
“Интерном” номын дэлгүүр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Зохиолч эмэгтэйчүүд” өдөрлөгийг өчигдөр зохион байгуулав. Өнөө цагт бүтээн туурвиж буй Б.Шүүдэрцэцэг, Б.Сарантуяа, Б.Төгсжаргал, Б.Эрхэмбаяр, Б.Хулан, Ш.Солонго нарын 15 зохиолч уншигчдаа хүлээн авч, дотно яриа дэлгэн, гарын үсгээ зурж байлаа. Өдөрлөгт оролцох хүний хөл тасрахгүй байгааг зохиолч бүсгүйчүүд хэлсэн.
Зохион байгуулагчид үйлчлүүлэгчдэдээ хандан “Амны хаалтаа зүүгээд манайд ирээрэй” хэмээн зар түгээсэн бөгөөд 14.00 цагийн үед очиход бөөгнөрөл үүсгээгүй, халдвар хамгааллын дэглэм баримталж байлаа. Зохиолчид өмнө хэвлүүлсэн болон шинэ бүтээлүүдээ дэлгэжээ. Б.Шүүдэрцэцэг гэхэд дэлхийд алдар нь түгсэн хүчирхэг 20 эмэгтэйн түүхийг нэгтгэсэн “Ялагсад” зохиолоороо уншигчдаа урин дууджээ. “Сүүтэй уулын савдаг” тэргүүтэй бүтээлүүдээрээ олонд танигдсан Б.Эрхэмбаяр хэдхэн хоногийн өмнө хэвлэлтээс авсан “Талд өдөлсөн хун” номынхоо мэдээллийг түлхүү өгөхөөр уг өдөрлөгт нэгдсэн байв.