Дэлхийн тэмээний өдрийг тохиолдуулан “Монгол тэмээний эдийн засаг” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Европын холбооны санхүүжилттэй Гадаад худалдааг хөгжүүлэх (ITDM) төсөл, ХХААХҮЯ болон Цөлжилтийг бууруулах үндэсний хороо хамтран өчигдөр зохион байгууллаа. Энэхүү уулзалтаар манай улсын тэмээн сүргийн бодлого, өртгийн сүлжээ буюу малчны хотноос хэрэглэгчийн гарт очих хүртэлх бүх шатны нэмүү өртөг шингэсэн тогтолцоо болон олон улсын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцсэн юм. Мөн энэ үеэр тусгай үзэсгэлэн дэлгэж, ингэний сүү болон тэмээний ноосоор хийсэн бэлэн бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцууллаа.
Уулзалтын үеэр ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Л.Чой-Иш болон ITDM төслийн үндсэн зөвлөх Карл Круг нар тэмээн сүргийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэхэд төр, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь нэн чухал болохыг онцлов. Мөн салбарын мэргэжилтнүүд ингэний сүүний тэжээллэг чанар, нөөц боломжийг дэлхийн жишигт нийцүүлэн ашиглах, ноосны экспортын чадавхыг шинэ шатанд гаргахад кластерын зохион байгуулалт хамгийн оновчтой гарц болохыг тодотголоо. Өөрөөр хэлбэл, малчид, үндэсний үйлдвэрлэгчид болон эрдэмтэн судлаачид нэгдсэн сүлжээ болж, хамтын хүчээр дэлхийн зах зээлд гарах нь хамгийн оновчтой арга аж.
Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүд салбарын бодлогоо нэгтгэж, өртгийн сүлжээг тогтвортой хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэхэд нэгдсэн байр сууринд хүрсэн нь энэхүү зөвлөлдөх уулзалтын гол үр дүн байв. Эл салбарт тулгамдаж буй асуудал, цаашдын гарцыг ийнхүү цогцоор нь хэлэлцсэн нь олон улсын зах зээлд өрсөлдөх үндэсний брэндийг бий болгоход чухал түлхэц болно гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.
Э.СОНДОР