
Улсын их дэлгүүрээс Цирк явах зам
Хайруу хүйтэн өвөл өнгөрч, зунтай золголоо. Дөрвөн улиралтай ширүүн уур амьсгалтай эх орондоо бид зуныг тэсэн ядан хүлээдэг. Зун бол зөвхөн илч дулаан төдийгүй байгалийн өнгө будгийг сүлэлдүүлэн нүд баясгаж, сэтгэл тайвшруулдаг шидтэй улирал. Харин Улаанбаатарын зун зэвхий саарал, шороон бор өнгөтэй, нэмээд “цементэн хөрс”-тэй байгааг та анзаарч буй байх. Их хотын чимэг нь шилэн барилга бус, ширэг зүлэг, цэцэгс, мод, бут юм. Хотын зуны өнгийг сурвалжилснаа хүргэе.
Энхтайваны өргөн чөлөө буюу бидний нэрлэж заншсанаар Таваншараас Офицеруудын ордон явахад авто замын хоёр талаар мод тарьж, зүлэгжүүлэх гэж оролдож байна. Гэхдээ мод нь цөөн, зүлэг нь оочин цоочин, цэцэг бүр алга. Ногоон өнгийн төмрөөр хашаалж, мод тарьсан багахан хэсэг л нийслэлийн хамгийн урт, зорчих хөдөлгөөн ихтэй эл чөлөөг чимж, байгалийн сайхныг илэрхийлж буй нь хангалтгүй.
Тарьсан бага зэргийн зүлгээ тордож гавьдаггүй, хөрс нь элс, шороотой хуурай шахам харагдана. Ойрмогхон орсон бороонд л бага зэрэг чийг авсан уу гэхээс услаагүй, цэвэрлээгүй нь илт. Энэ талаар Баянгол дүүргийн иргэн М.Ариунтуяа “Манайх “Голден парк” хотхоны айл. Энэ хавьд ямар ч ногоон байгууламж байхгүй. Төв зам дагуу л бага зэрэг ногоон байгууламжтай. Заримдаа мод нэмж тарьж байгаа харагддаг. Гэхдээ модтой хэсгийнх нь газар цул шороо. Бас явган хүний замыг л шүүрдээд байдгаас ногоон байгууламжтай хэсгээ усалж, тордож, хогийг нь түүж харагдахгүй юм. Ногоон байгууламж дунд тамхины иш, жижиг хог зөндөө. Хэрэв мод тарьсан хэсэг бүхэлдээ зүлэгтэй бол тун гоё байх сан. Тухайн орчиндоо улам өнгө нэмж, модыг ч илүү сүрлэг харагдуулах биш үү” гэлээ.

“Централ товер”-ын өмнөх талбай
Х хорооллоос зүүн тийш яваад Баруун дөрвөн зам хүрэв. Хотын төв хэсэг дэх ачаалал ихтэй, гол замуудын нэг. Гэтэл дөрвөн тийшээ салсан зам дагуу мөн л мод, зүлэг багатай. Баруун дөрвөн замаас урагшаа Нарны гүүр явах чиглэлд бараг ногоон байгууламжгүй. Дэлгүүр, үйлчилгээний газруудын урдхан талд байгалийн жамаар ургасан сийрэг зүлэг, цөөн мод, бут төдий. Бүр мод, зүлэг нэмж тарих нь бүү хэл, ахиад л бордюр сольж, барилгын ажил эхлүүлж, шороо босгон манаргаж байна. Энэ тухайд “Голомт” хотхоны оршин суугч С.Чулуун “Манай байрны эргэн тойрон, хотхон дотроо ч зүлэггүй. Таван блок, тус бүрдээ 15 давхар. Давхартаа таван айлтай ийм том хотхон дундаа 5-6 алхам хүрэхгүй ширэгтэй. Тэр ширгийг бараадуулж тавьсан сандал нь бидний нарлах, байгальд ойртох өчүүхэн боломж юм даа. Хотхон хороолол бүрийг ногоон байгууламжтай л болгохгүй бол горьгүй шүү” гэсэн юм.

50 айлтай хотхоны ногоон байгууламж
Баруун дөрвөн замаас Бөхийн өргөө оров. Эл чиглэлийн дагуу замын хоёр талаар мөн л бага зэргийн зүлэг, хэдэн модтой. Төв шуудангаас урагшаа, хойшоо чиглэсэн өргөн урсгалын дагуу бас л ширэг, мод, бут байхгүй. Сүхбаатарын талбайн ойролцоох усан оргилуурыг бариагүй үед бага боловч зүлэгтэй байсан бол өдгөө цементэн байгууламж, халцгай газар л зонхилжээ. Усан оргилуурын эргэн тойрны цөөн модыг тэгшилж, хэлбэржүүлж арчлаагүйн улмаас саглайж, хэв галбир муутай харагдана. Шон татаж, олсоор хаасан шороон хэсэгтэй ч зүлэг тариагүй, байгалийн аясаар ургасан армаг тармаг өвстэй. Энэ тухайд усан оргилуурын дэргэд сууж байсан Баянзүрх дүүргийн VIII хорооны иргэн П.Очирдарь “Энэ хавийн нуухыг нь авах гээд нүдийг сохлов гэгч болгосон. Талбай руу харахад даавуун, хуучин асрууд салхинд дэрвээд ямар тухгүй, үзэмжгүй гээч. Усан оргилуурыг ажиллаж байна гэхэд бас хэцүү. Халцгай газарт хэдэн мод ёрдойж үзэгдэх нь ногоон байгууламж, цогц орчин бүрдүүлэх талаар манайхан ямар ч ойлголтгүйг илэрхийлж байна. Ерөөсөө бид цемент, нэг бол шороо, арай дээрдлээ гэхэд энд, тэндээ хэсэг мод, буттай элсэн дээр л амьдарч байна. Зүлэг, цэцгийн талаар хэлэх ч үг алга” хэмээв.

Төв талбайн усан оргилуур 2026.06.04
Дээр дурдсан жишээ бол Улаанбаатарын өнцөг булан бүрийн бодит дүр төрх. Хотын төв зам дагуу, Сүхбаатарын талбай хавьд л ийм байхад гэр хороолол, захын дүүргүүдийн иргэдийн амьдрах орчны талаар бүр ярилтгүй. Гэр хороололд 230 000 гаруй айл амьдардаг ч хашаандаа мод, зүлэг тарьсан нь тун цөөн. Түүнчлэн бид “Тэрбум мод” хөдөлгөөн өрнүүлж мод, бут тарьж эхлүүлээд байгаа ч зүлэг, цэцгийг мартсан. Ногоон байгууламж гэдэг мод, ширэг, цэцэг бүхий цогц орчныг хэлнэ үү гэхээс элс, шороонд булсан хэдэн ёрдгор модыг мэдээж хэлэхгүй. Энэ талаар экологич, ногоон байгууламжийн инженер Г.Алтангэрэл “Манай улс ногоон байгууламж, мод, зүлэгний ач холбогдлыг дутуу үнэлж, нэр, үзэмж төдий байдлаар хандсан хэвээр. Мод тарьж байгаа ч тухайн хэсгийг нь зүлэгжүүлж, цэцэгжүүлж өгвөл байгальд ээлтэй төдийгүй, өнгө үзэмж нь харьцангуй сайжирна. Ногоон байгууламж бол орчны бохирдлыг цэвэршүүлэхээс гадна агаарыг дөрөв хүртэлх хэмээр бууруулж, хэт халалтаас сэргийлдэг. Мөн хүн, мал, амьтны стрессийг багасган, сэтгэл санааг тайвшруулдаг нь шинжлэх ухаанаар нотлогдсон. Газарт мод биш юм гэхэд зүлэг, цэцэг тариад л байх хэрэгтэй. Гэхдээ зүлэгний үрийг манай уур амьсгалд дасан зохицохуйц, чанартайг нь сонгох нь зүйтэй. Улмаар сайн усалж өгнө. Зөв үрээр тарьж, технологийн дагуу усалж, тордсон зүлэг хагас сард л ногоорно. Тэгээд хавар болгон сэргэж, үргэлжийн ногоон орчин үүсгэнэ гэсэн үг. Манай компанийн хувьд ажлын хөлс, бүх түүхий эд буюу зүлэгний үр, бордоо, шороог оролцуулсан дүнгээр энэ жил нэг ам метр талбайд 26 000 төгрөгөөр зүлэг тарьж буй. Усалгааг захиалагч байгууллага, айл өрхүүд шийдэж, бид арчилгааг нь хариуцан ургуулна гэсэн үг. Уг нь хааш хаашаа 10 орчим алхам, 100 ам метр зүлэг албан байгууллага, аж ахуйн нэгж бүр тарьчихвал эргэн тойрон хамаагүй тухтай, таатай болно. 100 ам метр зүлэг тарихад одоогоор 2.5 сая төгрөгийн ханштай. Байгууллагууд нийлж, эсвэл томоохон аж ахуйн нэгжийн ажилчид дундаасаа мөнгө босгож, зүлэгжүүлэх ажил эхлүүлбэл сайн” гэлээ. Мөн тэрбээр сүүлийн үед баригдаж буй томоохон хотхон, хаус хороолол орчны тохижилтдоо ихээхэн анхаарч, ногоон байгууламжийн асуудлаа эхний ээлжид шийддэг болсныг дурдсан. Гадна талбай том, зүлэгтэй, цэцэгтэй байвал тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ ч өсдөг жишиг тогтжээ.

Рио парк
Ая тухтай орчин бүрдүүлж, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулахад ногоон байгууламжийн хувь нэмэр үргэлж чухал байх нь. Тиймээс ч олон улсад ногоон байгууламж болон барилгажитыг 50:50 эсвэл 60:40 гэсэн харьцаатайгаар шийддэг жишиг цөөнгүй байна. Тодруулбал, 100 ам метр талбайд барилга барилаа гэхэд мөн тийм хэмжээнд ногоон байгууламж, дэд бүтэц үүсгэх ёстой. Хамгийн багадаа л 100 ам метрт ногдох ногоон байгууламж, дэд бүтцийн хэмжээ 40 ам метр байх нь. Манай улсын хувьд тухайн талбайн 70 хувь нь барилга 30 хувь нь ногоон байгууламж болон бусад гэсэн журам мөрддөг гэдэг ч бодит байдалтай огт нийцсэнгүй. Түүнчлэн ногоон байгууламжийн ажлыг хариуцах байгууллага, аль байршилд ногоон байгууламж үүсгэн, яаж арчилж буйг нийслэлийн ЗДТГ-аас тодруулаад хариулт авч чадсангүй.
Улаанбаатар хотыг бүхэлд нь ногооруулахад бэрхшээл үүсдэг гэсэн мэдээлэл байна. Тодруулбал, нийслэл нийт 470 450 орчим га талбайд оршдог аж. Үүнээс 83-84 хувь нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд оржээ. Харин үлдсэн 26-27 хувь нь л нийтийн эзэмшлийн талбай буюу 127 000 га газар улс харьяалан, ногоон байгууламж болгох боломжтой. Нөгөөтээгүүр, дээр дурдсан, Г.Алтангэрэлийн хэлсэнчлэн байгууллага, аж ахуйн нэгж бүр өөрсдийн эзэмшлийн талбайг зүлэгжүүлэхэд анхаарвал үр дүнд хүрэх юм. Учир нь зөв үрээр, технолгийн дагуу тарьсан зүлэг 14 хоногт ургадаг учраас тэр.
Дэлхийн том хотуудаас харахад жуулчид цугладаг гол талбай, цамхаг, музейн орчин, гудамж, нэр хүнд бүхий их сургуулиудынх нь хотхон, голын эрэг дагуух ногоон байгууламж нь нүд булаадаг. Их сургуулийнхаа өмнөх талбайд зүлгэн дээр хэвтээд ном уншиж, хичээлээ хийдэг залуус нь ямар тухтай, тансаг харагддаг билээ. Гэтэл нийслэлийн хэмжээнд “Рио тинто” компанийн байгуулсан “Рио” парк, MCS компанийн “Сентрал товер”-ын өмнөх зүлэг, бутнаас өөр олигтой орчин алга. Сүхбаатарын талбайд “ногоон хивс” буюу хиймэл зүлэг дэвссэн явдлыг дурдахад ч ичгэвтэр. Гэхдээ л залуучууд, хүүхдүүд тэрхүү хиймэл зүлэг дээр шавчихсан, гутлаа тайлаад тухалж байсан, хөөрхий. Энэ бол ногоон байгууламж, зүлэг ширэг бидэнд ус, агаар шиг л хэрэгтэйн нотолгоо.
С.Дулам