Далайн түвшнээс дээш 8 848 метрийн өндөрт орших Эверестийн оргилд өнгөрсөн тавдугаар сарын 17-нд гарсан 18 дахь монгол уулчин Б.Нэргүйтэй ярилцлаа.
-Дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарсан 18 дахь монгол уулчин болж, түүх бүтээгээд ирлээ. Хэдий хэр хугацаанд бэлтгэл хийж, зорьсондоо хүрэв?
-Сүүлийн хоёр, гурван жил л нэлээд эрчимтэй уулын спортоор хичээллэсэн. Хэт өндөр ууланд авирагсдыг бэлддэг “Жаргалант” гээд мэргэжлийн клубийнхэнтэй хамт Монголынхоо олон сайхан хайрхан дээр гарсан. Богд уулаас эхлээд Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхан, Хангайн нурууны ноён оргил гэж сүүлд тооцогдох болсон (Отгонтэнгэр хайрхны ослоос хойш тийшээ уулчид гарахыг хориглосон тул) Их богд, баруун тийш Сутай, Цамбагарав, Алтай таван богд гэхчлэн Алтайн нурууны ноён оргилуудад авирч, бэлтгэл базаалаа. Олон жил энэ спортоор хичээллэсэн туршлагатай уулчдынхаа дэмжлэгтэйгээр зорьсон зорилгодоо хүрсэндээ баяртай байна.
Балбын “8К” гээд хувийн компаниар дамжуулан, олон улсын экспедицийнхэнтэй хамт Монголоос ганцаараа явсан. Америк, Герман, Итали, Пакистан, Балба, Монголын 10-аад уулчинтай манай баг энэ жилийн Эверестийн хамгийн эхний гарааны авирагчид байсан. Бүгд амжилттай оргилдлоо. Багийнхныхаа цувааны түрүүнд би явсан, сүүлчийнх нь тавдугаар сарын 29-нд гараад аяллаа дуусгацгаасан. Миний хувьд Монгол руу буцах хугацаа нэлээд шахуу байсан учраас түрүүлээд ирсэн.
-Уулын спортод таны үеийнхэн дундаж насандаа орох уу, ахимаг тал руугаа юу. “Би ер нь Эверест рүү гарч болохоор юм биш үү” гэсэн бодол хэзээнээс төрсөн бэ?
-Уулын спортоор бүх насныхан хичээллэх боломжтой байдаг. Гэхдээ яг Эверестийн оргил руу зорьж байгаа уулчид дундаа бол би ахимаг настайдаа орохоор юм билээ. Ялангуяа над шиг төрийн алба, хувь, хувьсгалын ажил гээд завгүй явсан хүнд бол жаахан хожуу эхэлсэн замнал гэж болохоор. Гэхдээ би Налайхынхаа хойд талын уул руу гэр бүлийнхээ хүнтэй байнга гардаг байсан. Далайн түвшнээс дээш 1400 орчим метр өндөртэй уул л даа. Ер нь манайхан аль болох л спортоор хичээллэж, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг гэр бүл. 6000, 7000, 8000 метр өндөртэй ууланд авирсан уулчидтай нөхөрлөж, хамт бэлтгэл хийж явахдаа “хамгийн оргилд нь зүтгээд үзье” гэсэн бодол тээсэн. Тэгээд ажил, амьдралын зав, тохиол бүрдэж, бэлтгэл ч чамбайрсан үе нь энэ цаг мөч байж таарлаа. Аливаа юм бүхэн өөр өөрийн цаг хугацаатай байдаг шүү дээ.
-Эверестийг зорих зам амаргүй нь мэдээж. Алхам, гишгэдэл болгон үхэлтэй өрсөж яваа хүмүүст дээшлэх тусам юм бодох ч сөхөөгүй байдаг болов уу. Хамгийн том сорилт юу байв?
-Дөрөвдүгээр сарын 3-нд Катмандуд буугаад, далайн түвшнээс дээш 2700 метр өндөрт орших Лукла тосгоноос авиралтаа эхлүүлж, үндсэн отог буюу 5300 метр хүртэл 7-8 хоног явж байгаа юм. Үндсэн отогт нэг сар орчим байрлаж, тэр хавиарх оргилуудад гарч өндрийн болон мөсний бэлтгэл хийх, хүчилтөрөгч багатай орчинд биеэ дасгах зэргээр бэлдэж байгаад тавдугаар сарын 6-наас кемп хоёр луугаа хүртэл авирсан. Энэ жилийн нэг онцлог нь Хумбу мөсөн гол цууралт ихтэй, дээрээс мөс унаж ирэх эрсдэл их байсан учраас Эверестийн оргилд мацах замыг нэлээд оройтож нээсэн. Балбын Засгийн газраас уулчдын аюулгүй байдлыг хангахаар мэргэжлийн багийнхан гаргаж, 60, 70 метр өндөртэй мөсөн ханануудад авирах олс, бэхэлгээг хийж бэлддэг юм билээ. Тэр бэлтгэл ажил энэ жил тавдугаар сарын 10-д дууссан. Дөрөвдүгээр кемп буюу 8000 метрээс дээш авиралтыг үхлийн бүс гэдэг учраас алхам болгон л эрсдэлтэй. Гэхдээ надад тэр хүртэлх нэг сар орчмын бэлтгэлийн хугацаа хүнд санагдсан. Хамгийн гол нь хүчилтөрөгчийн дутагдалтай орчинд дасна гэдэг амаргүй. Энгийн үед бид нэгэндээ амарч тэнхрэхийн тулд сайн идэж, уугаад, нойроо аваарай гэдэг. Гэтэл тэнд бол нойр, хоол ер бодогдохгүй. Харин өөрт ногдсон хэмжээтэй хүчилтөрөгчөөсөө маш багаханыг нэмж хэрэглэхэд л хүний эрч хүч, тамир тэнхээ шал ондоо болдог. Дээшлэх тусам агааргүйдэж, тэр хэрээр хөдөлгөөн өөрийн эрхгүй удаашраад, цуцаад ирнэ. Тэгээд хүчилтөрөгчөөсөө жаахан нэмэхэд л хөл, гар илт чангараад, бөөн витамин нэг дор хэрэглэсэн юм шиг болдог. Тийм нөхцөлд үнэхээр ямар нэг зүйл бодох завдал гардаггүй юм билээ. Зөвхөн амьсгалдаа төвлөрөөд, шерпагийнхаа мөрөөр алхаагаа тохируулаад урагшлах л ганц зорилготой. Шерпа нар нь өөрсдөө бол тухайн орчиндоо дасчихсан учраас 1-2 баллонтой хү чилтөрөгчөөр авираад, буугаад ирдэг гэсэн. Манайханд бол нормтой, гурван баллон хүчилтөрөгчөө зөв хуваарилж, гамтай хэрэглэх нь амаргүй сорилт байсан.
-Тал нутагтаа цээж дүүрэн амьсгалж өссөн монголчуудад үнэхээр тэр бол чанга даваа байх шүү. Оргилд нь гарсны дараа ямар мэдрэмж төрсөн бэ?
-7900 метрээс дээш авирахаар дөрөвдүгээр кемпэд тавдугаар сарын 16-ны орой очиход “Энэ авиралтыг хийгээд бууж ирэхэд танд ийм гурван баллон хүчилтөрөгч л байгаа шүү. Үүнийг хүргээрэй” гэсэн. Үндсэндээ амьдрал маань бүхлээрээ тэр гурван баллонтой хүчилтөрөгчөөс шалтгаалах болчхоод байхад илүү, дутуу зүйлд сатаарах эрх байхгүй. Үдэш 22.00 цаг өнгөрөөгөөд авирч эхэлсэн, 05.00 цаг гэхэд 8400-8500 метр орчимд хүрсэн. Урьдчилж бэлдсэн олс нь хүчтэй цасан шуурганд дарагдсан байсан тул шерба нар түрүүлж яваад, татаж гаргасан юм. Ингээд бид сүүлчийн дайралтаа цааш хийж, 17-ны 09.00 цаг арай болоогүй байхад оргилд гарсан. Эверестийн тэр өндөр оргилд зогсож байгаадаа итгэхийн аргагүй юм билээ. Өөрийгөө чимхэж үзнэ гэдэг шиг л итгэмээргүй мэдрэмж. Урьд нь төсөөлөхдөө оргилд гарахаараа ийм тийм зураг авхуулна гээд олон газрын туг далбаа авч явсан. Гэтэл юун тэр оргилд далбаанууд дэлгээд зогсоод байх боломжгүй. Монгол Улсынхаа Төрийн далбааг энгэртээ хийсэн байснаа гарган, эх нутгийнхаа зүг харж мандуулаад, “уухай” хашхирах тэр мөч хэдий богинохон ч гэлээ үнэхээр бахархам сайхан байсан. Цуваагаар араас ирж байгаа хүмүүстээ зам тавьж өгөх ёстой учраас 10-15 секунд л болсон байх. Оргилдоод уруудахад өгсөхөөсөө илүү хэнцүү учраас нэлээд цаг зарцуулсан.
-Хүн амьдралынхаа туршид олон сайхан дурсамж, сургамж, ухаарал авдаг. Эверестийн аяллаас танд үлдсэн хамгийн үнэ цэнтэй зүйл нь юу байв?
-Монгол хүн болж төрснөөрөө л хамгийн их бахархлаа. Монголын уудам саруул талд цэвэр тунгалаг агаараар цээж дүүрэн амьсгалж өссөн минь хэчнээн том хувь заяа вэ гэж өөрийн эрхгүй бодогдсон шүү. Бид ямар их эрх чөлөөтэй улс вэ, яасан сайхан эх оронд онож төрөө вэ гэдгээ илүү ойлгож ухаарсан. Хүн хоол идэхгүйгээр сар өлхөн тэсдэг гэдэг. Үүнийг сая би биеэрээ мэдэрлээ. Усгүй бас 10-аад хоног болчих байх. Нойргүйгээр бас нэлээд олон хоног яваад байж болдгийг тэдгээр өдрүүдэд өөр дээрээ бодитоор харсан. Харин амьсгалах агааргүй бол хүн хэдэн секунд амьд байж чадах билээ. “Сэр сэр салхитай сэрүүн бумбын орон” гэж өвөг дээдэс минь яасан сайхан онож нэрлээ вэ. Ийм баян тансаг эх орондоо монголчууд бид хэчнээн жаргалтай, яасан тааваараа ажиллаж, амьдарч байгаа юм дээ гэж бодогдлоо. Тэнд хүмүүс цаг хором бүрд амь өрссөн хүнд хүчир ажлыг хойш суух эрхгүй хийж, амьжиргаагаа залгуулж байгааг харах амаргүй л санагдсан.
-Та сая 90-ээд оны залуухан шербатай Эверестийн оргилд гарсан гэсэн. Монгол уулчдын онцлог гэж ер нь байна уу?
-Монголын уулчид хүч тамир сайтай, тэндхийн хүмүүсээс дутахааргүй өндөрлөг газарт дасан зохицох чадвартай гэдгийг шерпа нар ярьдаг юм байна. Манай орны байгаль цаг агаарын онцлог, эрс тэс орчин нөхцөл нь өөрөө монгол хүнийг уулын спортоор хичээллэх бүрэн боломжтой болгодог аж. Тэнд очоод бусад орны уулчидтай ойр бэлтгэл хийхэд ч тиймэрхүү тал ажиглагдсан. Уугуул шерпа нарын гол ялгаа нь 6400 метрээс дээш, 2-3 дугаар кемпээс цааших авиралт дээр л харагддаг. Аргагүй орчин нөхцөлдөө дасан зохицсон байдаг учраас тэдний хүчилтөрөгчийн зарцуулалт маш бага.
-Уулын спортод үйлчилдэг хамгийн чухал дүрэм таныхаар юу вэ?
-Уулан дээр тухайн хувь хүнээс өөрөөс нь олон зүйл шалтаална. Тухайн хүний төрөлх өгөгдөл, бие организм, эрүүл мэнд, сэтгэл зүйн бэлтгэл ямар байгаагаас бүх зүйл хамаардаг гэж л хэлнэ. Өөрийгөө хуурах ямар ч боломжгүй. Жишээ нь, өндрийн болон мөсний авиралтын бэлтгэл хийж байгаад халшраад болилоо гэхэд ухрах зам байхгүй. Анхаарал, болгоомжгүйгээс болоод хөл алдахад л юу болох билээ. Тиймээс ууланд зорьж очиж буй хүмүүс бэлтгэл болгоныг эхний бөгөөд сүүлчийнх мэт бодож, чин сэтгэлээсээ хийдэг. Бас миний бодож, итгэж явдаг зүйл бол уулын спорт гэдэг дээд тэнгэр, дэргэдэх уул, ус, байгаль дэлхийн таалалд байдаг зүйл. Хүний аз гэж бас нэг юм бий. Сая анзаарахад тэр нутгийн сайхан залуу чууд, уулын спортын туршлагатай мастерууд мөс цасанд дарагдаад амь насаа алдах, хүндээр гэмтэж бэртэх тохиолдол гарч л байлаа. Үүгээрээ уулын спорт бас эрсдэлтэй.
-Та оргилд гарахын өмнө гэрийнхэнтэйгээ хэзээ хамгийн сүүлд холбоо барьсан бэ. Аюулгүй буугаад холбоо барихад хүртэл нь тэвдэж, санаа зовнисон байж таарна.
-Сүүлд тавдугаар сарын 13-нд холбоо барихдаа “Бүх бэлтгэл сайн хангагдсан. Битгий санаа зовоорой. Сайн залбираад л байж байгаарай” гээд өгссөн. Тэгээд 18-ны үдээс хойш бууж ирэхэд надаас түрүүлээд бүх мэдээлэл тарсан байсан. Шерпа нар маань станцаараа дамжуулаад компани руугаа мэдээллээ цаг тухай бүрд нь өгдөг юм билээ. Аюулгүй оргилдоод буусан тухай мэдээд манайхан маш их уйлсан гэсэн. Мэдээжхүний ар гэрийнхэн л болсон хойно сайн юм бодохоосоо илүү саар муу зүйл тохиолдох вий гээд байж болох бүхий л эрсдэлтэй талыг нь тооцдог шиг байгаа юм.
-Та Ховдынх бил үү. Нутаг ус, бага нас, гэр бүлийнхнийхээ тухай яриач?
-Би Ховд аймгийн Булган сумд төрж, өссөн. Зургаан хүүхэдтэй айлын ууган нь. Дүү нар маань ч олон төрлийн спортоор хичээллэдэг. Монгол Улсын баруун хязгаар Алтайн сүрлэг уулсын дунд нутаг минь бий. Манай Булган бол торгууд ястны өлгий нутаг. Торгуудууд Монголын түүхэнд ихээхэн хувь нэмэр оруулсан шүү дээ. Ялангуяа Эзэн Чингисийг хаан ширээнд суухад торгон цэргийн үүрэг гүйцэтгэж, түмэн хишигтэнд багтаж явсан. Улсынхаа тусгаар тогтнол, дархан хилийн төлөө манай өвөг дээдэс үе удмаараа тэмцэж явсан хүмүүс. Манайхан төрж өссөн нутгаараа маш их бахархдаг. Адуучийн салаа, Хоржийн их цэнхэр дов гээд Алтайн нурууны өндөр сайхан хайрхдаар аав минь нутагладаг байлаа. Далайн түвшнээс дээш 2800-3000 метр өндөрт өргөгдсөн уулсын хяраар адуу мал хариулж явсных хувь хүний хөгжил, бие, сэтгэл зүйн хат суухад тодорхой хэмжээнд нөлөөлдөг байх. Тэр сайхан хангай дэлхий, уул усандаа залбираад л явсан. Төрж өссөн нутаг, мөнх тэнгэр, эх орон, эрхт төрийн минь сүлд таалж саадгүй яваад ирлээ.
Явахаасаа долоо хоногийн өмнө дүү нартайгаа уулзахад гэр бүлийн хурлаар гэнэт оруулаад “Хэн ер нь таныг тийшээ явахыг зөвшөөрсөн юм. Санал хураана” гээд болиулах шахсан тал бий. Эхнэр, хүүхэд, дүү нар, гэр бүлийнхний хувьд уулын спортын авиралт болгон л хүнд тусдаг шиг байгаа юм. Уг нь би хэдэн жилийн өмнөөс л том зорилгоо гэрийнхэндээ дуулгаад, бага багаар дасгаад байсан. Гэхдээ яг тулаад ирэхээр гэрийнхэнд үнэхээр яггүй байдаг бололтой.
-Уулын спортоор хичээллэснийх хамгийн том зорилгоо биелүүлсний дараа сэтгэл амраад хоосорсон уу, үгүй юү. Ер нь хувь хүнийхээ үүднээс таны дараагийн зорилго юу вэ?
-Дараагийн оргилд гарах тухай бодол одоогоор алга. Гэхдээ хүний амьдрал баялаг. Нэг мэдэхэд дахиад өөр оргил мөрөөдөөд явж байхыг үгүйсгэхгүй. Би хилийн цэргийн сургуульд суралцаж, тэнд алба хааж байсных хил хамгаалах байгууллагынхаа далбааг сая авч явсан. Налайх дүүрэгтээ олон жил ажиллаж, амьдарч буйнх, бас нийслэлийн ИТХ-д сонгогдон ажиллаж байсны хувьд дүүрэг, нийслэлийнхээ далбааг ч хамт аваад явсан. Хэдийгээр тэр хүчтэй шуургатай өндөр оргилд удах аргагүй, цаг хугацаа үнэхээр давчуу байсан ч төрийнхөө гурван байгууллагын далбааг мандуулж, түмэн олныхоо ажил үйлсийг өөдрөг яваасай гэж залбираад амжсан шүү.
Миний амьдралдаа баримталдаг нэг зарчим бий. Аливаа зүйлийн тун хэмжээг нь тааруулах ухаан хувь хүнд төдийгүй улс үндэстэнд ч чухал гэж. “Too much no good” гэдэг дээ. Өнөөгийн дэлхий ертөнцийн техник, технологи өндөр хөгжсөн нийгэмд монголчууд бид араас нь элдэж хөөж, заавал гүйцэх гэхийн оронд жаахан амсхийгээд хармаар санагддаг. Бид чинь хэн билээ, юуны төлөө хар эрчээрээ яваад байна вэ, энэ зам монголчуудад яг тохирох уу гэдгийг хөндлөнгөөс ажаад, эргэцүүлмээр. Нийгмийн оюун санааг залж чиглүүлдэг оюунлаг, сэхээтэн, эрдэм мэдлэгтэй хүмүүсийнхээ үгийг сонсож, бодит нөхцөл байдлыг арай дээрээс, илүү өндөрлөгөөс анзаарч хармаар байна. Хэрэв бид үнэхээр зөв замаар замнаж байвал хоёрын хооронд биш, бүр явсан шиг явах хэрэгтэй.
Л.Ганчимэг