Сагсан бөмбөгийн 16 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болох гэнэ. Энэ сарын 31-нээс ирэх сарын 7 хүртэл “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуудагдах тус тэмцээнд Азийн шилдэг 16 баг өрсөлдөх аж.
Монголын сагсан бөмбөгийн холбооныхон “Азийн АШТ-д сагсан бөмбөгийн спортын ирээдүйн одууд цугларна. Тэр ч утгаараа өрсөлдөөн ширүүн, чансаа өндөртэй болдог. Манай улсын өргөтгөсөн багийн бүрэлдэхүүнд 16 тоглогч байдаг. Үүнээс 12 нь эх орноо төлөөлөн оролцоно. С хэсэгт манай баг БНХАУ, БНСУ, Малайзын шигшээтэй учраа таарсан” гэлээ.
Ташрамд дурдахад, Азийн их, дээд сургуулиудын оюутны лигийн аварга багууд БНХАУ-ын Ханжоу хотноо энэ сарын 18-25-нд нүүр тулна. Тивийн аварга шалгаруулах энэхүү тэмцээнд 12 баг хүч үзэх бөгөөд Монголын “Этүгэн ирвэсүүд” мөн багтжээ. Үндэсний оюутны лигийн гурван удаагийн аварга тэд анх удаа эх орноо төлөөлж, Азид өрсөлдөх гэж буй нь энэ. “Этүгэн ирвэсүүд” Гавьяат дасгалжуулагч О.Баярцогтын удирдлага дор Ханжоу хотыг удахгүй зорино.
М.Гэгээ