
НҮБ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Эрүүгийн эрх зүйн тогтолцооны НҮБ-ын XIV их хурлын дээд түвшний уулзалт 2021 оны гуравдугаар сарын 7-9-ны өдрүүдэд Япон Улсын Киото хотод болж байна. Энэхүү хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антионио Гутеррес, Япон Улсын Эрхэм дээд гүнж Такамадо Цүгүко, Япон Улсын Ерөнхий Сайд Суга Ёшихидэ нар оролцож үг хэлсэн байна. Дээд түвшний уулзалтад Засгийн газрын тэргүүний түвшинд хоёр улс, Засгийн газрын сайдын түвшинд 82 улс, бусад өндөр дээд түвшинд 17 улс оролцож буй. Монгол Улсыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уг дээд түвшний уулзалтад цахимаар оролцож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн бодлогын талаар танилцуулсан гэнэ. Мөн Монгол Улсын ерөнхий прокурор болон албаны хүмүүс оролцож байна. “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Эрүүгийн эрх зүйн тогтолцооны их хурлын даргаар Япон Улсын Хууль зүйн сайд Ёоко Камикава ажиллаж байгаа бөгөөд их хурлын үеэр оролцогч улсуудын төлөөллөөс 24 дэд даргыг сонгож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ирэх таван жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, 2040 он хүртэлх бодлогын баримт бичиг болон Киотогийн тунхаглалыг батлах юм.