Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалах политехник коллежийн цэргийн алба, Суртал хүмүүжлийн тасгийн дарга, хошууч, Монголын туухайт спортын тамирчин, ОУХМ Г.Цолмонхүү энэ спортоор хичээллэж, богино хугацаанд амжилт гаргаж байгаа. Тэрбээр өдгөө олон улс, тивийн тэмцээнд эх орон, байгууллагаа төлөөлж оролцдог шилдгүүдийн нэг болсон. Казахстаны Астана хотод 2022 онд зохион байгуулсан туухай өргөлтийн Азийн АШТ-ий сонирхогчийн ангилалд түрүүлсэн бол дараа жил нь мэргэжлийнхэд өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн юм.
-Киргизстаны Бишкек хотод болсон туухай өргөлтийн Азийн АШТ-д Монголын тамирчид өрсөлдсөнөөс зарим нь түрүүлж, медаль хүртэж байна. Та яагаад оролцсонгүй вэ?
-Миний хувьд Бүгд Найрамдах Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр сонгон шалгаруулалтад орж байгаа. Тиймээс энэ жил гадаадын тэмцээнүүдэд оролцож амжихгүй. Хамгийн сүүлд Монголын туухайт спортын холбооноос өнгөрсөн гуравдугаар сард анх удаа зохион байгуулсан насанд хүрэгчдийн УАШТ-ий (+92 кг) мэргэжлийн ангилалд оролцож түрүүллээ. Зэвсэгт хүчний байгууллага жил бүр туухай өргөлтийн тэмцээн явуулж, аваргуудаа шалгаруулдаг. Би Үндэсний батлан хамгаалахын их сургуульд ажилладаг. Сургуулийнхаа биеийн тамирын багш нартай хамтарч, 2025 онд туухай өргөлтийн АШТ-ийг мэргэжлийн ангилалд зохион байгуулсан юм. Мэргэжлийн ангилалд оролцдог эрэгтэй тамирчид 32, эмэгтэйчүүд 24 кг-ын улаан өнгөтэй хос туухай өргөдөг. Хүмүүс сонирхогч, мастер, мэргэжлийн ангиллынхан ямар өнгөтэй, хэдэн кг-ын туухай өргөдгийг тэр бүр мэддэггүй. Тухайлбал, сонирхогчийн ангилалд өрсөлддөг оролцогчид 24 кг-ын туухай өргөх жишээтэй.
-Та өглөө эрт бэлтгэлээ хийдэг гэл үү. Ямар ч их ажилтай байсан хойшлуулдаггүй гэж тамирчдаас сонссон.
-Би цэргийн байгууллагад ажилладаг төрийн албан хаагч. Ажил эхлэхээс өмнө өглөө эрт босож, бэлтгэлээ хийдэг. Хүүхэд байхдаа чөлөөт бөх, пауэрлифтингээр хичээллэж, цөөн¬¬гүй медаль хүртсэн. Дараа нь цэргийн сургуу¬лийг төгсөөд Баян-Өлгий аймагт гурван жил ажиллаад Улаанбаатарт ирэхдээ Үндэсний батлан хамгаалахын их сургуульд туухай өргөл¬тийн тэмцээн болдгийг хүмүүсээс сонсож байлаа. Зэвсэгт хүчний “Марш тактик” тэмцээний төрөлд туухай өргөлт багтдаг. 2018, 2019 онд болсон тэмцээнд оролцсон ч медаль хүртээгүй. Амжилт гаргахын тулд өөртөө зорилго тавьж, энэ спортын талаар нэгбүрчлэн судалж эхэлсэн. Туухай нь хүний биеийг өв тэгш хөгжүүлж, бүх булчин, шөрмөсийг ажиллуулан амьдралын хэв маяг, сэтгэл зүй, зан чанар, хандлагад эергээр нөлөөлдөг болохыг анзаарсан юм. Туухайгаар (гийр) хичээллэхэд нас харгалздаггүй. Зай талбай бага эзэлдэг болохоор хаана ч хичээллэх боломжтой.
-Энэ спорттой анх нөхөрлөхдөө өөртөө ямар зорилго тавьж, урагшлав?
-Миний эхний зорилго бол улсын аварга болох байв. Хоёр ч удаа медалиас атгаад алдсан тул амжилт гаргасан тамирчдын бэлтгэлээ хэрхэн хийж байгаад анхаарал хандуулсан. Дэлхийн хошой аварга Э.Буджав надаас насаар дүү л дээ. Тухайн үед бид туухайгаар хичээллээд удаагүй байсан тул нэгнээ дэмжиж, бэлтгэл хамт хийдэг байлаа. Цар тахлын хөл хорионы үед ажлаа тараад бэлтгэлээ үргэлжлүүлдэг сэн. Армийн туухай өргөлтийн АШТ 2020 онд болоход оролцож, хошой мөнгөн медаль хүртсэн минь амжилтын минь эхлэл байв. Шагналаасаа урам авч, тууштай хичээллэхээр шийдсэн. Хичээл зүтгэл багагүй гаргасны хүчинд 2021, 2022 онд болсон насанд хүрэгчдийн УАШТ-ээс тус бүр гурван алтан медаль гардаж, ур чадвараа ч ахиуллаа. Тэгсэн нэг өдөр Гавьяат тамирчин Г.Үүрцолмон дасгалжуулагч “Чи Казахстаны Астана хотод болох Азийн АШТ-д оролцооч” гэж санал тавив. Тус тэмцээнд С.Туяацэцэг эгч, Н.Мадигайым, Э.Буджав бид дөрөв оролцсон. 32 кг-ын хос туухайг 10 минутын турш тасралтгүй өргөх амаргүй. Эх орноо төлөөлж оролцсон тамирчин эцэж цуцсан ч алдаа гаргах эрхгүй. Эрэгтэйчүүдээс Н.Мадигайым, бид хоёр Азийн аварга болж, Э.Буджав хошой мөнгө, эмэгтэйчүүдээс С.Туяацэцэг эгч алтан медаль гардаж, Монголын туухай өргөлтийн спортод нэгэн шинэ хуудас нээж билээ.
-Манай туухайчид өмнө нь мэргэжлийн ангилалд оролцож байгаагүй. Та нар тус ангилалд медаль хүртэж, Монголынхоо тамирчдад амжилтын жим гаргасан шүү дээ.
-Азийн АШТ-д оролцохдоо монголчууд мэргэжлийн ангилалд оролцож байгаагүйг мэдсэн юм. Казахстанаас ирээд дараа жил болох тэмцээний мэргэжлийн ангилалд өрсөлдөхөөр бэлтгэлээ шаргуу базаав. 2023 онд болсон ти¬вийн тэмцээнд хойд хөршийнхөн хүчтэй өрсөлдсөн. Мэргэжлийн ангиллын шилдгүүдтэй анх удаа өрсөлдсөн болохоор медаль хүртэнэ гэдэгтээ итгэлтэй байгаагүй. Сэтгэл зүйн хувьд тогтворгүй, хүнд оролцсон. Бусад орны тамирчид “Мэргэжлийн ангилалд оролцдог тамирчин Монголд байдаг л юм байна. Энэ удаа туршлага хуримтлуулсан бол дараагийнхад нь хичээгээрэй” гээд урам өгөх нь сайхан санагдсан. 10 минутад 86 удаа өргөж, Азийн АШТ-ээс хүрэл медаль зүүж байлаа. Туухайг хурдан өргөвөл алдах, удаан өргөвөл хожигдох магадлалтай. Амжилт гаргахад техник чухал. Хамгийн гол нь амьсгаа, хурд, хүч, мэдрэмж гээд бүх зүйлийг сайтар тооцоолох ёстой.
-Зорилго тавиад хичээвэл боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг та одоо ч харуулсаар байгаа.
-Өөрт байгаа асар их нөөц, боломжоо зөв ашиглах нь зүйтэй. Туухай тухайн тамирчин ямар хүн бэ гэдгийг бүх талаас нь таниулдаг. 10 минут өргөхөд толгойд олон зүйл бодогдоно. Төрийн далбаагаа харахаар эх орон нүдэнд харагддаг. Тэр үед энд хэдэн хүнийг төлөөлж оролцохоор ирсэн билээ гэх үүрэг хариуцлагаа маш сайн ухамсарладаг. Хамаг хөлс дусалж, туухай даах тэнхэлгүй болсон ч цаг дуустал өргөх ёстой гэж өөрийгөө зоригжуулж хурцална. Саад бэрхшээлийг сэтгэлийн хатаар туулах үед хүн өөрийгөө ялан дийлдэг юм билээ. Казахстанд болсон Азийн АШТ-ий сонирхогчийн ангилалд оролцохоор бэлтгэл хийж байтал ОХУын нэг тамирчин “Монголчууд дэлхийд хамгийн хүчтэй улс шүү дээ” гэж хэлсэн нь өөдрөг бодол төрүүлсэн. Түүний үг надад эх орон хүчтэй, тиймээс хэнд ч ялагдаж болохгүйг сануулж байлаа. Би заавал медальтай буцна гэсэн бодлоор бэлтгэлээ ч сайн хийсэн. Астанагийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн агшин миний амьдралд тохиосон хамгийн сайхан баярт мөчүүдийн нэг байв. Монгол цэргүүдээ, олон аавын хөвгүүдийг төлөөлж, амжилт гаргасандаа их баярладаг. Эх орондоо ирэхэд буурал багш минь “Та нар мөрдэстэй шүү. Араас чинь амжилтыг тань буухиалах олон тамирчин бий” гээд урам хайрласан. Багшийн хэлснээр биднээс хойш олон тамирчин амжилт гаргаж, ОУХМ цол хүртлээ.
-Олон улс туухай өргөлтийн спортыг эх орондоо хөгжүүлж байна. Гэхдээ хойд хөршийнхний амжилтыг эвдэх тамирчид одоогоор харагдахгүй юм.
-ОХУ спортын төрлүүдэд шилдэг тамирчидтай байдгийн нууц нь туухайг хүчний суурь болгож хөгжүүлсэнтэй холбоотой. Хэдийгээр өрсөлдөгч ч гэлээ тамирчид нэгнээсээ суралцдаг. Оросын тамирчид тэмцээний үед биеэ авч яваа соёл, хандлага, сэтгэл зүй, анхаарал төвлөрөл, ур чадвар, туршлага, мэдрэмж, тактик гээд олон зүйлээр үлгэрлэдэг. Туухай сэтгэл зүйн спорт. Үүгээр хичээллэдэг тамирчид өрсөлдөгчөөсөө илүү өөрийгөө ялж, амжилт гаргадаг. Өөртэйгөө их ажиллахаас гадна сэтгэл зүйгээ зөв удирдаж байж зорилгодоо хүрнэ.
-Монголын туухайчдыг тэмцээнд оролцохоор очиход гадаадын тамирчид ямар хандлагаар хүлээж авдаг вэ?
-Тэд биднийг зүгээр л сонирхож, туршлага хуримтлуулах зорилгоор өрсөлдөх байх гэсэн бодлоор хүлээж авах нь анзаарагддаг. Миний хувьд ямар ч тэмцээнд өрсөлдсөн зорилгоо эрхэмлэдэг. Түрүүлнэ гэхээс илүү өөрт байгаа нөөц, боломжоо дайчлан гаргахыг хичээнэ. Өөрийгөө Азийн аварга болно гэж хэзээ ч төсөөлөөгүй. Тамирчдын өрсөлдөөнд анхаарал хандуулалгүй зөвхөн урагшаа л харж өргөсөн. Тэгтэл аавыг минь нэрийг хэлээд Монголын тамирчин Цолмонхүү гэж зарлахад нь түрүүлжээ гэж ойлгосон. Манай улсын Төрийн дуулал сайхан аялгуутай. Медалийн тавцанд эгшиглэхийг нь сонсож зогсоход сэтгэл хөдөлж, өөрийн эрхгүй огшдог. Тивийн тэмцээнд оролцож, аваргаар шалгарсан болохоор ДАШТ-д өрсөлдөх бодол бий.
-Манайхан гадаадын тамирчдаас сэтгэл зүй өндөр, тэсвэр хатуужлаар илүү байдаг нь олон зүйлээс харагддаг уу?
-Гадаадын тамирчид олон жил хичээллэж амжилт гаргадаг бол монголчууд таван жил тууштай бэлтгэл хийгээд эн тэнцүү өрсөлддөг. Манайхнаас хаана ч очсон орчин нөхцөлд нь амархан дасаж, аливаа зүйлийг хурдан сурдаг давуу тал ажиглагддаг. Монголчуудын үе, хөл, гарын шуу нь сайн байдаг тул туухайт спортод амжилт гаргахад нөлөөлдөг. Энэ нь нүүдлийн амьдралын өвөрмөц хэв маяг, хар бор ажил хийж, адуу малтай ноцолдож өссөн ахуйтай нь холбоотой болов уу. Тэмцээнд оролцдог тамирчид нөхөрлөлийн хүрээгээ тэлдэг. Би Австрали, БНСУ, Хятад, Узбекистан, Украйн, ОХУ-ын Буриад, Энэтхэг улсын тамирчидтай байнга холбоотой байж, мэдээлэл солилцдог юм. Тэд Киргизстаны Бишкек хотод зохион байгуулсан Азийн АШТ-ий өмнө надтай холбогдож “Чи ирж, бидэнтэй хамт оролцооч” гэж санал тавьсан. Миний хувьд энэ удаа оролцохгүй ч Бүгд Найрамдах Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хугацаандаа бэлтгэлээ таслахгүй хийсээр байх болно. Туухай нас харгалздаггүй спортын төрөлд багтдаг тул хүмүүс хэдэн насандаа ч хи¬чээллэж, амжилт гаргаж болдог. Биднийг тивийн тэмцээнээс медальтай ирсний дараахан сонирхогчийн ангилалд оролцдог олон залуус урам авч, мэргэжлийнхэд өрсөлдөж байна.
-Туухайгаар хичээллэсэн хүний эрүүл мэндэд олон эерэг өөрчлөлт гардаг гэж ярих юм.Та энэ талаар сонирхолтой зүйл өгүүлэх байх.
-Тийм ээ. Тухайлбал, ясыг бэхжүүлж, булчингийн шөрмөс, эд эсийг ажиллуулан, дотор эрхтэнүүдийн өвчлөлийг эдгээнэ. Биеийн дархлаа сэргэж, эрч хүчтэй болоход амьдрал идэвх дагаад сайжирдаг. Сүүлийн үед хүмүүс химийн гаралтай бүтээгдэхүүн, эмийн хэрэглээнээс татгалзаж, спортоор хичээллэн эрүүл амьдрахыг хичээдэг болсон. Би туухайтай нөхөрлөхөөсөө өмнө эрүүл мэндийн хувьд багагүй асуудалтай байлаа. Саяхан шинжилгээ өгөхөд хариу нь эрүүл гарч баярлуулсан шүү. Хүмүүс нөөц бо¬ломжийнхоо маш бага хувийг ашигладаг. Амьдрах хугацаандаа бараг ашиглахгүй өнгөрүүлдэг нь хайран санагддаг юм. Хичээллэж байгаа спортынхоо эрсдэл, давуу талыг сайтар судлаад, техникийг нь зөв сурвал цаг хугацаа алдахгүйгээр амжилт гаргаж болдог.
Дасгалжуулагчаар ажиллахын амаргүйг та зах зухаас нь мэдэрч эхлэв үү?
-Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн сонсогчид спортлог. Сүүлийн үед шавь нартай болж, мэддэг, чаддаг зүйлээ харамгүй хуваалцаж байна. Тэднийгээ мэргэжлийн тамирчнаар бэлтгэж эхэлсэн. Зарим нь түрүүчээсээ амжилт гаргаад Армийн аварга боллоо. Тэднээс гурав нь ОУХМ цолтой. Дасгалжуулагчийн ажлын хэцүүг зах зухаас нь мэдэрч байна. Хүний биеийг бэлтгэж болох ч сэтгэл зүйтэй нь харилцана гэдэг санаснаас амар зүйл биш болохыг ойлгосон. Амжилт хүнийг урмаар шагнадаг. Зорилгынхоо төлөө хичээсэн хүн мөрөөдөлдөө хүрэх сайхан. Монголчууд бурмаар шагнахаас урмаар шагна гэж ярьдаг. Тамирчин хүнд урам эрч хүч өгдөг, тууштай хөдөлмөрлөх зориг тэмүүлэлтэй болгодог юм билээ. Туухайгаар хичээллэдэг тамирчдын бие, бодол нь цэгцтэй байдаг. Би ямар ч их ажилтай байсан бэлтгэлээ хойшлуулдаггүй. Намайг эхнэр, ээж минь маш их дэмждэг. Манайх гурван охинтой. Том охин минь туухайгаар хичээллэх сонир¬холтой. Тууштай хичээллэвэл дуртай дэмжинэ
-Энэ спорт тухайн тамирчны хатуужил тэсвэрийг маш их шалгадаг гэдэг дээ.
-Жин нэмэхээс хасах нь хүнд. Сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж, тогтворгүй болгодог. Хатуужил тэсвэрийг маш их шалгана. Хүн л юм чинь халширч, шантарна. Азийн АШТ-д оролцохдоо найман кг хассан. Хоол хийсэн ч олигтой шөл гарахгүй. Алим идсээр байгаад л өрсөлдсөн дөө. Тамирчин хүнд амжилт амархан ирдэггүй. Энэ мэтчилэн саад бэрхшээлүүдтэй нүүр тулах энүүхэнд. Бэлтгэл хийхдээ наанадаж 20 мянган удаа өргөж, техникийг нь зөв эзэмшдэг. Туухайгаар хичээллэхэд уян байх хэрэгтэй. Маш хурдан сурна. Өдөр бүр хөлс дуслуулж хөдөлмөрлөсөн хичээл зүтгэл минь нэг л өдөр амжилт болж ирэхийг харах хамгийн сайхан. Хожим туухайт спортын клуб байгуулж, мэргэжлийн тамирчдыг багаас нь бэлтгэхийг хүсдэг. Миний зорилго энгийн, бас тодорхой. Энэ спортод олныг уриалж, нийтийн биеийн тамир болгож хөгжүүлэхийг зорьж байгаа. Тамирчин хүнийхээ хувьд мэргэжлийн ангилалд амжилтаа ахиулж, дэлхийн аварга болох зорилгодоо хүрнэ гэж боддог.