Хиймэл оюун ухаан (AI)-ы тусламжтайгаар хүн төрөлхтний тэрбум гаруй нь тун удахгүй ямар ч “хэрэгцээгүй” болно гэсэн хэтийн төсөөлөл бий. Технологийн ачаар гэх үү, гайгаар ийм олон хүн хөдөлмөрлөх шаардлагагүй болж, тэдний ажил, мэргэжлийг AI орлоно гэхээр гунигтай ч юм шиг. Хөдөлмөрийн зах зээлээс “арчигдах” ажил, мэр¬гэж¬лийн дотор сэтгүүлчийг хамаатуулсан судалгаа ч олон улсад цөөнгүй гарчээ. Тэгвэл Элон Маскаас өгсүүлээд хиймэл оюуныг бүтээгч, хөгжүүлэгчид хүн төрөлхтөнд нэг л ижил зүйлийг хэлсээр ирсэн. Тэр нь “Хиймэл оюуныг хэн ч бүтээж болно. Энэ нь нэг талаас бүгдэд маш том боломжийг нээж өгч буй. Үүний тусламжтайгаар хүмүүс цаашид ч хөдөлмөрөө хөнгөвчилж, амрах хугацаагаа улам л уртасгасаар байх болно. Гэхдээ AI ганцхан хүний л хийж чадах хүчин зүйлсийг хэзээ ч орлохгүй. Энэ бол энэрэн хайрлах сэтгэл юм.
Бид үүнийг программчилж хүчрэхгүй. Ирээдүйд ч тэгэх боломжгүй. Тиймээс эмч, сувилагч, асрагчийн гэх мэт ажил хамгийн үнэ цэнтэйд тооцогдох цаг ойрхон байна. Энэ мэт сэтгэл шингэсэн ажил, мэргэжлүүд хамгийн чухал, үнэлгээ өндөртэй болно” хэмээж буй. Яг үүн шиг хэвлэл мэдээлэлд ч хиймэл оюун маш том давуу тал, боломжийг бий болгох нь гарцаагүй. Сэтгүүлч мэргэжил нарийн мэдрэмж шаарддаг учраас зарчимтай сэтгүүл зүй ирээдүйд үнэ цэнтэй болох нь гэсэн мэдээлэл ч сүүлийн үед хөврөх болов. Өөрөөр хэлбэл, “хүнлэг байх” ёс зүйн үндсэн дүрмийг AI хэзээ ч орлож чадахгүй гэдгийг олон улсад ч хэдийн хүлээн зөвшөөрч ярьж, бичиж байна. Тэгвэл бүтээлийг нь хиймэл оюунаас хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал ч өдгөө ид яригдах болсон аж.
С.АМАРТҮВШИН: СЭТГҮҮЛЧИЙН БҮТЭЭЛИЙН АГУУЛГА, САНАА, БАРИМТ ОЮУНЫ ӨМЧИД ХАМААРАХГҮЙ
Манай улс, тэр дундаа сэтгүүл зүйн нэгдсэн байгууллагууд AI-г хэрхэн ашиглаж, түүнтэй хоршиж ажиллахыг, ер нь хиймэл оюунаас бүтээлээ хамгаалах ёстой юм уу гэдэгт санаа чилээх цаг болсон гэсэн үг. Хэвлэл мэдээллийн цахим шилжилт, AI, блокчэйн технологийн талаар сүүлийн үед түлхүү судалгаа хийж буй, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор, дэд профессор С.Амартүвшингээс энэ талаар тодруулсан юм. Тэрбээр “Хиймэл гэдэг үгний утгыг нь бодоод үз дээ. Цаанаасаа программчлагдсан, өгөгдөлд суурилсан, амьгүй л зүйл шүү дээ. Сайн, муу талтай нь ойлгомжтой. Монголд саяхнаас 5G сүлжээ нэвтрүүлж эхэллээ. Энэ бол хиймэл оюуны суурь технологийн нэг хүчин зүйл нь. Дараагийнх нь Web 3.0 юм. Уг хоёр технологи ажиллаж байгаа цагт манай хэвлэл мэдээллийн салбарын цахим шилжилт ч өндөр түвшинд хүрэх нь цаг хугацааны л асуудал. Гэхдээ мэдээллүүд нь цахим хэлбэрт шилжлээ гээд энэ нь ёс зүйтэй сэтгүүл зүйн үүргийг хүлээхгүй. Тиймээс эхлээд бид асуудлаа ярих ёстой. Хиймэл оюун ухаан хөгжиж, гүнзгийрэх тусам харанхуй вэб орчин буюу далд байгаа бүх л мэдээлэл ил болно гэсэн үг. Үүнд төрийн нууц, үндэсний аюулгүй байдлын болон бусад түвшний мэдээллүүд ч хамаарна. Нэг ёсондоо AI цахим орчинд бүртгэлтэй бүх мэдээлэл рүү нэвтрэх чадамжтай. Хориг саад гэсэн юм огт байхгүй нь хэтдээ гэлтгүй өнөө маргаашгүй аюул үүсгэх хэмжээнд хүрсэн. Сэтгүүл зүй талаас нь авч үзвэл сэтгүүлчийн бүтээлүүдээс оюуны өмчид алийг нь хамааруулах вэ гэдэг асуулт ургана. Мэдээ бол үүнд хамаарахгүй. Харин сэтгүүлчийн хэлбэр шингэсэн бүтээл оюуны өмчөөр хамгаалагддаг. Үүнд өгүүлэл, нийтлэл, бичвэр зэрэг орно. Редакцын хэмжээнд нийтлэг утгаар нь мэдээг хамгаалалтад авч болдог. Гэхдээ нэгж мэдээ нь тухайн үйл явдлыг тусган дамжуулж байгаа болохоос биш, оюуны бүтээл гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөггүй. Үүнийг тусгалын сэтгүүл зүй гэх нь бий. Дээр хэлснийг тодруулбал, сэтгүүлч аливаа асуудлыг хөндөхдөө мэдээлэл, баримт, судалгаагаа өөрөө цуглуулан боловсруулж, дүн шинжилгээ хийн, нийтэлдэг. Энэхүү бүтцийг хэлбэр хэмээж, оюуны өмчөөр хамгаалдаг гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ AI оюуны өмчид захирагддаггүй. Тэр дуртай газраасаа хүссэн мэдээллээ “сугалаад” авчихдаг. Хамгийн зэвүүн нь тухайн бүтээлийг бүтнээр нь үг, үсэггүй хуулчихдаггүй. Агуулгаас нь авч ашигладаг учраас энд оюуны өмчийг нөхөн хэлэлцэх ямар ч боломжгүй юм. Тиймээс яг манай нөхцөлд одоогоор хиймэл оюунаас бүтээлээ хамгаалах тухай ярихад эрт байна. Нөхцөл нь бүрдээгүй гэсэн үг л дээ. Зарчмын хувьд ч та, бидний цуглуулж, түгээсэн сэтгүүл зүйн бүтээл, мэдээлэл нь нийтэд хэрэгтэй л бол ил байх ёстой. Тэр чигээр нь хуулаад гаргачихвал харин оюуны өмчийн хулгай болно. Хамгийн гол нь сэтгүүл зүйн ч бай, тухайн бүтээлийн баримт, агуулга, мэдээлэл нь дангаараа оюуны өмчид хамаардаггүй, хамгаалагддаггүй. Энэ асуудлыг олон улсад ёс зүйгээр л зохицуулж байна. Тийм нэртэй, тэрний бүтээлээс эш татав гэдэг ч юм уу, эх сурвалжийг нь заавал дурдахыг зөвлөж буй. Гэхдээ хиймэл оюунд ёс зүйг кодолж болдоггүй нь хэцүү” гэж ярилаа.
БҮТЭЭЛЭЭ ҮНЭД ХҮРГЭХ БОЛОМЖ НЬ БЛОКЧЭЙН
Сэтгүүл зүйн судлаачид “Хиймэл оюун ухаан сэтгүүлчдийн бүтээлийг хулгайлж, оюуны өм¬ чид халдан, үнэ төлбөргүй ашиглаж байна гэж яривал гадаадынханд инээдтэй сонсогдоно” гэв. Учрыг нь тодруулбал, сэтгүүлчид бүтээлийнхээ баримт, мэдээллүүдийг анхдагч эх сурвалжуудаас цуглуулж бэлтгэдэг. Ингэснээр онол талаасаа сэтгүүлч хоёрдогч эх сурвалж болдог байна. Харин хэвлэл мэдээллийн байгууллагууд гуравдагч эх сурвалжийн үүрэг гүйцэтгэдэг аж. Гуравдагч эх сурвалжууд редакцын түвшинд бүтээлээ хамгаалуулах эрхтэй. Гэхдээ сэтгүүлчдийн бичсэн санаа, өнцөг өөрийнх нь мэт боловч үүнийг хуулиар, оюуны өмчөөр хамгаалах боломжгүй гэнэ.
Тэгээд яах юм бэ гэдэг асуулт дахиад л хөвөрнө. Гаргалгаа нь юу вэ гэхээр хиймэл оюуныг дагаад бид өөрсдөө хөгжих ёстой аж. С.Амартүвшин багш энэ талаар “AI эрчимтэй хөгжиж буй өнөө үед хэвлэл мэдээллийн байгууллагууд блокчэйн технологи руу шилжихгүй л бол бүтээлээ хэзээ ч үнэд хүргэж чадахгүй. Үгүй бол энэ бүхэн хүний хүчин зүйлээс үл хамааран юу ч биш болно. Оюуны өмчүүд ямар ч үнэ цэнгүйд хүрнэ. Блокчэйн нь энгийнээр цахим мэдээллийн сан юм. Түүнийг үүсгэх болон хуваалцах боломжтой мэдээллийн зохион байгуулалт гэж хэлж болно. Тэгвэл блокчэйн технологийн тухай сүүлийн үед яагаад ярих болов. Уг технологид суурилсан сэтгүүл зүй нь юугаараа давуу талтай вэ гэхээр нэгж бүтээлийг болон агуулгыг нь үнэ өртөгтэй болгодогт учир бий. Хэвлэл мэдээллийн байгууллагууд уг системд шилжсэнээр сэтгүүлчийн бүтээлийг үнэ цэнтэй болгож, хамгаална гэсэн үг. Учир нь хиймэл оюун блокчэйн технологи руу шууд нэвтрэх боломжгүй. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд бүтээлээ өөрсдөө л хамгаалах нь зөв алхам юм. Тухайлбал, танай сонины хувьд редакцын түвшинд бүтээлээ блокчэйнээр хамгаалуулж болно. Гэхдээ “Сонин бидний оюуны өмч” гэхээсээ илүүтэй түүнийг цахим орчинд хэн нэгэн уншиж, ашиглах боломжийг олгож, ингэхдээ тодорхой хэмжээнд төлбөр төлүүлдэг болгох хэрэгтэй. Блокчэйн энэ боломжийг олгодгоороо л давуу талтай. Бид шинжлэх ухааны ном, өгүүлэл цахимаар уншихдаа тав, арван ам.доллар төлөх нь бий. Үүнийг л хамгаалагдсан, үнэ цэнтэй бүтээл гээд буй юм. Манайхан энэ зам руу л явах ёстой” хэмээсэн.
“NEW YORK TIMES” СОНИНЫХОН “OPENAI”-Г ШҮҮХЭД ӨГСӨН НЬ
Улс орнууд ч эхнээсээ хиймэл оюунтай “дайтаад” эхэлжээ. Тэр дундаа AI-аар бүтээсэн контент, сэтгүүл зүйн бүтээлүүдтэй мэргэжлийнхэн “заргалдаж”, зохиогчийн эрх, мэдээллийн үнэн зөв байдал, хуурамч мэдээллийн тархалтаас сэргийлэх үүднээс тодорхой дүрэм, журам гарган, хууль, эрх зүйн баримт бичгүүд боловсруулан, зарим нь хэрэгжүүлж эхлээд байна. Жишээ нь, Европын Холбоо хиймэл оюуны тухай хуулиа өнгөрсөн жил баталж, AI бүхий контент, мэдээ, зураг, бичлэгт “Энэ нийтлэлийг хиймэл оюун ухаанаар бүтээв” гэх зэрэг тодорхой хаяг, тэмдэглэгээ хийлгэдэг болж.
АНУ-д төрийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг AI ашигласан тохиолдолд мөн л тусгай тэмдэглэгээ заавал тавих, үнэн зөвийг нь баталгаажуулах, хүний оруулсан хувь нэмрийг тодорхой хувиар харуулах гэх мэт журам гаргажээ. Улмаар АНУ-д медиа, кино урлагийн салбарт хиймэл оюуныг ашигласан бол зохиогчийн эрх олгохгүй гэх мэтээр заасан аж. Сонирхуулахад, “New York times” сониныхон нийтлэлийг нь зөвшөөрөлгүйгээр ашиглаж, түүнээс сэдэвлэсэн нийтлэл бичиж байна гэж үзэн, “OpenAI”-г өнгөрсөн жил шүүхэд өгсөн тухай мэдээлэл олон улсад цацагджээ. Одоогоор эл маргаан эцэс болоогүй. “OpenAI”-г мэдээллийн эх сурвалжийг дурдахгүйгээр, сонины бүтээлийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа нь хууль бус үйлдэл гэж тэд үзсэн талаараа мэдээлжээ. Мөн БНХАУ-д хиймэл оюуны тусламжтайгаар хуурамч мэдээлэл түгээвэл хуулийн хариуцлага хүлээлгэдэг болсон гэнэ.
НҮБ-аас ч хиймэл оюуныг хариуцлагатай ашиглахыг зөвлөж буй юм. Тус байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс 2025 оны Хүний хөгжлийн илтгэлийг саяхан танилцуулсан билээ. Энэ удаагийн илтгэлийг “Хиймэл оюуны эрин дэх хүмүүсийн сонголт ба боломжууд” хэмээн нэрлэсэн нь учиртай. Дэлхий дахинд хүний хөгжлийн ахиц дэвшил удааширч, эсрэгээрээ AI, түүний хэрэглээ асар хурдтай тархаж буй. Хүн төрөлхтний хөгжлийн өсөлт 1990 оноос хойших хамгийн доод түвшиндээ хүрснийг дээрх илтгэлд онцолжээ. Бүр хиймэл оюуныг ашиглаж, хүний хөгжлийг хурдасгах уу гэдэг сорилт ч тулгарч байгаа гэх.
Хиймэл оюуныг бид бүтээж байна уу, эсвэл “тэд” биднийг өөрчлөөд байна уу гэдгийг нухацтай бодох цаг ирсэн гэдгийг НҮБ-ынхан хэлсэн. Тиймээс ч хүн төрөлхтөн хиймэл оюуныг яаж ашиглах вэ гэдэгт илүүтэй төвлөрч, ёс зүйтэй, хүртээмжтэй, хүн төвтэй бодлого хэрэгжүүлэх хэрэгсэл байлгахын төлөө ажиллах шаардлагатай хэмээлээ.