хүрчээ. Цэргийн анги дахь хүний эрхийн бүхий л зөрчил, эрүү шүүлтийг зогсоохын тулд тэнд урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлж, алба хаагчид, байлдагчдад энэ талаарх мэдлэг түгээх боломж бүрдүүлэхээр уг төсөлд тусгасан байна. Үүнээс гадна олон жилийн турш цэргийн анги хэмээх байгууллагад ноцтой зөрчил гарч, байлдагчид амиа алдсаар байгаа нь бодлогын алдаа, завхралын үр дүн. Тиймээс салбар хариуцсан сайдад нь хариуцлага тооцох ёстой гэж УИХ дахь АН-ын бүлгээс шаардсан юм. Учир нь ийм явдал болсоор байхад өмнө нь нэг ч сайд хариуцлага хүлээлгүй өдий хүрчээ. Тэгвэл энэ асуудлаар Д.Батлут сайд “Хуулийн байгууллага хэргийг шалгаж байна. Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааны буруу, ЗХЖШ, анги салбар, төрийн тусгай албан хаагчийн буруутайгаас үйл явдал болсон нь тогтоогдвол хэн ч байсан хариуцлага хүлээх ёстой” гэсэн тайлбар өгсөн. Гэхдээ шалгалтын үр дүнд хэзээ ч БХЯ-ны бодлого бурууддаггүй учраас л 10 жилд 50 орчим байлдагч амиа алдсан, тэр олон цэрэг эрүүл мэндээрээ хохирсоор байгаа биз ээ. Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллага шалгаад ихдээ л цэргийн ангийн захирагчийг ажлаас чөлөөлөөд дуусдагийг мэддэг учраас тэрбээр ийм “бардам” бас, бөөрөнхий хариу өгсөн болов уу.
АН-ЫН ГАРААР ХОЁР ДАХИА МОГОЙ БАРИУЛАХ УУ
Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох нь зүй ёсны шаардлага. Харин үүнийг хүлээж авсангүй гээд Засгийн газрыг огцруулах нь цагаа олсон акц мөн үү гэдэг эргэлзээтэй. Манай улс төрд аливаа Засгийн газарт эхлээд гурван сар ажиллах хугацаа олгодог жишиг бий. Харин Н.Учралын танхимд ийм “туршилтын хугацаа”-гаа дуусгах ч завдал гарахгүй байж мэдэх нь. Энэ талаар АН-ын дарга О.Цогтгэрэл “Эл Засгийн газар өнөөдрийг хүртэл эдийн засгийг өөд татах, иргэдийнхээ амьдралыг хэрхэн сайжруулах талаар тоймтой бодлого, төлөвлөгөө танилцуулсангүй. Чадамжгүй гэдгээ харууллаа. Удаан ажиллууллаа гээд үр дүн гарна гэсэн үг биш” гэсэн юм. АНын гишүүд ч бүлгийнхээ шийдвэрийг дагана гэдгээ түрүүчээсээ мэдэгджээ. Тухайлбал, Л.Гантөмөр гишүүн “Ажил хийж чадахгүй байгаа хүмүүсийг солих нь ард түмэнд хэрэгтэй. Сөрөг хүчин бол байнга хариуцлага ярьж, сануулж, цочроо өгч байх үүрэгтэй юм. Ерөнхий сайд Сүхбаатарын талбайг чөлөөлнө, махны үнийг буулгана гэсэн, тэгсэнгүй. Бид нэгнээ өмгөөлж, хамгаалсаар байдал иймд хүрч байгаа юм. Жаахан хурц байх хэрэгтэй шүү дээ. Тэгж байж л хариуцлагатай ажилладаг болно. Бид Н.Учрал гэхээс илүү, сүүлийн 10 жил эрх барьж буй МАН-аас хариуцлага шаардаж буй. Тэд сэлгээний тамирчдаа солиод л явсаар байгаа биз дээ. Н.Учрал ч бас өнөөдөр төрчихөөгүй” гэжээ. Н.Учрал 2022 оноос эхлэн Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн шадар сайдаар ажиллаж байгаад хоёр сарын өмнө Ерөнхий сайд болсон нэгэн. Тийм ч учраас зөвхөн түүний тэргүүлсэн танхим бус, ажиллаж байсан Засгийн газруудынх нь өмнөөс хариуцлага нэхэж болно хэмээн сөрөг хүчнийхэн үзсэн аж.
Тэгвэл энэ удаа АН-ынхан бас л МАН-ын нэг бүлэглэлд үйлчилж буй юм биш биз. Өмнө нь Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулж, Н.Учралыг Ерөнхий сайд болгоход сөрөг хүчин голлох үүрэгтэй оролцсон нь нууц биш. Тэд “Аль нэг намын дарга парламентын спикер байх ёсгүй” гэсэн шаардлага тавьж, нэгдсэн чуулганыг ирцээр бойкотолсон. Н.Учрал хурал удирдвал суухгүй, дэд дарга нар нь даргалбал л оролцоно хэмээн гэдийсэн нь МАН доторх 1980-аад оны бүлэглэлтэй хөшигний ард хүч хавсарсны илэрхийлэл гэж үзэж байв. Н.Учрал танхимаа авна гэдэг бол Г.Занданшатар огцорно л гэсэн үг. Ийнхүү эцэст нь МАН-ынхан улс төрийн шийдвэрээ гаргаж, шинэ Ерөнхий сайд тодорсон. Түүний танхимд Л.Оюун-Эрдэнийн бүлэглэл таван квот авч чадсан. Тухайн үедээ 1980-аад оны бүлэглэлийнхэн УИХ-ын даргын албан тушаалыг өөрсдөд нь өгөхийг ил тод шаардаж байсан юм. Гэвч тэр хүсэл нь биелээгүй тул “хор долоосон хулгана шиг” явж байж мэдэх. Өөрөөр хэлбэл, илүүд шунаж, сөрөг хүчнийхэнтэй хамтран Н.Учралын Засгийн газрыг огцруулж, ахин хүрд эргүүлэх, тохиролцоо хийх хүсэл тэдэнд хэзээд байсаар байх болно. Өмнө нь тэд нэг удаа ийнхүү АНынхны гараар могой бариулсан, одоо яагаад давтаж болохгүй гэж. МАН дотроо хоёр талцаад удсан. Тэд өнгөн дээрээ эвлэсэн мэт харагдаж буй ч хэзээ ч тэсрэхэд, хагаралдахад ойрхон яваа нь нууц биш билээ. Уг нь МАНынхан өнгөрсөн бямба гарагт Их тэнгэрт өргөтгөсөн хурал хийсэн юм байна. Энэ үеэрээ тэд чухам Засгийн газраа бүх талаар дэмжиж ажиллана, эв эеэ эрхэмлэнэ гэж ярьцгаагаад таржээ. Гэтэл үүнийх нь араас сөрөг хүчний улс төрийн акц эхэлж буй нь тус намын 1980- аад оны бүлэглэл дээрх “ярилцлагад” сэтгэл дүүрэн гараагүйн илрэл байж ч болох.
Харин “АН-ынхан дараагийн Засгийн газарт багтах гэж ингэж байна” гэдэг хардлага бол үндэслэл муутай. Ерөнхийлөгчийн сонгууль болоход ганц, УИХ-ын дараагийн сонгуульд хоёр жил үлдсэн байхад эрх баригч намын лайг нуруундаа үүрэлцэж, нүд рүүгээ гараа хийх шаардлага сөрөг хүчинд үгүй юм. АН-ын гишүүд ч мөн уг мэдээллийг үгүйсгэж байна. Хөөгдөж гарчхаад буцаж орохгүй гэдгээ АН-ын дарга О.Цогтгэрэл олон удаа хэлсэн. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн “гар, хөл” болох нь тэдэнд ямар ашигтай вэ. АН-ын энгийн зарим гишүүн нь О.Цогтгэрэлийн мэдэгдлийг “Женко” Х.Баттулгын явуулга, түлхээс хэмээн хардаж буйгаа илэрхийлсэн байна лээ. Үнэндээ Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар нэг тал гэдгийг олон нийт хэдийн мэддэг болсон. Нөгөө талаар АН-ынхан хүчтэй сөрөг хүчнийхээ байр суурьд байж, сонгуулийн өмнө оноо авч, эрх баригчид сүүлийн 10 жил юу ч хийж чадаагүйг эл үйлдлээрээ нотлох замаар өөрсдийн нэр хүндийг өргөх зорилготой байж болно. Хариуцлага тооцох, сануулах нь сөрөг хүчний үүрэг тул буруутгах аргагүй.
“Шаардлагатай бол Ерөнхий сайдыг огцруулах тухай бичигт 64 гишүүний гарын үсэг цуглуулна” хэмээн О.Цогтгэрэл хэлсэн. АН-ын бүлгийн 42 дээр МАН-ын дээрх бүлэглэлийн 30 гишүүн нэмэгдэхэд л Н.Учралыг огцруулах санал бүрдчихнэ. Тиймээс Ерөнхий сайд энэ сануулгыг Д.Батлутыг огцруулах шаардлага шиг үл тоож болохгүй нь. Тэрбээр жаахан л эвгүйдвэл бүлэглэл, фракцуудынх нь авир өөрчлөгдөж, хөмөрч мэдэхээр байдал үүслээ. Түүнд Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулж, танхимаа аварч үлдэх хамгийн эхний сонголт бий. Тэгэхээр танхимаасаа “шүд сугалж” хэсэгтээ тогтох уу, 100 ч хонолгүй бүрэлдэхүүнээрээ огцрох уу гэдэг сонголтын өмнө Н.Учрал ирээд байна.