Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт өнгөрсөн жил барьж, ашиглалтад оруулсан 30 МВтын хүчин чадалтай “Эрдэнэ” нарны цахилгаан станцынхан Монгол Улсад анх удаа нэгэн туршилтыг өнгөрсөн сард амжилттай хийжээ. 20 МВт/80 МВт. цаг батарей хуримтлуур, 110/10 кВ дэд станц, инвертерээс бүрдэх тус станц нь төвийн бүсийн нэгдсэн системд ямар нэг осол, саатал гарсан үед бие даан ажиллаж, хэрэглэгчийг найдвартай эрчим хүчээр хангах чадвартайгаараа онцлог юм. Батарей хуримтлуураас 110 кВ-ын 15 км шугамаар дамжуулан Замын-Үүд сумын цахилгааны хэрэглээг хангах туршилтыг амжилттай хийснээр уг технологийг Монгол Улсад нэвтрүүлсэн анхны сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болж чаджээ. Тэд энэхүү туршилтын дараа шугам сүлжээний засварын үеэр болон гэнэтийн саатлын хоёр ч тохиолдолд тус сумыг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангаж ажилласан байна. Ийнхүү батарей хуримтлууртай хоршин ажилласнаар “Эрдэнэ” нарны цахилгаан станц бие даан Замын-Үүд сумыг цахилгаанаар хангах боломжтой боллоо. Манай улс 2030 он гэхэд эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 30 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангах үүрэг, амлалтыг олон улсын өмнө хүлээсэн тул шинээр 500 МВт-ын салхин, 426 МВтын нарны, 116 МВт-ын усан цахилгаан станцын төслүүдийг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын дагуу зарлахаар Эрчим хүчний реформын үндэсний хорооноос төлөвлөжээ.