NBA-ийн 2025 оны драфтын сугалаанд ялснаар “Даллас маверикс” баг Л.Дончичийн дараах эрин үеэ амжилттай эхлүүлэх бүрэн боломжтой боллоо. Уг сугалаанд ялах ердөө 1.8 хувийн боломж тус багт байсан бөгөөд энэ нь драфтын түүхэн дэх хамгийн “азтай” тохиолдол аж. Өөрөөр хэлбэл, “Даллас” баг 10 байр ахиж, драфтын эхний сонголтыг хийх боломжтой болж байна. Тэр сонголт нь мэдээж Дьюкийн их сургуулийн залуу од Күүпер Флагг байх биз ээ.
Ийнхүү супер од Л.Дончичийг өнгөрсөн хоёрдугаар сард “Лейкерс” баг руу явуулснаар хөгжөөн дэмжигчдээсээ асар их шүүмжлэл сонссон тус багийн удирдлага ирээдүйгээ өөдрөгөөр харах боломж бүрдэжбайна. “Мавсын фэнүүдэд үүнээс сайхан өдөр гэж байхгүй биз ээ. Үнэхээр онцгой үйл явдал боллоо. Даллас хот руу буцах гэж яарч байна” хэмээн драфтын сугалаанд багаа төлөөлөн оролцсон “Маверикс”-ийн гүйцэтгэх захирал Р.Велтс ярьжээ.
К.Флагг 2023 оны наймдугаар сард дунд сургуулиа төгсөж, 17 настайдаа коллежод элссэнээс хойш NBA-ийн драфтад дээгүүр бичигдэх авьяаслаг тоглогч хэмээгдэж байсан юм. Үнэхээр ч тэрбээр олны таамаглалаас давсан амжилтыг энэ улиралд үзүүлж, үндэсний хэмжээнд оюутан тоглогчид олгодог бараг бүх шагналыг хамснаас гадна Дьюкийн их сургуулийн багаа шилдэг дөрөвт шалгаруулсан. К.Флагг энэ улиралд 19.2 оноо, 7.5 самбар, 4.2 дамжуулалт дунджилсан юм.
Түүнээс гадна Рютгерийн их сургуулийн Дайлан Харпер, Эйс Бэйли болон Бэйлорын В.Ж.Эжкомб, Техасын Тре Жонсон, Оклахомагийн Жеремиа Фиарс, Дьюкийн Каман Малуач нар энэ жилийн драфтад дээгүүр сонгогдох бүрэн боломжтойд тооцогдож байна.
Драфтаас тоглогч сонгох удаах эрхүүдийг “Сан-Антонио”, “Филадельфи”, “Шарлотт” баг өөрийн болгожээ. Харин энэ улиралд тун муу амжилт үзүүлж, улмаар драфтаас дээгүүр сонголт хийх 14 хувийн боломжтой байсан “Юта”, “Вашингтон”, 12.5 хувийн боломжтой “Нью-Орлеанс” баг азгүй байлаа.
Багуудыг зориудаар олон ялагдаж, драфтын тэргүүнийг сонгох боломжоо нэмэгдүүлэхийг нь зогсоох зорилгоор 2019 оноос хойш хэрэгжүүлсэн уг шинэ системийн хүрээнд хамгийн муу амжилттай баг нэг ч удаа драфтын сугалаанд ялаагүй байгаа нь сонирхолтой.
NBA NEWS
• Плей-оффын эхний шатанд гурван жил дараалан ялагдсаны дараа лигийн хоёр удаагийн үнэ цэнтэй тоглогч Я.Антетокунмпо “Милуоки” багтаа үлдэх, эсэх талаар шинжээчид эргэлзэж эхэлсэн. Тэгвэл Яннис өөр багт очих, эсэх талаар судлахболсонталаар эх сурвалжууд ES¬PN-д мэдээлсэн байна. Хэрэв тэрбээр “Бакс”-тай ойлголцож чадахгүй, өөр багт очих хүсэлтээ илэрхийлбэл энэ нь лигийн бүх багийн хувь заяаг эрс өөрчлөх шийдвэр болох нь гарцаагүй.
Я.Антетокунмпо энэ улиралд 67 тоглолтод оролцохдоо 30.4 оноо, 11.9 самбар, 6.5 дамжуулалт дунджилсан агаад хоёр улирал дараалж 30-10-5 гэсэн үзүүлэлтийг 60 хувийн оновчтой довтолгооноор үзүүлжээ. Лигийн түүхэнд иймамжилт үзүүлсэн өөр тоглогч байдаггүй юм.
•NBA-ийн тоглолтуудыг дамжуулах NBC сувагт М.Жордан ирэх улирлаас тусгай үүрэгтэйгээр оролцох болжээ. Тус суваг 2002 оноос хойш анх удаа NBA-г шууд дамжуулах бөгөөд тус лигтэй 11 жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм. Гэхдээ домогт тоглогчийг тус сувагт ямар үүрэгтэй ажиллах талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна.
•“Бостон”-ы лидер Ж.Тэйтум“Нью-Йорк никс”-ийн эсрэг цувралын дөрөв дэх тоглолтын IV үед баруун хөлдөө хүнд гэмтэл авч талбайг орхилоо. Уг тоглолтод тэрбээр 42 оноо авч багаа тэргүүлж байсан юм. “Никс” эл тоглолтод ялснаар цувралыг 3:1-ээр тэргүүлж эхэлсэн бөгөөд Ж.Тэйтум хэрэв дараагийн тоглолтуудад оролцохгүй бол өнгөрсөн жилийн аваргууд улирлаа эрт өндөрлүүлэх эрсдэлтэй болно.