Улсын нэгдүгээр төв эмнэлгийн М.Баярмагнай эмчээр ахлуулсан дотоод шүүрлийн мэс заслын багийнхан TOETVA (Transoral endoscopic thyroidectomy vestibular approach) буюу амны хүрцээр бамбай булчирхайн зангилаа авах дурангийн мэс заслыг анх удаа амжилттай хийжээ. Тодруулбал, эл мэс заслыг дэлхийн сүүлийн үеийн дэвшилтэт технологид тооцогддог, олон улсад өргөн хэрэглэж буй аргаар арьсан дээр ил шарх үүсгэлгүйгээр, амны хөндийгөөр хийсэн байна. Эмчлүүлэгчид өвдөлт, зовуурь бага, түргэн эдгэдэг, гоо сайхан талаасаа ч арьс зүсдэггүйгээрээ онцлогтой аж. Энэ талаар М.Баярмагнай эмчээс тодруулахад “Завьжны дотор талд гурван жижиг зүсэж, хүзүүний өмнөд хананы арьсан доогуур дуран оруулж хийдэг. Нээлттэй болон дурангийн мэс за-сал аль аль нь нарийн, чимхлүүр ажиллагаа ихтэй. Амны хүрцээр бамбай булчирхайн зангилаа авах дурангийн мэс заслыг одоогоор хоёр хүнд амжилтай хийсэн” гэв. Мэс заслын энэхүү шинэ арга нь хүүхэд, болон залуу эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой бөгөөд 20-40 насны хоёр эмэгтэйд дээрх хагалгааг хийжээ. Ташрамд дуулгахад, тус эмнэлгийнхэн арваад жилийн өмнө бамбайн зангилаа авах мэс заслыг 200-250 хүнд хийдэг байсан бол одоо 400-450 болж нэмэгдсэн байна. Бамбай булчирхайн өвчин нь ихэвчлэн стрессийн шалтгаантай үүсдэг аж. Мөн удамшлын болон сүүлийн үед амьсгалын замын халдварт өвчинтэй холбоотой, “Ковид-19” цар тахлын дараагаас бамбай булчирхайн үрэвслийн шалтгаантай уйланхайт хэлбэр нь их болсон гэнэ. Гэтэл уг өвчнийг архаг ангилалд шилжүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас мэс засал хийлгэх шаардлагатай хүний тоонд квот тогтоосон нь эмч, үйлчлүүлэгчдийн дунд асуудал үүсгэх болжээ. Бамбай булчирхайн өвчлөл ихсэж, мэс засал хийлгэх шаардлагатай хүний тоо нэмэгдсэн атал ЭМДС-гаас мэс заслын тоо заах болсон нь хүндрэл үүсгэж буй аж.
Ч.Болор