
Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Х.Мөнхзул, Д.Сүнжид, Б.Энхболд нар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нартай уулзжээ. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болон УИХ-ын 28 дугаар тойргийн (нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх) нөхөн сонгуулийн үеэр хүний эрхийн зөрчил гаргахгүй байх талаар санал солилцжээ. Тухайлбал, сонгуультай холбоотой дүрэм, журмыг хугацаанд нь гаргах, олон нийтэд сурталчлан таниулах, хөгжлийн бэрхшээлтэй болон эрх нь хязгаарлагдсан хүмүүс, гадаадад суугаа Монголчууд, коронавирусийн улмаас эмчлүүлж буй болон тусгаарлагдсан иргэдийн сонгох эрхийг хангахаар ярилцсан гэнэ. Мөн нэр дэвшигчийг бүртгэх ажиллагаа хүний эрхийн зарчимд нийцсэн байх, сонгуулийн сурталчилгааны явцад нэр дэвшигчтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэх, албадлага хэрэглэх, баривчлах, цагдан хорих зэргээр сонгогдох эрхэд халдахгүй байх нөхцөлийг эртнээс бүрдүүлж ажиллахыг Сонгуулийн ерөнхий хорооныхонд сануулсан байна. Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан квотыг баримталсан, эсэхийг улс төрийн намуудыг бүртгэх үед хянах, иргэдийн өргөдөл, гомдлыг хамтран шийдвэрлэх асуудлыг ч уулзалтын үеэр хөнджээ. ХЭҮК-ын гишүүд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг байлцуулан санал тоолох автомат хэрэгслийн ажиллагаатай танилцахаар төлөвлөж буй аж. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болон УИХ-ын 28 дугаар тойргийн (нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх) нөхөн сонгуулийн үед Хүний эрхийн Үндэсний Комиссоос хяналт тавьж ажиллах юм байна.