Орон нутгийн ИТХ-ын нөхөн сонгуулийн үр дүн болон цаг үеийн бусад асуудлаар МАН-ын Удирдах зөвлөлөөс өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ жил таван аймгийн есөн сумд аймгийн ИТХ, 15 аймгийн 37 мандатад сумын ИТХ-ын нөхөн сонгууль явуулахаар тов зарласан. Сонгуульд МАН-аас 45, АН-аас 44, ХҮН намаас гурав, Иргэдийн оролцооны нэгдэл, ИХ намаас тус бүр нэг, бие даан тав, нийт 99 нэр дэвшигч өрсөлдсөнөөс аймгийн ИТХ-ын есөн мандатад МАН-аас нэр дэвшигчид 100 хувь ялалт байгуулжээ. Нөхөн сонгуулийн нийлбэр дүнгээр МАН 46 мандатын 26-д буюу 56.6 хувьд нь ялалт байгуулсан аж. Харин АН 17, ХҮН нам нэг мандат авсан бол бие даагчдаас хоёр нь сумын ИТХ-д сонгогджээ.
МАН мөрийн хөтөлбөрийнхөө биелэлтийг сайжруулах, хяналт мониторинг тогтмол хийх зорилгоор бодлогын 11 хороог байгуулан ажиллаж байгааг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар дурдав. Өнгөрсөн оны сүүлчээр хийсэн үнэлгээгээр тус намын мөрийн хөтөлбөрийн биелэлт 29.6 хувьтай гарчээ. Энэ хувь хэмжээг нэмэгдүүлж, эрчимжүүлэхээр тус намын Бага хурлаас УИХ дахь МАН-ын бүлэг, Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад зөвлөмж хүргүүлсэн бөгөөд үүний хүрээнд бодлогын шинэчлэлүүдийг хийхээр ажиллаж байгааг онцлов. МАН 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг хэрхэн тодруулах талаар сэтгүүлчид түүнээс асуухад “Нэр дэвшигчийн шаардлага хангах олон хүн манай намд бий. Тиймээс өмнөх жишгийн дагуу иргэд, олон нийтийн саналд үндэслэн нэр дэвшигчийг тодруулна. Хэлэлцүүлэг, санал авах үйл ажиллагааг ирэх намраас эхлүүлнэ. Одоогоор товлож, тодорхой болгосон нэр байхгүй” гэв.
Н.Мишээл