
Нийслэлийн цагдаагийн газраас УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэбилэг: УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны хэргийн хохирогчийн талын өмгөөлөгч Ж.Батхуяг 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр хэвлэлийн бага хурал хийсэн билээ. Тэрбээр энэхүү мэдээллийг хийх явцдаа мөрдөн шалгах ажиллагааны талаар бодит бус мэдээлэл тарааж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан үйлдэл гаргасан.
Тодруулбал, амь хохирогчийн үхлийн шалтгааныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт, полифграфын магадалгаа, гар утсанд хийсэн шинжилгээний дүгнэлт, хохирогчийн ар гэрийнхэн рүү бичсэн хуурамч мэссэжийг олон нийтэд задруулсан. Иймд өмгөөлөгч Ж.Батхуягийг эрүүгийн хэрэг бүртгэл нээн шалгаж байна.
13 секундийн гэх бичлэгийг Г гэгч этгээд хуурамчаар зохиож, хууран мэхлэн ар гэрийнхнээс нь 15 сая төгрөг авсныг 2019 оны тавдугаар сарын 28-ны өдөр тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөн тэрбээр үүнээс гадна зургаан удаагийн үйлдлээр 269,101.575 сая төгрөгийг бусдаас залилж авсан энэ үйлдэлдээ холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусан хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа прокурорын хяналтад хүргүүлсэн" гэдгийг хэллээ.