Европа лигийн аваргын төлөөх тоглолт өнөөдөр Испанийн Бильбао хотын “СанМамес” цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ улирлыг тун тааруухан амжилттай үдэж буй Английн “Тоттенхэм”, “Манчестер юнайтед” багийн аль нэг нь цомын эзэн болж, нэр төрөө аврах юм.
ХОЁР БАГИЙН ФОРМ ЯМАР БАЙНА ВЭ
“Тоттенхэм” лигтээ зургаан тоглолт дараалан хожил байгуулаагүй (таван хожигдол, нэг тэнцээ). Сүүлийн 11 тоглолтдоо зөвхөн “Саутхэмптон”-ыг л хожиж, хүснэгтийн 17 дугаар байрт бичигдэж байна. А.Постекоглугийн баг цаашид 15 дугаар байраас дээш ахихгүй агаад ингэснээр багийнхаа түүхэнд хамгийн муу амжилтыг давтана, эсвэл шинэ анти-рекорд тогтоож магадгүй юм. Харин “Юнайтед” лигтээ найман тоглолт дараалан ялалтын бараа хараагүй төдийгүй энэ улиралд 18 удаа хожигдож багийнхаа түүхэн дэх хамгийн тааруу амжилтыг үзүүллээ. Тиймээс тэднийг хүснэгтийн 16 дугаар байр хүртэл унасанд гайхах хэрэггүй юм. Ард нь доод лиг рүү унах нь тодорхой болсон гурван багаас гадна өмнө дурдсан “Тоттенхэм” бичигдэж байна. Энэ бүхнээс дүгнэхэд эл хоёр багийн хувьд Европа лигт түрүүлэх нь Премьер лигт аймшигтай муу тоглосон нүглээ цайруулах цорын ганц боломж юм. Лондонгийн баг Европын цомын тэмцээнүүд дунд статусаараа хоёрдугаарт ордог уг тэмцээний финалд 30 жил шалгараагүй. Тэд хамгийн сүүлд 1983-1984 оны улиралд “Андерлехт” багийг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ялж УЕФА-ийн цомд түрүүлж байв. Харин үүнээс өмнө 1972 (Вулверхэмптон), 1974 (Фейеноорд) онуудад тус цомын эзэн болж байсан бол “улаан чөтгөрүүд” 2017 онд “Аякс”- ыг 2:0-ээр ялж Европа лигт аваргалсан түүхтэй. Харин “Тоттенхэм” 2019 онд, “МЮ” 2021 онд Европын цомын финалд хамгийн сүүлд шалгарч байжээ. Тухайн үед Лондон хотын баг “Аваргуудыг лиг”-ийн финалд “Ливерпуль” багт, манкунианчууд Европа лигийн финалд “Виллареал”-д тус тус ялагдаж байсан. Энэ улиралд Европын цомын тэмцээнүүдэд зөвхөн “Манчестер юнайтед” л огт хожигдолгүй финалд шалгараад байна. Европа лигийн түүхэнд ийм тохиолдол өмнө нь долоон удаа гарч байсан юм. Түүнчлэн Европын цомын тэмцээний нэг улиралд хамгийн олон гоол оруулсан дээд амжилтыг “МЮ” эвдэхэд ойрхон ирээд буй. Тус баг энэ улирлын явцад 35 гоол оруулсан агаад тэдний өмнө “Порту” (2010-11 оны улиралд 37 гоол), “Челси” (2018-19 оны улиралд 36 гоол) бичигдэж байна.
ГЭМТЭЛ, ТОРГУУЛЬ
“Тоттенхэм”-ийн Р.Драгушин, Д.Скарлетт, Л.Бергвалль, Ж.Мэддисон, Д.Кулушевски, “Манчестер Юнайтед”-ийн Л.Мартинес, Ж.Зиркзе, М.де Лигт нар өнөөдрийн тоглолтод оролцох боломжгүй.
ХООРОНДЫН ТОГЛОЛТ
Өнгөрсөн оны есдүгээр сард “Тоттенхэм” Премьер лигт “МЮ”-г 3:0-ийн харьцаатай ялсан. Уг тоглолтын 42 дахь минутад Б.Фернандеш улаан хуудас авч багаа хөөдөж байв. Харин арванхоёрдугаар сард болсон Лигийн цомын тэмцээний шөвгийн наймд мөн л “Тоттенхэм” (4:3) ялагчаар тодорч байлаа. Хоёр багийн гурав дахь тулаан өнгөрсөн хоёрдугаар сард болоход Ж.Мэддисоны цор ганц гоолын ачаар Лондонгийн баг дахин ялсан юм. Түүх сөхвөл, хоёр баг хоорондоо 202 удаа тоглоход “МЮ” 94 удаа, “Тоттенхэм” 56 удаа ялж байжээ.
ТААМАГ
О.Аморимын баг энэ улиралд Европа лигт хамгийн олон гоол оруулаад байна. Гэхдээ тэдний хамгаалалт тийм ч сайн биш, үүнийг нь “Тоттенхэм” хамгийн сайн мэдэж буй. Тэд энэ улиралд “МЮ”-тэй гурван удаа таарч тоглон бүгдэд нь хожихдоо багадаа хоёр гоолын боломж үүсгэсэн агаад хоёр тоглолтод гурваас олон гоол оруулсан гэдгийг мартаж болохгүй. Олон гоол орох магадлалтай уг тулаанд “Тоттенхэм” илүүрхэх боломжтой.
Н.Энх