
БНСУ-ын Гванжу хотноо болж буй усан спортын ДАШТ-нд эх орноо төлөөлөн оролцож буй ОУХМ Б.Энххүслэн охин өнгөрсөн бямба гарагт өврөөр даллах уралдаанд 27.66 секундаар түрүүлж, Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ.
Тэмцээнд манай улсаас ОУХМ Г.Занданбал, Б.Энххүслэн, спортын мастер М.Дэлгэрхүү, Х.Энхзул нар оролцож байгаа юм. ОУХМ Г.Занданбал энэ сарын 21-нд 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд уралдаж, 1:07.92 амжилтаар мөн л Монгол Улсын дээд амжилтыг шинэчилсэн юм. Түүнчлэн спортын мастер М.Дэлгэрхүү 100 метрийн өврөөр даллах сэлэлтэд 54.43 секундын амжилтаар дэд байрт шалгарч, Монгол Улсын дээд амжилтыг шинэчилсэн.
Харин 100 метрийн далайн гахай сэлэлтээр спортын мастер Х.Энхзул уралдаж, 1:14.23 амжилтаар долоодугаар байр эзлээд буй аж.
