УИХ дахь АН-ын бүлгээс өчигдөр мэдээлэл хийхдээ орон нутгийн нөхөн сонгуулийн үр дүнг эрх мэдэл, албан тушаал, ашиг сонирхлоор угсарсан сүлжээнийхэн будилаантуулсан гэж мэдэгдлээ. Тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “АН аймгийн ИТХ-ын сонгуульд ялагдал хүлээж, сумын түвшинд амжилттай оролцсон нь анхан шатанд буюу иргэд, олон нийтэд илүү ойр ажилладгийн баталгаа боллоо. Хөндлөнгийн хараат бус байгууллагын үнэлгээгээр ч ийм үр дүн гардаг. Олон нийтийн дунд манай намын нэр хүнд өндөр хэрнээ яагаад аймгийн ИТХ-ын сонгуульд цөөн санал авав. Эрх мэдэл, албан тушаал, ашиг сонирхлоор угсарсан сүлжээ сонгуулийн үр дүнг будилаантууллаа гэж үзэж байна. 10 гаруй жил засагласан бүтэц, албан тушаал, эрх мэдлийн давуу байдал, нүүрсний мөнгөний нөлөөгөөр бид ялагдал хүлээлээ. Энэ сүлжээг задлахын төлөө Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиас эхлээд холбогдох бусад хууль, тогтоомжид өөрчлөлт оруулна. Өөрсдөдөө ч үнэлэлт дүгнэлт өгч, алдаа дутагдлаа засаж залруулна” гэв.
Харин УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Энэ удаа ч бас мөнгөний сонгууль боллоо. Бид санал хураалтын үр дүнд нөлөөллийн судалгаа хийнэ. АН өнгөрсөн оны намар дүрмээ шинэчилж баталсан нь энэ удаагийн сонгуулийн үр дүнд тодорхой түвшинд нөлөөлсөн гэж үзэж байна. Аймгийн ИТХ-д нэр дэвшигч заавал аймгийн намын хорооны, УИХ-д нэр дэвшигч Үндэсний бодлогын хорооны гишүүн байна гэсэн хатуу, хайрцагласан заалтыг үүнд тусгасан. Ингэснээрээ ялах боломжтой хүмүүсийг нэр дэвшүүлэх боломжоо хязгаарласан. Үүнтэй холбоотойгоор ирэх намар бодлогын тодорхой өөрчлөлтүүдийг хийхээр зорьж байна” гэв.