
Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч Э.Үнэнбат албан үүргээ гүйцэтгэж явахдаа түлэгдсэн хэрэг гарсан билээ. Энэ талаар “Босоо хөх монгол” ТББ болон түүний ар гэрээс мэдээлэл хийлээ.

“Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг “Онцгой байдлын байгууллагын алба хаагч Э.Үнэнбат Булган аймагт гал түймэр унтрааж байгаад түлэгдсэн. Монгол Улсынхаа төлөө зүтгэж үнэнчээр ажилласан энэ залууд туслах хүн байхгүй байна. Ер нь онцгой байдлын байгууллагын 5 мянган залуугийн амь нас дээсэн дөрөөн дээр байдаг гэхэд хилсдэхгүй. Энэ залуугийн гарыг нь Монгол эмнэлэг тайрна гэсэн бол БНСУ-ын эмнэлэг эмчилж болно гэсэн хариу өгчээ. Эмчилгээний зардал ойролцоогоор 200-250 сая төгрөг болж байгаа бөгөөд ар гэрээс нь энэ мөнгийг гаргах боломж алга байна. Тиймээс бид эх орныхоо төлөө явсан залууд чадахаараа тусалж хандивын аян зохион байгуулах гэж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөдөл хүргүүлж албан ёсоор хариуг нь шаардах болно” гэв.

Алба хаагчийн эхнэр А.Мөнгөнцэцэг “Манай нөхөр онцгой байдлын байгууллагад 19 жил ажилласан бөгөөд албан үүргээ гүйцэтгэж яваад гал түймрийн аюулд өртсөн билээ. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж ар гэрээ тэжээж чадахгүйд хүрээд байгаа юм. Төр засгаас удаа дараалан тусламж хүссэн боловч хариу өгөөгүй байна. Нүүр, нуруу, хөл, гарын арван хуруу нь түлэгдсэн байдалтай Орхон аймгийн эмнэлэгт хүргэгдсэн. Тус эмнэлгийн гэмтлийн эмч н.Болд хоёр долоо хоноод гарыг тайрна гэж хэлсэн. Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөдөл гаргаад 20 гаруй хонож байна. Ямар ч хариу одоо болтол алга байна. Тиймээс бид Монголын ард иргэдээс тусламж гуйж байгаа юм” гэлээ.
