
Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан, уг хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэнэ. Нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэх бэлтгэл ажлын хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг тус шүүх авч эхэлжээ. Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилохоор Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д заасан. Үүний дагуу, Улсын дээд шүүхээс нэр дэвшин томилогдсон, бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн гишүүний хоёр орон тоонд хуульд заасан шаардлага хангасан иргэн нэрээ дэвшүүлэх боломжтой. Нэр дэвшигчийн материалыг 2021 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн ажлын цаг дуустал биечлэн, эсхүл шуудангийн илгээмжээр болон info@supremecourt.mn и-мэйл цахим шуудангаар (PDF форматаар) хүлээн авах аж. Нэр дэвшигч нэр дэвших тухай хүсэлтээ бичин гарын үсэг зурж, төрийн албан хаагчийн анкет бөглөн, иргэний үнэмлэхний болон боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эсхүл ажил эрхлэлтийн талаарх нийгмийн даатгалын лавлагааны эх хувь, хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэйгээ тодорхойлсон холбогдох баримт бүрдүүлэх учиртай. Шаардлага хангасан нэр дэвших хүсэлт, ирүүлсэн материалыг Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэж, олонхын санал авсан хоёр нэр дэвшигчийн нэрийг Улсын их хуралд хүргүүлнэ. Нийт нэр дэвшигч болон Улсын дээд шүүхээс олонхын санал авсан нэр дэвшигчдийг олон нийтэд цаг тухайд нь мэдээлэх юм байна.