Японы эрх баригч Либерал ардчилсан намын хандивын арга хэмжээ (өнгөрсөн ням гараг)-ний үеэр Хөдөө аж ахуй, загас агнуурын сайд Это Такугийн хэлсэн зохисгүй үг олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарснаар тэрбээр албан тушаалаасаа огцрохдоо тулав. Тодруулбал, сайд Это Таку “Би цагаан будаа худалдаж авдаггүй. Дэмжигчид маань их хэмжээний будаа манайд бэлэглэдэг. Хэрэглэж барахгүй байгаа учраас зарсан ч яах вэ” хэмээн хошигножээ. Тэгвэл энэ нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд дарлуулж байгаа ард иргэдийнх нь дургүйцлийг ихэд төрүүлсэн байна.
Улмаар хэвлэл мэдээллийнхнээс эхлээд сөрөг хүчнийхэн, Ерөнхий сайд Ишиба Шигэрү хүртэл түүний үйлдлийг хурцаар шүүмжилсэн аж. Үүнээс гарах гарцгүй болсон Это Таку өчигдөр 08.00 цагт Ерөнхий сайдтай уулзаж, огцрох өргөдлөө өгчээ.
Японд цагаан будааны үнэ таван кг тутамдаа 4220 иен буюу 29 орчим ам.долларт хүрсэн нь сүүлийн 50 жилд байгаагүй өндөр үзүүлэлт гэнэ. Ийм үед “Цагаан будаа үнэгүй хэрэглэдэг” гэсэн Хөдөө аж ахуйн сайдын хошигнол нь цагаа олоогүй байсан нь мэдээж. Это Таку ч үүнийгээ ухамсарлаж, ард түмнээсээ уучлалт гуйн огцрохоор болсныг манайхан сайшааж, “Монголын эрх баригчид улс төрийн наад захын ийм соёл мэддэггүй. Харин ч бүр сандал суудалтайгаа зууралдахын төлөө үхэн хатан тэмцсээр байгаа нь ичгэвтэр. Тэд хууль зөрчсөн ч хэзээ ч сайн дураараа албан тушаалаасаа огцрохгүй” гэх зэргээр нийгмийн сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлжээ.
О.Ундрах