“Тэд төрснөөсөө хойш л нэгнээ мэднэ. Хоолоо хувааж, хамтдаа тоглож, нас бие гүйцээд эргүүлд хамт гарч, дайсантай тулалдахдаа ч хагацаж байсангүй. Гэвч насан туршдаа үнэнч, хагацахгүй мэт харилцаа нь нэг л өдөр тасарч, эвлэршгүй дайснууд болжээ. Хэдэн жилийн өмнөөс тэднийг харилцан түрэмгийлэл, мөргөлдөөн л холбох болсон. Дайсагналцсан найзуудын нэг нь хэсэг хугацааны дараа бага, залуу үеийн найзууддаа зодуулж үхэх болно”.
Энэ бол уран зохиол, кино, жүжиг биш. Энэ бол бодит түүх, өнөөдөр ч үргэлжилж буй үйл явдал. Тодруулбал, хүн төрхт сармагчингуудын өрсөлдөөн, зөрчилдөөн хэрхэн өрнөж буйг өгүүлсэн шинжлэх ухаанд суурилсан судалгааны нийтлэлийн нэг хэсэг юм. АНУ, Хятад, Герман, Уганда зэрэг орны эрдэмтэн, мэргэжилтнүүдийн хамтарсан багийнхан Угандагийн Кибале дархан цаазат үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амьдардаг шимпанзенуудыг урт хугацаанд ажиглаж, судалсан талаараа “Science” сэтгүүлд нийтэлжээ. 1880 онд анх хэвлэгдэж, байгалийн шинжлэх ухааны бүх салбарын дэвшилт судалгаа, нээлт, тойм, нийтлэл зэргийг түгээдэг, долоо хоног тутмын уг сэтгүүлийн дөрөвдүгээр сарын эхний дугаарт нийтэлсэн судалгааны тайланд дурдсанаар Угандагийн онгон байгаль дахь шимпанзегийн овог хоорондын зөрчилдөөн 10 гаруй жилийн өмнөөс эхэлжээ. Эхэндээ хэсэг бүлгээрээ хуваагдаж “явган хэрүүл”, зарга хийцгээж, яваандаа даамжирч нэгнээ намнах хэмжээнд хурцадсан сармагчингуудын мөргөлдөөнийг судлаач, мэргэжилтнүүд “Цуст иргэний дайн” гэж тодорхойлсон байна. Зургаан жилийн хугацаанд 24 нөхрийнхөө амийг хөнөөсөн дайны шалтгаан юу байв.
АЛЬФА ЖЕКСОНЫГ НАМНАХ МӨРГӨЛДӨӨН
Олон улсын судлаачид 1990-ээд оноос Уганда улсын үндэсний цэцэрлэгт хүрээлэн Кибалегийн ширэнгэд нутагладаг Нгого овгийн шимпанзенуудыг ажиглаж эхэлжээ. Ширэнгэн ойгоос холгүй орших Нгого хэмээх толгодын нэрээр “овоглодог”, 200 гаруй гишүүнтэй нэгэн бүлэг овог юм. Энэ нь өнөөгийн байдлаар дэлхийн хэмжээнд зэрлэг шимпанзегийн хамгийн том бүлэг бөгөөд олон талаар маш өргөн хүрээнд судлагдан, танигдсан төрөл зүйлд тооцогддог. Олон жилийн турш хийсэн судалгааны багийнхны тэмдэглэлд “Тэд онцгой мэдрэмжтэй, өндөр оюун ухаантай, нийгмийн нарийн төвөгтэй шатлалаараа ялгардаг. Нгогогийн шимпанзе бүр хувь судлагдахуун “хүн” тул бүгдэд нь нэр өгсөн” хэмээжээ.
Бүлэг дотор нэг альфа эр байдаг. Альфа гэдэг нь нийгэмд манлайлах, давамгайлах байр суурь, эрх мэдэлд хүрэх эрмэлзтэй эр (эрэгчин)-ийг тодорхойлдог этологи буюу амьтны зан үйлийн шинжлэх ухааны нэршил. Сүргийн удирдагч, хамгийн хүчтэй нь гэсэн үг. Бусад нь түүнийг үг дуугүй дагадаг ч сэрэмж болон хяналтаа алдахыг нь “нүд үл цавчин” ажиглаж, огцруулах мөчийг хүлээдэг нь гарцаагүй үнэн бөгөөд тэдний нийгэмд эрх мэдэл бол хамгийн чухал зүйл.
Түүхийн хувьд Нгогогийн шимпанзенууд нутаг дэвсгэрийн эзэмшлээрээ төв болон баруун гэсэн хоёр бүлэгт хуваагддаг байжээ. Хоорондоо найрсаг, бүр албархуу дипломат харилцаатай. Эмэгчингүүдээ солилцож, хоол хүнсээ хувааж, өөр овгийнхны эсрэг хамтарна. Гайхалтай нөхөрлөл. Гэвч 2015 оны зургаадугаар сард тэдний харилцаа нэг л хачирхалтай байгааг судлаачид анзаарчээ. Хоёр бүлгийнхэн уламжлал ёсоороо товлосон газар (нийтийн эзэмшилд тооцогддог хэсэг)-таа цуглаж, найрсаг мэндчилгээний оронд соёогоо гаргаж, ширүүн дүр үзүүлцгээнэ. Хэсэг хугацааны дараа төвийн бүлгийнхэн барууныхны шахалтад өртөх болов. Хагарал даамжирсаар, баруун бүлгийнхэн хөршийнхөө нутаг дэвсгэрт дураар орж, гарах нь нэмэгджээ. Ингэж халдах бүрд зодоон болж, харилцан хүчирхийлэлд автах болсон байна. Урилгагүй зочид 2017 онд төвийн бүлгийн альфа эр буюу толгойлогч Жексоныг ноцтой гэмтээжээ. Энэ мэтээр зөрчилдөөн даамжирсаар 2018-2024 онд нийт 24 шимпанзе мөргөлдөөний улмаас үхсэний 17 нь нялхмонш, долоо нь нас, бие гүйцсэн эрэгчин байв. Мөн хугацаанд төвийн бүлгийн 14 шимпанзе алга болж, цогцос нь ч олдоогүй. Судлаачид энэ талаар “Бүлгүүдэд ямар нэгэн өвчний шинж тэмдэг огт илрээгүй тул сураггүй бологсод түрэмгийллийн золиосонд явсан байх өндөр магадлалтай” гэжээ. Төв хэсгийнхэн хамгийн хүчирхэг олон эрэгч нээ алдаж, Жексон ч хүнд бэртсэн боловч бууж өгсөнгүй. Ер нь толгойлогчид бие хамгаалагчтай байдаг бөгөөд бүлгийн хамгийн биерхүү, хүчирхэг нэгэнд эл үүрэг ногдоно. Жексоны бие хамгаалагчийг Майлс гэдэг. Бүлгийн залуу эрэгчингүүд 32 настай альфаг ил, далдаар эсэргүүцэж, байр суурийг нь авахыг хүснэ. Майлс тэднийг зогсоож үл хүчирнэ. Ингэж гадны өрсөлдөгч бүлгийнхнээс гадна дотоодын сөрөг хүчинтэйгээ үзэлцэх нь толгойлогчид ямар хүнд хэцүү байгааг “Netflix”-ийн “Шимпанзегийн эзэнт гүрэн” баримтат цувралаар харуулжээ. Жексоны хүнд хэцүү амьдралын тухай өгүүлдэг эл бүтээлд түүний нууцыг илчилдэг. Үнэн хэрэгтээ тэр бол баруун бүлэгт төрж, өссөн бөгөөд нас, бие гүйцээд хөршийнхөө хуаранд элсжээ. Энэ бол урвалт юм. Эрдэмтдийн тэмдэглэснээр “Овог, бүлгүүд харилцан хос болон эмэгчин солилцох нь шимпанзегийн амьдралын хууль. Нгого овгийнхон энэ дагуу харилцан найрсаг амьдарч ирсэн ч зөр чилдөөнөөс нэлээд жилийн өмнөөс үл ойлгогдох шалтгааны улмаас төвийн эрэгчингүүд баруун хэсгийн “бүсгүйчүүдтэй” холбогдохоос зайлсхийх, хос сонгоход хойргошоох зэргээр идэвхгүй амьдрах болсныг судалгааны багийнхан анзаар чээ. Баруун бүлгийнхэн харин үржлийн хувьд эрчимтэй хэвээр байж, нарлаг газарт амьдрахын төлөөх өрсөлдөөн илүү эрчимжиж байв”. Чухам энэ үед Жексон эрх мэдлийн төлөөх илүү хялбар замыг сонгож, өөрийн бүлгээс явсан. Энэ нь баруун хэсгийнхнийг өдөөх шалтгаан болсон байх. Жексон төвийн бүлгийн альфа болоход барууныхан түүнийг улам хавчиж, түрэмгийлэх болсны гэрч хацар дээрх гүн сорви нь. Гэрээсээ гарч, айлд эзэн суусан эрэгчин багын найзуудтайгаа зөрчилдөхөөс зайлсхийж байв. Урвалтынх нь төлөөх шийтгэлд бүлгийнхэн нь өртсөнд гэмшсэн байж мэднэ.
Баримтат кино бүтээгчид, судлаачид Нгогогийн хоёр бүлэг тулалдаж буйг хэдэнтээ баталгаажуулж, баримтжуулж чадсаны нэгд нь Жексон нөхдийнхөө хамт хэрхэн шархадсан нь тод буужээ. Энэ нөхцөлд төвийн хэсгийн сөрөг хүчин нийтийн эрх ашгийн төлөө толгойлогчтойгоо түр эвлэрчээ. Гэхдээ энэ нь Жексоныг дэмжсэн хэрэг биш гэдэг нь дараагийн мөргөлдөөний үеэр илүү баталгааждаг. Эл мөргөлдөөнөөс хэсэг хугацааны дараа төвийнхний газар нутагт дахин халдсан баруун хэсгийнхэн Жексоныг ойд ганцаараа байгааг мэдэв. Олон жилийн өмнө хамтдаа бүхнийг хийж, тоглож наадаж өссөн, урхинд орж, өрөөсөн гараа алдах хүртлээ баруун бүлгийн толгойлогч байсан Ричмонд хэмээх эрэгчин Жексоныг үүрд үдэх цохилтыг хийлээ.
Америкийн судлаач Аарон Сандел “Өрсөлдөх нь шимпанзегийн төрөлх мөн чанарын нэг. Олон төрөл зүйл сармагчны овог, бүлэг хооронд дайсагнал байсаар ирсэн. Тэдний амьдрал бол байнгын зөрчилдөөн, амьд үлдэхийн төлөөх тэмцэл. Гэхдээ тэмцэл өөр овог, бүлгүүдийн хооронд өрнөдөг бол Нгого бүлгийнхний хувьд “угшил” нэгтэй, ижил төрөл зүйл. Тэдний өрсөлдөөн бол нэг биеэ огтолсонтой утга нэг. Хүн төрөлхтний түүхэн дэх иргэний дайнуудын нийтлэг хэв шинж шимпанзенуудын сөргөөлдөөний үеэр ч ажиглагдсан. Тэд бидэнтэй зөвхөн төрх байдлаараа биш, адилтгах зэрэгцүүлэх өөр зүйлүүд ч бий” гэж тайлбарлав. Тэрбээр 30 гаруй жил Нгогогийн “нөхдүүдтэй” холбогдож, бараг хамт амьдарсан бөгөөд тэрхүү нийгмийн дунд 2014 оноос хагарал эхэлсэн гэж үздэг. Түүний баталж буйгаар тэдний нийгэмд ч хүнийхтэй адил энх тайван тогтоогч, чухал үүрэгтэй нэгэн байдаг. Нгогогийн тийм нэгэн лидер цар тахлын үеэр хорвоог орхисон нь суларч, доройтох бас нэгэн шалтгаан байжээ. Тэгвэл Мичиганы их сургуулийн судлаач Жон Митани шимпанзенуудын зөрчил, хуваагдлыг нийгмийн амжилт, хүчирхэгжилттэй холбон тайлбарладаг. Түүнийхээр бол Нгогогийн нийгэм хэт томорсон байв. Ихэвчлэн нэг бүлэт 50-60 гишүүнтэй байдаг. Нгого харин оргил үедээ 200 гаруй тоо толгойтой болсон. Энэ нь зохицож чадахгүйд хүргэж, нийгмийнх нь холбоос тасарсан. Харин Германы судлаач Кэтрин Крокфорд “Тэдний хооронд соёлын ялгаа бий болж, дайсагналыг хурцатгахад нөлөөлсөн байж болзошгүй” гэж үзсэн. Түүнийхээр бол шимпанзе өшөө авахын тулд нэгнээ хөнөөх боломжгүй. Тийм сэдэл ч гарахгүй. Шимпанзегийн иргэний дайныг судалсан багийнхан “Энэ бол бидний хамгийн ойрын төрөл төрөгсөд. ДНХ нь хүмүүсийнхтэй 98 гаруй хувь ижил. Тиймээс тэдний иргэний дайн хүн төрөлхтний цэргийн мөргөлдөөнөөс бараг ялгагдахгүй байгаа нь гайхах зүйл биш. Манай баатар Жексоны эрх мэдлийг булаахын тулд төвийн сөрөг хүчний удирдагч Адамс бие хамгаалагч Майлсыг нь илүүтэй халамжилж, шимэгчийг нь түүх, тоос шороог нь цэвэрлэх зэргээр “урхидаж” байсан. Гэвч толгойлогч үүнийг нь мэдсэнээр хуйвалдааныг тасалж чадсан. Үүнээс гадна амьтдын нийгэмд гадуурхагдах үзэгдэл бий. Иймтохиолдолд хүлээн зөвшөөрөгдөхийн төлөөх тэмцэл өрнөдөг. Нгогогийн төвийн бүлэгт 14 настай, Газ хэмээх өсвөр насны эрэгчин гадуурхагдаж байсан. Эхэндээ тэрээр Адамсыг арчилж, итгэлийг нь олж авахыг оролдсон ч нөгөөх нь үл тоосон. Газ аргаа өөрчлөн, байр сууриа олохоор эргүүлд идэвхтэй гарч, хоёр монштой эмэгчинд тусалжөөрийгөө батлахаар оролдсон.Толгойлогч Жексон үгүй болсны дараа түүнийг бүлгийнхэн нь таньж, ойшоож эхэлснээр байр сууриа бүрэн олсон. Энэ бүхэн яг л хүний нийгмийн хувилбар” гэж онцолсон бол А.Сандел “Тэд чанга хашхиран хэрэлдэж, бие биеэ хөөж туудаг ч гэлээ хэсэг хугацааны дараа юу ч болоогүй мэт нэгнийхээ шимэгчийг түүж, тэврэлдэх нь бидний амьдралыг санагдуулдаг” гэжээ. Шимпанзе устах аюулд орсон тул дайн онцгой аюултай. Судалгаагаар ийм том хэмжээний мөргөлдөөн 500 жилд нэг удаа тохиолдох магадлалтай. Үүнд хүний үйл ажиллагаа ч их нөлөөтэй. Шимпанзегийн нийгмийн эв нэгдлийг алдагдуулахад ой модыг устгах, уур амьсгалын өөрчлөлт, аливаа халдварын дэгдэлт гэхчлэн хүний үйл ажиллагаа багагүй нөлөөтэй гэдгийг А.Сандел сануулжээ. Тэгвэл Нгогогийн овгийнхон саяхнаас дахин толхилцож эхэлснийг “Science”-д өгүүлжээ.
“ДӨРВӨН ЖИЛИЙН ДАЙН”
Тэгвэл энэ амьтны түүхэнд Нгогогийнх шиг зөрчилдөөн өмнө нь байсан уу. Британийн судлаач Ричард Рэнгем 1970-аад онд хэвлүүлсэн “Чөтгөрийн эрэгчингүүд: Сармагчингууд ба хүний хүчирхийллийн түүх” номдоо Танзани улсын Гомбе үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шимпанзенуудын хуваагдлын талаар маш тодорхой баримтууд өгүүлсэн байдаг. Нэрт эрдэмтэн, “Сармагчны эх” хэмээдэг Жейн Гудолл (1934-2025. НҮБ-ын элч, судлаач, шимпанзе судлалд 45 жил зарцуулсан тэрбээр 1977 онд “Жейн Гудоллын хү рээлэн” байгуулсан нь өдгөө 25 гаруй салбартай бөгөөд Африкийн байгалийн баялгийг хамгаалах, хөгжлийг дэмжих зорилготой хөтөлбөрүүдээрээ алдартай) энэ зөрчлийн талаар судалжээ. Сармагчингуудын хагарал олон жил үргэлжлэн, гүнзгийрсэн. Гудоллын “Дөрвөн жилийн дайн” хэмээн тодорхойлсон зөрчилдөөний улмаас долоон шимпанзе үрэгджээ. Гомбе овгийн шим панзенуудын дайны үед Нгогогийнтой төстэй үйл явдлууд болсон. Нөхөн үржихүйн өрсөлдөөн нэмэгдэж, хэд хэдэн альфа болон энхийг сахиулагч золиос болсон. Энэ бүхнийг баталгаажуулж тэмдэглэн, өгүүлсэн эрдэмтэн эмэгтэйг ХХ зууны төгсгөлд ч салбарынхан нь үгүйсгэж, “Сармагчны дайн гэж байхгүй” гэж эсэргүүцэж байв. Дайны шалтгааны тал дээр Гудоллтой санал нийлэхгүй ч тийм мөргөлдөөнийг хүлээн зөвшөөрсөн цөөхөн судлаач харин Гомбегийн дайныг хүний оролцооноос үүдэлтэй гэж үзжээ.
1974-1978 онд Танзанид болсон мөргөлдөөний талаар Гудолл “Тэд яг л хүн шиг харгис үйлдэл хийсэн. Шимпанзенууд хоёр бүлэгт хуваагдан, нэгнээ зохион байгуулалттайгаар хөнөөсөн нь энэ амьтан геноцид хийх чадвартайг харуулсан” гэж онцолсон. Энэ нь ердийн мөргөлдөөнөөс ялгаатай нь дайсагналцсан Кахама бүлгийн эрэгчнүүд системтэйгээр устгаж, төлөвлөгөөний дагуу дайралт хийж, олзолж, зориуд хүнд бэртээж, цусыг нь уух зэргээр харгислал үйлдсэн хэмээдэг. 1974 оны нэгдүгээр сард Гомбегийн Касакела бүлгийн найман эрэгчин Кахама бүлгийн нэг шимпанзег модон дээрээс буулгаж, бүлэглэн зодсоноос үүдэлтэй дайн энэ төрөл зүйлийн талаарх ойлголтыг өөрчилж, хүнтэй илүү адил болохыг нь баталжээ. Гудолл “Шимпанзе хүмүүстэй олон талаараа гайхалтай төстэй боловч ерөнхийдөө биднээс хамаагүй “сайхан сэтгэлтэй” гэдэгт би олон жилийн турш итгэж ирсэн. Гэтэл тодорхой нөхцөл байдалд тэд ч бидэн шиг харгис байж чаддаг харанхуй талтайг би харсан” гэж тэмдэглэсэн байна.
Тодруулга Хүн төрхт сармагчин (гоминоид) нь анатомийн хувьд хүнтэй хамгийн ойр амьтан. Үүнд шимпанзе, горилла, орангутан, гиббон багтдаг бөгөөд бүгд нийгмийн зохион байгуулалттай, өндөр идэвхтэй, толинд хараад өөрийгөө таних зэрэг чадвартай. Сармагчны бусад төрөл зүйлээс ялгаатай нь тэд сүүлгүй, том тархитай. Биологийн үүднээс авч үзвэл хомо сапиенс ч энэхүү супер гэр бүлд багтдаг. Ойролцоогоор 30 сая жилийн өмнө буюу Кайнозойн эриний Палеогенийн гурав дахь Олигоцений үеийн төгсгөлд үүссэн гэж үздэг.
Сонирхолтой баримт: •Шимпанзе самар хагалахдаа чулуу ашиглах, савааг үзүүрлэн жад болгох, үүнийгээ ирлэж, хурцлах зэргээр аливааг ухамсартай хэрэглэж чаддаг. Хүний эвшээхийг хараад зөнгөөрөө адил үйлдэл хийдэг “чадвар” шимпанзед л бий. •Бонобо (шимпанзегийн нэг төрөл) түрэмгийлэл биш, нийгмийн харилцаа холбоогоор дамжуулан зөрчилдөөнийг шийдвэрлэх, ойлгох чадвараараа алдартай. •Дэлхийн хамгийн том сармагчин болох горилла устах аюулд орсон нь хүний үйл ажиллагаатай шууд холбоотой. Насанд хүрсэн эрэгчин хоёр хүртэл метр өндөр, цээжний өргөн нь дунджаар нэг метр, 200 кг жин татдаг энэ амьтан нударга зангидан тулж явдаг. Сармагчны бүх төрөл зүйлээс шимпанзе, горрилла л ийм чадвартай. ДНХ нь хүнийхтэй 95 давсан хувиар төстэй, хүнтэй харилцах талдаа шимпанзе шиг гаргууд бөгөөд тархины хэмжээ нь ойролцоогоор 600 шоо см. Төлөө тээх хугацаа нь 8.5 сар бөгөөд сэлж чадна.
Э.Хана