
Хотын тээврийн салбарт дэвшилт техник, технологи нэвтрүүлэн иргэдээ дээдэлсэн систем бий болгоно”. Энэ бол нийслэлийн Тээврийн газрын уриа.
“Нийслэл хотын нийтийн тээвэрт орчин үеийн дэвшилт техник, технологи нэвтрүүлэх замаар иргэдээ дээдэлсэн тээврийн систем бий болгоно”. Эрхэм зорилгоо ийнхүү тодорхойлсон газар нь нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийтийн тээврийн газар.
Уриа үгээр нь төсөөлбөл эдгээр байгууллагынхныг онцгойлон магтаж, “онц” дүн тавьмаар. Харамсалтай нь, бодит байдалд алд дэлэм зөрүүтэй. Хаана байна тэр дэвшилт техник, технологи нь, иргэдээ дээдэлсэн үйлчилгээ, соёл нь. Нийслэлийн нийтийн тээврийнхэн, тэр дундаа жолооч нарынх нь бохир, бүдүүлэг, ямар ч дүрэм журамд захирагдахгүй зоргоороо байдал иргэдийг бухимдуулсан хэвээр. Хоосон уриатай, хийсэн зүйлгүй нийтийн тээврийнхний талаарх иргэдийн гомдол, санал өдөртөө хэдэн зуугаар тоологдоно. Тэдгээрийн дийлэнх нь жолооч нартай холбоотой. Үүнийг илтгэх цөөхөн жишээ дурдъя.
Автобусны жолооч нарын хайнгыг яах вэ, охиныг минь бууж амжаагүй байхад хөдлөөд хоёр хөл нь хугарсан байна” хэмээн “жиргэсэн” иргэн Ц-гийн өсвөр насны охины хөлийн тавхай, шилбэ, гуяны яс цуурсан, хугарсан харамсалтай явдал энэ сарын эхээр болжээ. Түүний цахим хуудасны сэтгэгдэл хэсэгт иргэд өөрт болон ойр тойрныхонд нь тохиолдсон энэ мэт ослын талаар өч төчнөөнийг дурдсан байв. Ихэвчлэн настай хүмүүсийг ингэж “шоглосон” байх юм, нийтийн тээврийн автобусны жолооч нар. Ясны бэртэл, гэмтэл бүрэн эдгэж, бороолдог ч гэсэн насан туршид нь янгинах, өвдөх, бадайрах зэрэг урхагтай болохыг эмч нар хэлж байна.

Өнгөрсөн долоо хоногт хотхоныхоо хажуугийн буудлаас хөдөлж байгаа автобусыг тосоод гүйж ирсэн гурван хөвгүүнийг жишим ч үгүй орхиод явсан жолооч залуу үнэхээр муухай. Буудлаас 10 хүрэхгүй метрийн зайд, угтаж гүйж байгаа хүүхдүүдийг харахгүй өнгөрнө гэж байхгүй. Харин араас нь гүйсэн бол “хараагүй” гэж гүрийж болох юм. Зорчигчид жолоочоос “Энэ хүүхдүүдийг яагаад орхичихов” гэж асуусан ч тэрбээр огт дуугарсангүй. Жолооч чихэвч зүүсэн байлаа. Дээр дурдсан жишээнүүдийн ихэнх тохиолдолд жолоочийн чих “бөглөөстэй” байсныг иргэд онцолжээ.
Увайгүй авиртай, олон нийтэд үйлчилж буйгаа ухамсарладаггүй, зөвхөн цалингийн төлөө ажилладаг жолооч нарын зохисгүй үйлдлүүдийг энэ мэтээр дурдвал барагдахгүй. “Өнөөдөр” сонин нийтийн тээврийн үйлчилгээ доголдож байгаа талаар олон талаас нь хөндсөөр ирсэн. Энэ удаа “Автобусны жолооч нарт стандарт байна уу” гэсэн асуулт тавьж байна.
Өглөө эхний автобус явах цагийн хуваарь нь 06.30, орой буух нь 22.30 гэж заасны дагуу жолооч нар үйлчилдэггүй. Буудал дээр ирээд зогссон дүр үзүүлээд зорчигчдыг орхиод явдаг. Өдөржин утсаараа элдэв хов ярьж үйлчлүүлэгчдийг залхаадаг. Иргэдийг бууж, суухад нь яаруулж, шавдуулдаг, чирээд давхидаг. Нэгдсэн дүрэмт хувцасгүй, эрэгтэй, эмэгтэй гэлтгүй энгэр нь задгай, цээж нүцгэн шахам яв даг. Жолооч нар хувийн ариун цэврийн наад захын шаардлага хангадаггүй. Үйлчилгээнд явж байгаа автобусны жолооч тамхи татахаа болиоч. Ийм гомдлууд иргэдийн амны уншлага болсон гэхэд хилсдэхгүй.
Нийтийн тээврийн автобусны хүртээмж, аюулгүй байдал, насжилт, шинэчлэлт зэрэг хөрөнгө мөнгө шаардсан ажлын хажууд жолоочийн хувийн араншинтай холбоотой асуудлыг шийдэхэд уг нь ядах юмгүй санагдана. Хариуцлагын тогтолцоог өндөржүүлж, нэгдсэн стандарттай болгомоор. Стандарт бол хэн бүхний мөрдөх ёстой хууль, дүрэмтэй дүйх зүйл. Бид стандартын тухай ярьдаг, нэхдэг. Гэхдээ автобусны жолооч нарт ийм зүйл үйлчилдэг, эсэхийг үнэхээр мэдэхгүй. Хоёр жилийн өмнө өдийд нэгэн настныг буудал дээр орхиод “зугтсан” “Эрдэм транс” компанийн автобусны жолоочийг зөрчил гаргасанд тооцож 25 000 төгрөгөөр торгоод л өнгөрсөн. Гэтэл гадаадын орнуудад ийм тохиолдлыг зөрчил бус, ёс зүйн гэмт хэрэгт тооц ож, олон нийтийн үйлчилгээний салбарт ажиллуулахгүй байх хүртэл зохицуулалттай юм билээ. Энэ бол хариуцлагын шилдэг тогтолцоо. Гэ тэл бид улсаас татаас авдаг, өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө татвараар санхүүжүүлдэг нийтийн тээврээрээ үйлчлүүлэхдээ жолооч нарын эрхшээлд орчихсон, гуйх шахам явж буй нь эмгэнэлтэй. Ийм байдлыг халахад стандарт, хариуцлага хэрэгтэй. Ингээд зогсохгүй үүнийг мөрдүүлж байгаа, эсэхэд иргэн бүр хяналттай ажиллах ёстой.

Арваад өдрийн өмнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дахь Мал эмнэлгийн хүрээлэнгийн зүүн талын автобусны буудалд ийм явдал болов. “Хөгжим бүжгийн коллеж-Богдхан амралт” чиглэлийн автобус үйлчлүүлэгчээ буулгаж, суулгахаар халаас хэсэг рүү орох гэтэл хувиараа “халтуур” хийдэг эмэгтэй жолооч автобусны буудлыг эзэлдэг зоргоороо зангаараа нийтийн тээврийн унаатай “байраа” булаацалдан шүргэлцэх шахаж зогсов. Автобусны жолооч “хатуу самар” аж. Дуут дохиогоо тасралтгүй хангинуулж зохих байраа эзлээд, хөдлөхдөө нөгөөх машиныг зориуд шүргэчихлээ. Толиндоо хараад машиныг шахаж байхад нь үйлчлүүлэгчид “За одоо мөргөх нь, бөөн асуудал үүслээ. Энэ автобус явахгүй нь тодорхой” гэсэн нь “ёсоор” болж бөөн хэрүүл, маргаан дэгдэв. Энэ тохиолдолд жолоочийн буруу ч нийтийн тээврийн автобусны хөдөлгөөнд саад учруулан зогссон эмэгтэй шаазгай суух овоог босгосон. Иргэд тэр автобусыг багадаа 40 минут хүлээчихээд явж чадахгүйд хүрсэндээ бухимдан нөгөөх эмэгтэйг “барьж идэх” шахаж автобусны жолоочийг өмөөрлөө. Энэ явдлаар юу хэлэх гээд байна вэ гэхээр өөрсдийн эрх ашгийн төлөө, аюулгүй үйлчилгээ авахын тулд иргэд нийтээрээ шаардлага тавьж сурах ёстой. Нэг хүн шаардлага тавиад, түүний үгийг жолооч үл тоогоод өнгөрдөг буруу жишгийг халах учиртай. Дээрх тохиолдолд нийтийн тээврийн жолооч зөв шаардлага тавьж, дуут дохиогоо хангинуулсан. Үүнийг иргэд дэмжсэн. Тэр өдрөөс хойш тухайн автобусны зогсоолыг улайм цайм эзлээд зогсох нь харьцангуй багассаныг иргэд хэлж байна. Энэ мэтээр жолооч нар ч иргэдэд зохих шаардлагаа тавьж, харилцан уялдаатай байх нь дэлхийн жишиг юм.
Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд 970-аад автобус явуулдгийн дийлэнх нь 10-12 жилийн насжилттай нь иргэдийн аюулгүй байдлыг хангаж чадахгүйд хүрснийг байсхийгээд зам дээр “гал өрддөг” явдлууд гэрчилнэ. Үүнд ч жолоочийн стандарт хамаатай. Техникийн бүрэн бүтэн байдлаа шалгаагүй, эвдэрхийг нь мэдсэн ч удирдлагынхаа ая талд нийцүүлэн асаагаад үйлчилгээнд гаргадаг зэрэг түгээмэл дутагдал жолооч нарт бий. Сүүлийн хэдхэн сарын дотор шугаманд явж байсан хэчнээн автобус шатав. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 19-нд таван зорчигчтой явсан “Тэнүүн огоо” компанийн автобус Сансрын туннель орчимд шатсан. Техникийн хувьд “хөгшин”, 2010 онд Монголд оруулж ирсэн буюу ашиглалтын хугацаа нь дууссан. Бидний хөл дүүжлэх нийтийн тээврийн унаануудаас 532 нь энэ онд “тэтгэвэрт” гарах учиртай. Өөрөөр хэлбэл, энд тэнд шатаад зогсоход галын шалтгааныг нь тогтоох гэж цаг үрэх шаардлагагүй. “Нийслэлийн нийтийн тээвэрт өнгөрсөн 10 жилийн хугацаанд шинэчлэлт хийгээгүй. Харин энэ онд 660 автобусны шинэчлэлт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэж албаныхныг ярьж суух хооронд энэ мэтээр эл салбарын стандарт ул болж иргэдийн амь, эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр явна. Ийм эрсдэлийн хажуугаар муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэдэг шиг автобусны жолооч нар иргэдийг “алчих” гээд байх юм. Нийслэлд өдөрт дунджаар 700 мянган хүн нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Өөрөөр хэлбэл, тэд өдөр бүр амь, эрүүл мэндийг нь эрсдүүлэхгүй гэх баталгаагүй нийтийн тээвэрт сууж байна.

Олон улсын нийтийн тээврийн үндсэн зорилго нь аюулгүй, эрсдэлгүй, тухтай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх. Үүний тулд салбарын болон тээвэрлэгч этгээдийн, жолоочийн стандарт, дүрэм журмыг тус бүрт нь баталж, чанд сахидаг аж. Жишээ нь, Германд нийтийн тээврийн жолоочийн, операторын, зорчигчийн үүрэг, хариуцлагын тухай дүрэмтэй. Үүнийгээ зөрчих, ёс зүйн дутагдал гаргасан жолоочийг даруй ажлаас чөлөөлдөг. Ёс зүйн дутагдал гэдэгт нь үйлчлүүлэгчдийг үл хүндлэх, цагийн хуваарь зөрчих, ажлын байранд хувийн эрх ашгийн тулд гар утас ашиглах зэрэг багтдаг аж. Гэтэл манайд үүний эсрэг буюу жолооч дуртай үедээ бүхээгтээ тамхи татаж, иргэдийг загнаж, орхиж одох, хэрэлдэх зэрэг нь энгийн үзэгдэл. Сүүлийн үед жолооч нар бэлэн мөнгө авахдаа ч голж уурладаг болсон байна лээ, аймаар. “Ч:11” автобусанд орж ирсэн сурагч охин смарт картаа цэнэглээгүй, мөнгөгүй тухайгаа учирлавч жолооч “Буу” гэж зандрав. Охин сандарсандаа халаасанд байсан 100 төгрөгөө өгөхөд жолооч “Чи хэнийг доромжлоод байгаа юм. Ер нь сурагч мөн үү” гэхчлэн загнаж, эргэж харан зандрах нь үнэхээр гунигтай байлаа. Харин дараагийн буудлаас суусан хоёр залуу “тушаах” ёстой 500 төгрөгөө бүрэн төлсөн тул жолооч юм хэлсэнгүй. Энэ мэтчилэн харилцааны соёлгүй, ажил үүргийнхээ давуу байдлыг ашиглан хувьдаа мөнгө завшдаг явдал манай нийтийн тээврийн жолооч нарын сурсан “эрдэм”. Үүнийг халахад, цаашлаад энэ салбарын ажлыг сайжруулахад стандарт чухал.