Халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний нэг нь чихэрлэг ундаа юм. 2024 оны Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн VI судалгаанд монгол эрчүүдийн 70 хувь нь чихэрлэг, хийжүүлсэн ундаа, 47.3 хувь нь чихэр, амттан хэрэглэдэг гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, 15-49 насны эрэгтэйчүүдийн 48.8 хувь нь илүүдэл жин ба таргалалттай байсан нь өмнөх V судалгаатай нь харьцуулахад 57.4 хувиар өссөн дүн. Харин манай улсын нийт насанд хүрэгчдийн 58.1 хувь нь илүүдэл жинтэй буюу таргалалттай байгаа.Үүнд чихэрлэг ундааны замбараагүй хэрэглээ нөлөөлж буй бөгөөд Онцгой албан татварын тухай хуульд чихэрлэг ундаанд албан татвар ногдуулахаар тусгасан. Хуулийн эл зүйл заалтыг 2027 оноос хэрэгжүүлэх юм. Энэ талаар Австралийн “Маккуары” их сургуулийн эдийн засгийн ухааны докторант Б.Нямдаваа судалгаа хийжээ. Түүнтэй ярилцлаа.
-Монгол Улсын чихэрлэг ундааны татварын эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг үнэлэх нь сэдвээр та докторын судалгааны ажил бичиж байгаа гэж сонслоо. Энэ сэдвийг яагаад сонгох болов?
-Би Австралийн “Маккуары” их сургуульд гурав дахь жилдээ эдийн засгийн чиглэлээр сурч байна. Одоогоор докторын ажлаа бүрэн бичиж дуусаагүй байгаа. Судалгаа маань Монгол Улсын чихэрлэг ундааны татварын эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг үнэлэх нь гэсэн үндсэн нэг сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний гурван өгүүллээс бүрдэж буй юм. Эхний хоёр өгүүллээ бичээд дууссан. Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлэхээр ярилцаж байна. 2022 онд энэ сургуульдаа хөдөө аж ахуйн эдийн засгийн чиглэлээр судалгаа хийж магистрын зэрэг хамгаалсан. Удирдсан багш маань Австралийн чихэрлэг ундааны хэрэглээний талаар судалгааны төсөлд ажиллаж байв. Ингэхдээ намайг судалгааны туслах ажилд урьж, Монголд энэ чиглэлээр судалгаа хийх боломж бий, эсэхийг асуусан юм. Тухайн үед би докторын ажлын сэдвээ сонгож амжаагүй байлаа. Ингээд чихэрлэг ундааны татварын талаар уншиж, судалж байхдаа Монголд 2022 оны гуравдугаар сард УИХ-ын зарим эмэгтэй гишүүн Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, өргөн барьсан талаар сонссон. Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүл дээрх мэдээллүүдийг уншиж судлахад манай улсад татварын үр нөлөөг судалсан судалгаа байгаагүй. Өөрөөр хэлбэл, чихэрлэг ундаанд ногдуулах татварыг дэмжих тодорхой үндэслэлүүд нь бүрхэг байв. Иймд дээрх хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн, АШУҮИС-ийн багш М.Ундрамтай холбогдож, Монгол дахь удирдагч багшаараа сонгосон юм. М.Ундрам багш 2019 онд чихэрлэг ундааны чиглэлээр докторын зэрэг хамгаалж, 2016, 2017 оны Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд шинжилгээ хийж, үнийн мэдрэмжийг тооцсон юм билээ. Цаг үеийн тохироо бүрдсэн учир судалгаагаа 2022 оны дөрөвдүгээр сараас эхлүүлсэн.
Монголчуудын эрүүл мэндийг аажмаар мохоож буй хамгийн том аюул бол халдварт бус өвчин. Ялангуяа таргалалт, II хэлбэрийн чихрийн шижин, зүрх, судасны эмгэг, хорт хавдар. Эдгээр нь нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Таны хэлсэнчлэн, нийт насанд хүрэгчдийн 58.1 хувь нь илүүдэл жинтэй буюу таргалалттай байгаа нь бүс нутгийн орнуудын дундаж үзүүлэлтээс 2-3 дахин өндөр юм. Тухайлбал, Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанаас үзэхэд монгол нэг өрх долоо хоногт дунджаар 2.7 л чихэрлэг ундаа хэрэглэж байгаа гэсэн тооцоолол гарсан. Мөн хамгийн сүүлийн буюу Хоол тэжээлийн үндэсний VI судалгааны дата мэдээлэлд үндэслэн тооцож үзэхэд монгол хүн өдөрт дунджаар 160 мл сахар агуулсан ундаа хэрэглэж байна. Энэ нь сард 4.8 литр гэсэн үг бөгөөд ДЭМБ-ын зөвлөмжөөс 2-3 дахин их сахарыг монголчууд хэрэглэдэг гэсэн үг юм.
-Чихэрлэг гэдэгт чухам ямар ундааг багтааж үздэг юм бэ?
-Хийжүүлсэн ундаа, амттай сүү, сахар нэмсэн цай, энергийн болон жимсний амттай ундаа зэргийг багтаадаг. Эдгээр нь тэжээллэг чанар багатай, эсвэл огт тэжээлгүй хэрнээ илүүдэл илчлэгийн гол эх үүсвэр болдог. Жимсний 100 хувийн шүүс, эсвэл хиймэл амтлагчтай ундаанаас ялгаатай нь чихэрлэг ундаа нь сахар, фруктозын сироп зэрэг нэмэлт чихэр агуулдаг юм. Тухайлбал, нэг лааз колад 30-40 гр сахар агуулсан. Тэжээллэг бус илчлэг ихтэй байна. Илүүдэл сахар нь илчлэгийн эх үүсвэр болж, чихрийн шижин, зүрх, судас, амны хөндийн өвчлөл үүсгэдгийг маш олон судалгаа баталдаг. Үүнд сахар агуулсан чихэрлэг ундааг өргөнөөр хэрэглэж буй нь нөлөөлж байна.
-Нэг өрх дунджаар чихэрлэг ундаанд хэчнээн төгрөг зарцуулж байна вэ?
- Мах, гурил, будаа гэх мэт өргөн хэрэглээний зардлыг тооцохгүйгээр хийжүүлсэн ундаа нь өрхийн хүнсний хэрэглээний зардлынх нь 10 орчим хувийг эзэлж байна.
-Онцгой албан татвар ногдуулснаар бодит үр дүн гарах уу?
-Үнийн мэдрэмжийн судалгаа маш чухал. Өөрөөр хэлбэл, үнэ нэг хувиар нэмэгдэхэд хэрэглээ хэдэн хувиар буурах вэ гэдэг нь үнийнмэдрэмж юм. Үүнд үндэслэн хэрэглээ нь хэдэн хувь буурах юм, таргалалт, халдварт бус өвчин хэдэн хувиар багасах вэ гэх зэргээр татварыг нэмснээр гарах таамаглаж буй үр дүн байх ёстой. Үр дүнгийн хэмжээг таамаглаж байж аливаа бодлого үндэслэлтэй болно.
-Монголчуудын чихэрлэг ундааны хэрэглээг судлахдаа Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд үндэслэж тооцсон гэв үү?
-Миний докторын ажил гурван өгүүллээс бүрдсэн талаар түрүүнд хэлсэн. Судалгааны өөр өөр аргачлалаар бичсэн. Эхнийх нь үнийн мэдрэмжийг тооцоолсон. Ингэхдээ хамгийн сүүлд гарсан шинэлэг загвар ашигласан юм. Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018, 2021 оны дата мэдээлэлд суурилсан. 2019, 2020 оны манай улсын өрхийн мэдээллийн дата өгөгдөл алдаатай байсан тул энэ хугацааныхыг ашиглаж чадаагүй. Эхний судалгаандаа байгаа мэдээллээ ашиглаж, үнийн мэдрэмжийг тооцсон. Өөрөөр хэлбэл, хүнсний 100 гаруй нэр, төрлийн бүтээгдэхүүний худалдан авалтын мэдээллээс өргөн хэрэглээний бус, 30 гаруй бүтээгдэхүүний үнийн мэдрэмжийг тооцсон юм. Олон улсын сэтгүүлд материалаа явуулсны дараа улам сайжруулж, 2021-2023 оны датанд үндэслэн дахин шинжилгээ хийлээ. Өрхийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн судалгаанд 2021 онд 11 063, 2022 онд 22 479, 2023 он 8375 өрхийг хамруулсан байв. Гурван жилийн судалгааг үндэслэн хот суурин газар болон орон нутгийн иргэдийн худалдан авалт, хэрэглээний датаг нь ашигласан гэсэн үг. Олон улсад үнийн мэдрэмжийг тооцохдоо хэрэглэдэг аргачлал нь худалдан авалтын датанд дүн шинжилгээ хийх явдал. Ингэхдээ гол хувьсагч нь нийт өрхийн хэрэглээний зардал, нэгжийн дундаж үнэ, өрхийн зардлын хэдэн хувийг тухайн бүтээгдэхүүнд зарцуулж байгааг тооцон боддог.
ЛИТР ТУТАМД НОГДУУЛАХ 500 ТӨГРӨГ БОЛ БАГА ЮМ
-Судалгааны үр дүн яаж гарав?
-Үнийн мэдрэмж тооцоолох судалгааны гол үр дүн нь үнэ нэмэгдвэл хэрэглээ хэдээр буурах вэ гэх гэдгийг тогтоох. Жишээлбэл, чихэрлэг ундааны үнэ нэг хувиар нэмэгдэхэд хэрэглээ нь 1.5 хувиар буурна гэвэл үнийн мэдрэмж нь хасах 1.5 хувь гэсэн үг. Бүтээгдэхүүн тус бүрд тооцож гаргахаар чихэрлэг ундааны хувьд 2021- 2023 оны дундаж үнийн мэдрэмж нь хасах 1.44 гарч байна. Үнийн мэдрэмж абсолют утгаараа нэгээс их байх юм бол үнийн хувьд тухайн бүтээгдэхүүн мэдрэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, үнэд суурилсан эдийн засгийн бодлого нь үр дүнтэй гэсэн үг.
-Онцгой албан татварын тухай хуулийн 6.9-д чихэр, чихэр орлуулагч агуулсан төрөл бүрийн ундаа, усны тогтоосон биет нэгжид онцгой албан татвар ногдуулна гэж заасан. Тодруулбал, 100 мл-т агуулагдах чихэр, чихэр оруулагч 0-5 гр бол татвараас чөлөөлнө, харин таван гр-аас дээш бол нэг литр тутамд 2027 онд 500, 2028 онд 525, 2029 онд 550 төгрөг байхаар хэмжээ тогтоосон. Ингэж татвар нэмснээр хэрэглээ буурах уу?
-ДЭМБ жижиглэнгийн худалдааны үнийн дор хаяж 20 хувьтай тэнцэх хэмжээгээр татвар тогтоох хэрэгтэй гэж зөвлөдөг. Үүнээс бага хувиар тогтоовол инфляцаас ялгаагүй, хэрэглээнд бодит өөрчлөлт үзүүлж чадахгүй. Өөрөөр хэлбэл, татварын орлогыг нэмэгдүүлэх механизм л болно. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн 2022 онд боловсруулсан төслөөр бол нэг литр тутамд 500 төгрөгийн татвар ногдуулахаар тооцжээ. Үүнийг тухайн үеийн ундааны үнэтэй харьцуулахад 20 хувь орчим болж буй. Харин 2027 оны үед чихэрлэг ундааны дундаж үнэтэй харьцуулахад энэ тогтоосон татварын хэмжээ 20 хувиас доош орж магадгүй. Тэгэхээр литр тутамд ногдуулах 500 төгрөг бол бага гэж үзэж байна. Мөн энгийн жүүсний хувьд бол энэ хэмжээ нь үнийн дүнгийн 15 хувьд ч хүрэхгүй юм.
Монгол Улсын Онгой албан татварын тухай хуульд оруулсан чихэрлэг ундааны татвар нь Британийхтай нь ижил загвартай. Өөрөөр хэлбэл, тус улсад 100 мл-т таван гр-аас бага сахар агуулсан ундааг татвараас чөлөөлдөг. Энэ загвар нь үр дүнтэй. Гэтэл манай улсад дотоодын үйлдвэрлэгчдийн ундааны 100 мл-т агуулагдах сахарын хэмжээ 10 гр орчим байна. Тиймээс хуулийг хэрэгжүүлэх хүртэл үйлдвэрлэгчид технологио шинэчлэх хэрэгтэй. Агуулж буй илчлэгээ багасгачихвал татвараас чөлөөлөгдөнө шүү дээ. Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ хэдэн хувийг таван гр-аас бага сахартай болгож өөрчлөхийг судалгаанд авч үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, татварын нөлөөллийг авч үзэхийн тулд үүнийг тооцоолох шаардлагатай юм. Би гурав дахь судалгаандаа 2027 он хүртэл дотоодын үйлдвэрлэгчид нийт бүтээгдэхүүнийхээ 20 хувьд сахарын агууламжийг таван гр-аас доош болгохуйц найрлага шинэчлэх (реформуляци) бодлогыг хийсвэрээр тооцоолсон. Мөн реформуляци хийгдэхгүй тохиол¬долтой харьцуулсан мэдрэмжийн шинжилгээ хийсэн.
ЧИХРИЙН АГУУЛАМЖААС ИЛҮҮ ҮНЭ ХЯМДЫГ НЬ СОНГОДОГ
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны өгөгдөлд суурилж дүн шинжилгээ хийхээс гадна иргэдээс судалгаа авсан гэсэн байх аа.
-Зөвхөн Өрхийн нийгэм, эдийн засгийн датад суурилсан нь хэр баталгаатай вэ гэдгийг харгалзан үзэж, хоёр дахь судалгаандаа иргэдээс асуулга авсан. Судалгааны шинэ аргачлал буюу сонголттой туршилтын загвар (Discrete choice experiment)-ыг хэрэгжүүлж, 450 хүнийг хамруулсан юм. Гол зорилго нь чихэрлэг ундааны үнэ нэмснээр хэрэглээнд нөлөөлж байна уу, үгүй юү гэдгийг анзаарах. Мөн үнийн өөрчлөлт болон шинээр хэрэгжиж болох бодлогын бусад арга хэмжээний хослол нь хэрэглээний сонголтод хэрхэн нөлөөлж болохыг харах зорилготой зан төлөвийн судалгаа гэсэн үг. Тухайлбал, хоёр ундааны зураг үзүүлээд алийг худалдаж авах вэ гэдгийг тухайн хүнээр сонгуулах байв. Жишээ нь, эхний ундааны үнэ 1200 төгрөг, чихэр ихээр агуулсан, дэлгүүрийн лангууны хувьд нүдэнд харагдахааргүй, доод талд байрлуулсан, мөн тодорхой өнгө бүхий эсвэл зураг бүхий анхааруулах шошготой байна. Хоёр дахь ундаа нь үнэ хямд, чихрийн агуулга багатай, нүдэнд харагдахаар байрласан, өөр төрлийн шошготой байна гэх мэт хувилбартай. Нэг хүнээс 12 хувилбар бүхий асуулт асууж, бодлого бодуулсан гэсэн үг. Тэгэхээр 450 хүнээс 5000 гаруй дата мэдээлэл цуглуулсан. Үүнд дүн шинжилгээ хийж, үнийг нэмснээр хэрэглээ нь буурсан уу гэдэг мэдрэмжийг тооцоолох боломжтой болсон. Мөн эрүүл мэндэд нөлөөлөх хор уршгийг сануулсан шошгыг чихэрлэг ундаанд байршуулснаар хүмүүсийн сонголт буурч байна уу, эсвэл лангууны доор байрлуулсан нь борлуулалтад нөлөөлсөн үү гэдэг нь сонирхолтой байв. Түүнчлэн эрүүл мэндэд нөлөөлөх байдлыг нь улаан, ногоон, шар өнгө бүхий таних тэмдгээр ялгаж үзүүлбэл ямар үр дүн гарах вэ гэх зэргээр олон төрлийн сонголтын хувилбарыг хүмүүсийн зан төлөв хэр хүлээж буйг тооцоолсон юм. Ингэж үзэхэд үнийн мэдрэмж нь өмнөх судалгааны үр дүнтэй адил буюу нэгээс дээш гарсан. Мөн шошго, чихрийн агууламж, лангууны өрөлт зэрэгтэй харьцуулахад хүмүүс хямд үнэтэйг нь арай илүү чухалчилдаг нь батлагдсан. Эдгээр бодлогуудыг хослуулан, цогц байдлаар хэрэгжүүлэх нь хамгийн үр дүнтэй. Өөрөөр хэлбэл, зөвхөн үнэ нэмэх бодлого баримтлах биш, бүтээгдэхүүний шошго, лангууны өрөлтөд анхаарах зэрэг нь хэрэглээг бууруулахад нөлөөтэйг хоёр дахь судалгаагаараа гаргаж ирлээ.
-Архи, тамхины үнийг хэд дахин нэмсэн ч худалдан авалт буурахгүй гэж үзэх нь бий. Үүнтэй адил чихэрлэг ундааны үнэ нэмэгдсэн ч худалдан авалт бодитоор буурах уу гэсэн эргэлзээ байна.
-Архи, тамхины үнийг нэмэхэд худалдан авалт буурахгүй гэдэгтэй санал нийлэхгүй байна. Согтууруулах ундаа болон шар айргийн үнийн мэдрэмжийг тооцож, эрүүл мэндийн сайдтай хийх уулзалтын үеэр танилцуулж байсан. Тэгэхэд дотоодод үйлдвэрлэгдэж байгаа архи болон шар айргийн үнийн мэдрэмж тус бүр абсолют утгаараа нэгээс их буюу үнийн хувьд мэдрэг болох нь ажиглагдсан. Чихэрлэг ундааны хувьд олон улсад ч үнийн мэдрэмж өндөртэй бүтээгдэхүүнд тооцогддог. Өөрөөр хэлбэл, үнийн мэдрэмж өндөр гэдэг нь эдийн засгийн онолын хувьд тухайн бүтээгдэхүүн тансаг хэрэглээнийх гэсэн үг. Өргөн хэрэглээний барааны хувьд үнэ нэмэгдсэн ч худалдан авсаар л байдаг. Харин тансаг хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өндөр байвал хэрэглээ нь буурна. Гэхдээ татвар нэмснээр үр дүн нь яаж гарах вэ, чихэрлэг ундаанаас шалтгаалсан халдварт бус өвчин буурах уу гэдгийг тооцож судлах нь чухал. Иймд би гурав дахь судалгаагаараа үүнийг гаргаж ирэхийг зорьсон. Зардал, үр өгөөжийн шинжилгээ хийсэн юм. Олон улсад сүүлийн үед эрүүл мэндийн бодлогын үр дүнг тооцохдоо зардал, үр өгөөжийн шинжилгээ (Cost-effectiveness analysis)-г ихээхэн ашиглаж байгаа. Ямар нэгэн бодлого хэрэгжүүлснээр мөнгөөр хэмжигдэх болон хэмжигдэхгүй үр өгөөж нь хэр байх вэ гэдгийг судалдаг. Онцгой албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийнхэн “Хуулийг хэрэгжүүлэхэд зардал гарахгүй” гэж татварын бичиг баримтад дурдсан байна лээ. Гэхдээ олон улсынбусад судалгаанаас харахад хууль хэрэгжүүлэх зардлыг тухайн татварын орлогын нэг хувиар тооцож болдог. Судалгаандаа татварыг хэрэгжүүлэх зардлыг нэг хувиар, үйлдвэрлэгчдийн технологио өөрчлөх зардлыг мөн татварын орлогын нь нэг хувиар тооцож оруулсан.
Өөрөөр хэлбэл, тухайн татварыг хэрэгжүүлэх зардал нь бүрдүүлэх орлогын хоёр хувьтай тэнцэж буй юм. Харин үр өгөөж нь юу байх вэ. Хамгийн нэгдүгээрт, халдварт бус өвчлөл буурах уу, нас баралт багасах уу. Татвар хэрэгжиж эхэлснээс хойших 20 жилийн загвараас харахад халдварт бус өвчтэй хүний халааснаас гардаг эмчилгээний зардлыг энэ хугацаанд дөрвөн сая ам.доллароор бууруулна. Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх зардлыг 5.7 сая ам.доллароор хэмнэх боломжтойг тооцсон. Тодруулбал, 15-аас дээш насны хүн амд суурилан загвараа тооцож гаргахад 20 жилийн хугацаанд 7109 иргэнийг халдварт бус өвчнөөс сэргийлж, 260 хүний амь аврах буюу нас барахаас нь сэргийлж чадахыг тооцож гаргасан. Түүнчлэн чихэрлэг ундаанаас авах татварын орлого 136 сая ам.долларт хүрэхээр байна. Энэ нь мэдээж үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ хэдэн хувьд нь чихрийн агууламжийг таван гр-аас доош оруулж буйгаас дээрх дүн өөрчлөгдөнө.
Монгол Улс нийгмийн эрүүл мэнд, эдийн засгийн ачааллыг бууруулахын тулд олон жилийн турш яригдсан ч биеллээ олоогүй санхүүгийн бодлогыг анх удаа хэрэгжүүлэх шатандаа орж байна. Үүнийг зөв хэрэгжүүлбэл эрүүл мэндэд эерэг, эдийн засагт үр ашигтай болохыг миний судалгаа харуулж буй юм. Манай улс өөрийн нөхцөлд тохируулан “ухаалаг татвар”- ын жишээ болгох боломжтой. Цаашид олон нийтийн боловсрол, салбар хоорондын хамтын ажиллагаа, хариуцлагатайгаар хэрэгжүүлэх нь үр дүнг тодорхойлно
120 ГАРУЙ УЛС ТАТВАРЫН ЭЛ БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
-Таны амьдарч буй улсад чихэрлэг ундаанд онцгой албан татвар ногдуулдаг уу. Хэрэглээ нь ямар байдаг бол?
-Австралид чихэрлэг ундаанд онцгой албан татвар ногдуулдаггүй. Харин сүүлийн үед хэрэглээ нэмэгдэж, асуудал үүссэн учир татвар ногдуулахаар судалж, ярих болсон. Тэр судалгаануудын нэг дээр нь би туслахаар ажилласан гэсэн үг л дээ. Тухайлбал, энд кола болон бусад төрлийн хийжүүлсэн ундаа дэлгүүрийн лангуунд ил, үнэ хямд байдаг. Харин хүмүүс нь эрүүл мэндэд хор уршигтай гэдгийг ойлгож мэдчихсэн учраас худалдан авалтандаа их няхуур ханддаг. Тухайлбал, манай гэр бүл, ойр орчны найзууд чихэрлэг ундаа огт хэрэглэдэггүй, цагаан гурил, будаа иддэггүй. Нэг жишээ хэлэхэд, манай аав Монголд байхдаа хийжүүлсэн ундаа маш их уудаг байв. Аавыгаа Австралид урьж, гурван сар хамт байхдаа чихэрлэг ундаа огт уухгүй байхыг санал болгосон. Мөн хооллолтод нь анхаарч, дасгал хөдөлгөөн хийлгэж эрүүл мэндэд нь санаа тавьснаар гурван сарын дотор 15 кг хассан. Аав минь 100 гаруй кг жинтэй байсан. Үүнээс харахад чихэрлэг ундаа нь таргалалт, илүүдэл жинд ихээхэн нөлөөлдөг.
Мөн судалгааныхаа үр дүнг бусад орныхтой харьцуулж үзсэн. Жишээлбэл, Мексикт 2014 оноос эхлэн чихэрлэг ундааны литр тутамд хоёр песогийн татвар ногдуулсан байна. Энэ нь үр дүнтэй байсныг татвар ногдуулахын өмнө болон дараа хийсэн олон судалгаа баталдаг. Мексикт нэвтрүүлсэн татварын дараачаас бусад улс орон ч чихэрлэг ундааны хэрэглээндээ анхаарах болсон. Сүүлийн таван жилийн дотор 50 гаруй улс чихэрлэг ундаанд онцгой албан татвар ногдуулжээ. 2022 онд нийт 80 гаруй улс л чихэрлэг ундаанд татвар ногдуулж байсан бол өдгөө 120 гаруй орон татварын эл бодлогыг нэвтрүүлсэн байна.
Гэхдээ манай улсын хувьд татварыг аль болох багасах арга хэмжээ авах нь хүмүүсийн амьдралд хэрэгтэй. Судлаачийн байр сууриас бол татвар нь яах аргагүй үр дүнтэй байна. Хувь иргэний зүгээс чихэрлэг ундаанд татвар тавих гэхээс илүү эрүүл мэндэд тустай ундааны үйлдвэрлэлд татварын тодорхой хөнгөлөлт үзүүлэх, эсвэл анхааруулах шошго, лангуунд байршуулах стратеги, реклам, зар сурталчилгааг тодорхой хүрээнд, ялангуяа хүүхдэд чиглэсэн, олон нийтийн сувгаар гарах, хэт их байхыг хязгаарлах гэх мэтээр бусад аргачлалыг бас анхаараасай гэж хүсэж байна. Жишээлбэл, наад зах нь Монголд ихэнх чихэрлэг ундааны шошгонд шим тэжээлийн мэдээлэл бараг нүдэнд харагдахгүй шахам жижиг байдаг. Австралид бол бүх төрлийн стандарт нь тодорхой. ДЭМБаас тухайн бүтээгдэхүүнээс олж буй татварын орлогыг буцаагаад “өөрт нь” зарцуулахыг зөвлөдөг. Өөрөөр хэлбэл, таргалалтаас үүдэлтэй өвчлөлийг бууруулах, чихэрлэг ундааны хор нөлөөг таниулах сургалтад зориулах гэх мэтээр олсон орлогыг зарцуулж болно. Харин Монгол Улсад чихэрлэг ундаанаас төвлөрүүлэх орлогыг юунд зарцуулах нь ил тод, нээлттэй шударгаар хуваарилагдах уу гэдэг бол өөр асуудал. Эсвэл бас нэг ил тод бус сан байгуулаад олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч мэднэ. Тиймээс ил тод байх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах нь энэ чухал юм. Хамгийн гол нь нийтийн эрүүл мэндийг сайжруулахын тулд боловсролтой, эрүүл орчныг бүрдүүлэх, ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад төр засгаас юуны түрүүнд анхаарах ёстой.