2024.04.19 Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Засгийн газраас өргөн барьсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг УИХ батлав. Ингэснээр мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн гурилыг дараа сарынх нь 1-нээс гаалийн татваргүй импортолж эхэлсэн юм.
2025.01.24 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа.
2025.04.30 Эл хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлэхийг гишүүд дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
2025.05.16 Гурил, улаан буудай, малын тэжээлд импортын татвар ногдуулах хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, санал хураахад гишүүдийн олонх дэмжсэнгүй.
УИХ, Засгийн газар өвөлжилт, хаваржилтын хүндрэлтэй холбогдуулан одоогоос жил гаруйн өмнө ийм нэг “халуун сэтгэлт” шийдвэр гаргаж байв. Малчид, хөдөө, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, хямд үнэтэй гурил, тэжээлээр хангах халуун сэтгэлээр гаргасан гэх энэхүү шийдвэр нь угтаа сонгууль угтсан шоу, дотоодын зах зээл дэх шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нэрийн дор үндэсний үйлдвэрүүдээ нухчин дарах хортой бодлого гэдгийг тухайн үед олон нийт анхааруулж, шүүмжилж байсан бол өнөөдөр үр дүнг нь бодитоор харж, амсаж байна. Энэ хуулийг хэрэгжүүлснээс хойших жил гаруйн хугацаанд юу өрнөв, ямар өөрчлөлт гарав гээд харвал хохирол нь хожлоосоо хол илүү тасарсан. Гурил импортолдог наймаачид л хэд гурван төгрөгийн ашиг олсон уу гэхээс бусад нь гавьтай үр өгөөж хүртээгүй. Гурилын үнэ ч энэ хугацаанд сүртэй хямдарч, тогтворжин, зах зээлд шударга өрсөлдөөн бий болсонгүй, зорилтот бүлэг болох малчид, орон нутгийн иргэдийн амьдралд ч эл шийдвэр дорвитой нөлөө үзүүлсэнгүй. Харин нийгэм, эдийн засагт илт мэдрэгдэхүйц, хор хохиролтой нэгэн үйл явдал өрнөсөн нь дотоодын гурилын үйлдвэрүүдээс цөөнгүй нь хаалгаа барьж, тариалан эрхлэгчид “ажил хаях”аас аргагүйд хүрсэн нь байлаа. Тэгвэл хөдөө аж ахуйн салбарт нүүрлэсэн энэ хямрал цаашид улам гүнзгийрч, зарим хүний хэлж буйчлан Монголын газар тариалан бүхэлдээ “атаршиж” болзошгүй нөхцөл үүсэв. Гурил, улаан буудайд импортын татвар ногдуулах хуулийн төслийг парламентын гишүүд “унагаасан” нь ийн муугаар зөгнөхөд хүргэж байна.
Гаалийн татварыг тэглэсний улмаас дотоодын дөрвөн аж ахуйн нэгж хаалгаа барьж, үлдсэн цөөн үйлдвэр нь 20-40 хувийн хүчин чадлаар ажиллахад хүрч, импортын хамаарал 40 хувиас даван, тариалалт 50 гаруй га талбайгаар, ургацын хэмжээ 30-40 хувиар буурч, газар тариалангийн салбар нэг тэрбум орчим төгрөгийн хохирол амссаныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрынхан мэдээлсэн юм. Энэ бол зөвхөн мөнгөн дүнгээр хэмжиж болохуйц буюу өнгөц хохирол. Сүү¬ лийн жил гаруйн хугацаанд алдсан боломж, үйлдвэрлэлийн үр ашиг, манайх шиг жижиг зах зээлд бизнес бойжуулах нөхцөл зэргийг харгалзвал энэ хохирол талийна. Тодруулбал, эл шийдвэр газар тариалангийн салбарт үлэмж хэмжээний хохирол учруулчихсан гэсэн үг. Зах зээлээс шахагдаж, урьдын адил үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрсэн үйлдвэрүүд, тариалан эрхлэгчдийн хувьд эцсийн найдвар нь “гаалийн татварыг сэргээх” хуулийн төсөл байв. Тиймдээ ч төсөл өргөн барих сураг чимээ гарсан үеэс чих тавьж, харзнасаар хаврын тариалалтын үетэй золгосон юм. Одоо тэд хэрхэх учраа олохгүй тэвдэцгээж байна. Газар тариалангийн салбарыг дэмжинэ, “Атар-IV” аяныг орон даяар хэрэгжүүлнэ гэх төр засгийн саймшралд найдан эргэлтийн хөрөнгийн зээл авч, тариалангийн талбайдаа гарахаар хүн хүч, техник хэрэгслээ зэхсэн тариаланчид хүнд цохилтод орлоо.
Энэ төрлийн бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх талаар хамгийн анх “нухацтай” ярьж, хуулийн төсөл санаачлан боловсруулсан хүн нь тухайн үеийн ЗГХЭГ-ын, одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан юм. Тэрбээр уг хуулийг хүчингүйд тооцох хуулийн төслийг хэлэлцэх үеэр ч өөрийн “автор”-той санаачилгаа чуулганы индрээс илт хамгаалж, дотоодын гурилын үйлдвэрүүдийг чичлэв. УИХ-ын дарга “Гурилын салбарт олигопол, монопол зах зээл бий болсныг мэргэжлийн байгууллагынхан удаа дараагийн дүгнэлтээрээ баталчихсан. Гурилын үнэ 2021 оныхоос 78 хувиар өссөнийг ШӨХТГ (одоогийн Монополын эсрэг газар)ынхан 2023 онд тогтоогоод, үгсэн хуйвалдсан үйлдвэрүүдэд шаардлага хүргүүлсэн. Гэтэл дотоодын үйлдвэрүүд шүүхэд хандаж, заргалдан, албан шаардлагыг хоёр жилийн хугацаанд царцааж байв. Төр үнийн өсөлттэй тэмцэх гэхээр гурилын үйлдвэрүүд ийм байдлаар эсэргүүцдэг. Дотоодын үйлдвэрүүдийг муу, эсвэл үйл ажиллагаа явуулах шаардлагагүй гэж хэлээгүй. Мэдээж салбараа, тариалан эрхлэгчдээ, үйлдвэрүүдээ хамгаалах ёстой. Гэхдээ хэрэглэгчийн эрх ашгийг хэн хамгаалах юм бэ. Дотооддоо үйлдвэрлэл явуулж л байвал хэрэглэгч хохирох нь, үнэтэй бүтээгдэхүүн нийлүүлэх нь хамаагүй гэсэн үл ойшоох маягаар асуудалд хандаж болохгүй. Хэрэглэгчийн гар дээр очиж байгаа бүтээгдэхүүнийг яаж чанартай, хямд байлгах, зах зээлээ хэрхэн шударга болгох вэ гэдгийг ярих ёстой. Иргэдэд өнөөдөр хамгийн их тулгамдсан, сүүлийн жилүүдэд яригдаж буй ганц бэрхшээл нь үнийн өсөлт. Хэрэглэгчдэд хямд үнийн сонголт бий болгох шаардлагатай” хэмээн дээрх төслийг эрс эсэргүүцсэн. Энэ нь ч парламентын гишүүдийн санал, байр суурьт тодорхой хэмжээнд нөлөөлөв. Харин салбарын сайд нь “Газар тариалангийн түүхэнд хараар бичигдэх харамсалтай үйл явдал боллоо. Монгол Улсын үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд ноцтойгоор харшлах шийдвэрийг энэ парламент гаргалаа. УИХ-ын дарга энэ бүхнийг удирдан зохион байгуулсанд гутаж, харамсаж байна” гэсэн гомдол, харууслын үг дайсан юм. Үүний дараахан парламентын спикер лүү чиглэсэн шүүмжлэл, дайралт газар авч, харин эсрэгээрээ Ж.Энхбаярыг дэмжсэн байр суурь, сэтгэгдэл давамгайлав. Үүссэн нөхцөл байдлыг томоор нь зураглавал энэ бол хоёр улс төр¬ чийн хоорондын зөрчил, тэмцэл төдий асуудал биш, манай Засгийн газрын хөрсөндөө буудаггүй, ам, ажил нь ямагт зөрдөг, нам, улс төрийн ашиг сонирхлоо хэзээд дээгүүрт тавьж, уялдаа холбоогүй бодлого, шийдвэр хэрэгжүүлж ирсний л бодит жишээ юм.
Монгол Улс хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийхээ 80 орчим хувийг импортоор хангадаг. Өчнөөн хөрөнгө мөнгө заран байж улс даяар хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дотоодоосоо 100 хувь хангах зорилт дэвшүүлсэн цөөн хүнсэнд гурил, гурилан бүтээгдэхүүн багтаж буй. Гэтэл сонгуулийн халууралд автаж, “сохорсон” улс төрчид төрийн бодлого, төлөвлөгөө, зорилтыг үл хайхран ийм хуудуутай шийдвэр гаргаж, бушуу туулай борвиндоо баастайн үлгэрээр хуулийн төсөл яаран сандран баталсан. Харин одоо газар тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Атар-IV” аян өрнүүлж, тариаланчдад нэг их наяд орчим төгрөгийн зээл олгох гэж байна. Төрийн бодлого ямар туйлбаргүй, төсөл, хөтөлбөрүүд нь ямар “амьдралгүй” вэ гэдгийг эндээс харж болно.
Гурил, улаан буудайн татварыг тэглэгчид дотоодын зах зээлээ эрүүлжүүлж, хэрэглэг¬ чийн эрх ашгийг хамгаалахыг урьтал болгосон хэмээн хуумгай шийдвэрээ хаацайлдаг. Гэвч үнэхээр дотоодын зах зээлийг эрүүлжүүлэх зорилготой, хэрэглэгчийн нийтлэг эрх ашгийг хамгаалах бодлого баримталсан бол энэ асуудлыг эхнээс нь яагаад Өрсөлдөөний болон Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийн дагуу шийдсэнгүй вэ. Зарим эдийн засагч, судлаачдын санал дэвшүүлсэнчлэн гурилын татварыг тэглэх биш, зах зээлийн тооцоололд үндэслэн яагаад үе шаттай бууруулсангүй вэ. Дотоодын зах зээлд шударга өрсөлдөөнийг хангах ёстой газар нь ажлаа хийгээгүйн төлөө засаг яагаад тэдний өмнөөс бизнес эрхлэгчидтэй дайсагнана вэ. Монополтой тэмцэнэ, үнийн өсөлтийг хязгаарлана гээд импортын татварыг тэглээд, гадаадаас ижил төрлийн бүтээгдэхүүн хямдаар нийлүүлсээр байвал үйлдвэрлэл хөгжөөгүй манайх шиг улс улам л модоо барина. Эрх баригчид, улс төрчид үүнийг мэдсээр байж үндэсний үйлдвэрүүддээ ямар ч боломж, сонголт олгохгүйгээр буланд шахаж буй нь эцсийн дүндээ ямар далд зорилготой вэ. Хэрэглэгчдэд өнөө маргаашдаа хямд үнээр бүтээгдэхүүн нийлүүлэх нь чухал уу, хуулийн хүрээнд зохицуулалт хийх байдлаар үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж, дотоодын зах зээлээ хамгаалах нь үнэ цэнтэй юү. Ингээд цааш “эмхэрдээд” байвал учир битүүлэг, ухаж төнхөх зүйл энэ шийдвэрийн цаана өчнөөн. Үүнд дорвитой хариулт өгч чадахгүй байж зарим улс төрч “Гурилын үйлдвэрүүд чинь хэзээнээсээ дампуураад, бүрэн хүчин чадлаараа ажиллахаа больсон шүү дээ” хэмээн даапаалж суугаа нь ичгэвтэр. Нэр бүхий гишүүний “Туурга тусгаар улс гэдэг үйлдвэрлэгч, баялаг бүтээгч, өөрийнхөө зах зээлийг хамгаалагч байх ёстой. Угтаа гаалийн албан татварыг дотоодын зах зээлээ хамгаалж, үйлдвэрлэлээ дэмжих, эдийн засгаа өсгөж, ажлын байраа нэмэгдүүлэх, амьдралын чанараа сайжруулах зорилгоор тогтоодог юм. Үүнийгээ бид бодлогоор үгүй хийж, гурил, цементээс эхлээд боловсруулах, баяжуулах салбараа гадаадын зах зээлд алдаж байна” гэснийг энэ цаг үед хамгийн чанга дуугарч буй их мэдэгчдэд хариулт болгон дайя.
Н.Мишээл