Үе үеийн Засгийн газар, хотын удирдлагууд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулж, амьдрах орчныг сайжруулах амлалт, зорилтыг бодлого, үйл ажиллагааныхаа тэргүүнд эрэмбэлж ирсэн. Гэвч Улаанбаатарын уур амьсгал, экосистемийг тэжээн тэтгэгч, зөөллөн цэвэршүүлэгч амьтай бүхэнд дайсагнан халдаж, сүйтгэн устгасаар өнөөдрийг хүрлээ. Энэхүү “хоёр нүүртэй” бодлого, шийдвэрүүдээс нь болж хотын дундуур урсдаг Сэлбэ, Дунд гол өдгөө амь тавихдаа тулав. Таван аймгийн 37 сум, нийслэлийн долоон дүүргийн нутаг дэвсгэр дамнан, хүн, малын унд ус залгуулж ирсэн Хатан Туул ч бодлогогүй, балагтай шийдвэрүүдийн нөлөөгөөр бохирдол, доройтолд гүн автаж, Хятадын Шар мөрөнтэй эн зэрэгцэх хэмжээнд очсон. Үүний араас нийслэлийн ойн сангийн үлэмж хэсгийг бүрдүүлэгч, хотын экосистемийг тэнцвэржүүлэгч дархан цаазат Богдхан уул маань “мааниа уншуулахад” тун ойрхон байна.
Монголд төдийгүй дэлхийд хамгийн эртний хэд тооцогддог эл дархан цаазат газрын амнуудыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах, хөгжүүлэх нэрийдлээр эрх мэдэлтнүүд худалдан борлуулж, хувааж аваад барчихсан гэхэд хилсдэхгүй. Уулын хойд амнуудад газар замбаараагүй олгосноос хэт төвлөрөл үүсэж, хязгаарлалтын бүсэд нь тулчихсаныг мэргэжлийн байгууллагынхан судалгаа, дүгнэлтээрээ хэдийн баримтжуулчихсан. Харин одоогийн Засгийн газар Богдханыг бүслүүрээр нь “нүхэлж”, өвөр хэсгийг нь эзлэн авч, бүрмөсөн сүйдлэх нэгэн ажлыг хэзээ мөдгүй эхлүүлэхээр бэлтгэл, төлөвлөгөөгөө базааж байна. Энэ бол нийслэлийг Төв аймагтай холбох нүхэн гарцын буюу Богдхан уулын Хүрхрээгээс Номтын ам хүртэлх хэсэгт 15.3 км авто зам, гүүр, гүүрэн байгууламж барих төсөл юм. МАН-ын болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт багтсан, БНХАУ-ын зээл, ажиллах хүчний дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх чигтэй, Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулахад хамгийн чухал нөлөөтэй гэж эрх баригчдын тодотгож буй уг төсөл олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэл дагуулсан ч бэлтгэл ажил нь хөшигний цаана өрнөсөөр байгаа. Олны шүүмжлэл, дургүйцлээс жийрхэж, болгоомжлохдоо санаачлагчид нь “Хөшигийн хөндийн туннелийн төсөл” хэмээн нэрийг нь өөрчилчихсөн.
Улаанбаатарыг Төв аймагтай буюу Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүстэй холбох нүхэн гарцыг Богдхан ууланд байгуулахад 5.5 их наяд төгрөг зарцуулна гэсэн шуум эртнээс тархсан. Харин салбарын сайд нь “Бидний ажлыг харлуулах зорилгоор үндэслэлгүй мэдээлэл тарааж байна” хэмээгээд 2.4-2.8 их наяд гэсэн тойм тоо танилцуулсан юм. Одоогоор баттай болсон мэдээлэл гэвэл Зам, тээврийн яамнаас зарласан “Хөшигийн хөндийн туннелийн төсөл”-ийн урьдчилсан ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, 55.3 тэрбумын төсөвт өртөгтэй тендерт БНХАУ-ын “China design group” хэмээх компани шалгараад байна. “Галт тэрэг” хэдийн хөдөлчихсөн, газар шороо, бүтээн байгуулалтын ажлыг нь хэзээ мөдгүй эхлүүлж болзошгүй гэсэн үг.
Нэгэн үе Богдхан уулыг тэхий голоор нь “нүхэлж”, хотын утааг бууруулах яриа газар авч, нийслэлчүүд “Арай ч ингэж муйхарлаж болохгүй ээ” хэмээн инээд ханиад болж байв. Гэтэл энэ жигтэй санаачилга яван явсаар эцэстээ хотын түгжрэл, төвлөрлийг бууруулах “шилдэг” шийдэл болоод хувирчхав. Дархан цаазат уулаа хайрлан хамгаалж, унаган төрхөөр нь хадгалан авч үлдэхийн төлөө өнгөрсөн хугацаанд хуруугаа ч хөдөлгөөгүй хүмүүс гэнэт ухаан орсон аятай “Дархан цаазат уулаа ямар болгочхоод байгаагаа хар. Бэл, хормойг нь хаус хорооллоор дүүргэж, энгэрийнх нь мод, бутыг юу ч үгүй сүйдэлчхээд зүүний сүвэгч шиг туннель барьж, хотынхоо дэд бүтцийг тэлэх гэхээр дургүйцлээ” хэмээн тархи угаах болов. Харин мэргэжлийн хүмүүс үүнийг зөвтгөж, дэмжих нэг ч шалтаг, шалтгааныг нэрлэж чадахгүй байна.
Богдхан уулыг “нүхэлж”, гарц байгуулах нь оновчтой шийдэл мөн, эсэх, нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хот төлөвлөлтөд ямар нөлөөтэй вэ гэсэн асуултын хүрээнд экологич, инженер, хот төлөвлөгч хүмүүсийн байр суурийг сонирхлоо.
ДАРХАН ЦААЗАТ УУЛАНДАА ХАЛДВАЛ МОНГОЛЧУУДЫН ИТГЭЛ ҮНЭМШИЛ РҮҮ НУЛИМСАН ХЭРЭГ БОЛНО
С.АМГАЛАНБААТАР (Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн, судлаач, доктор):
-Богдхан ууланд нүхэн гарц байгуулна гэдэг нь маш эмзэг сэдэв. Байгаль орчин, нийгэм, эдийн засаг гээд аль ч талаас нь авч үзсэн шинжлэх ухааны үндэслэлгүй, тооцоо, судалгаагүй санаачилга. Үүнийг хэн санаачлав гээд судалтал одоогийн Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болж таарлаа. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга байхдаа үүнийг сэдэж олж. Гарц байгуулснаар түгжрэл эрс буурна, сайхан болно гэж тархи угааж байгаа. Гэтэл энэ ажлын гол зорилго нь Төв аймгийн нутаг дахь Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд хүрэх дөт зам нээх л асуудал юм билээ. “Чингис хаан” нисэх буудал руу зорчигчид Улаанбаатар хотын түгжрэлд нөлөөлөхөөр, өглөө, оройд ачаалал үүсгэхээр хэмжээнд асуудал болоод байна уу гэвэл үүн шиг үндэслэлгүй зүйл үгүй. Тэгэхээр Богдхан уулыг Хөшигийн хөндийтэй холбосон нүхэн гарц байгуулснаар хотын замын хөдөлгөөний урсгал, түгжрэлд төдийлөн өөрчлөлт үзүүлэхгүй. Сүхбаатар, Баянгол гээд хотын төвийн дүүргүүдэд түгжирсэн хэвээрээ л байна. Энэ мэтчилэн зорилго, үндэслэл талаас нь харахад л уг санаачилга “стандартад” нийцэхгүй, шинжлэх ухаанч бус байгаа юм.
Богдхан бол уул, ус, тэнгэр хангайгаа онцгой ихээр тахин шүтэж, дээдлэн хамгаалж ирсэн монгол түмний хувьд хүндтэй хайрхан. Монголд төдийгүй дэлхийд хамгийн эртнийхэд тооцогдох дархан цаазат уул гэж бид сүслэн дээдэлдэг шүү дээ. Үүнийг “нүхэлж”, экосистемийг нь хөндвөл монголчуудын итгэл үнэмшил рүү нулимсан хэрэг болно. Бид “Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил эвээ олдоггүй” гэж ярьдаг, итгэдэг ард түмэн. Энэ нь байгалийн хуулийг зөрчихгүй, уул, ус, газар шороогоо дур зоргоороо хөндөхгүй, хүндэтгэлтэй хандах, эх дэлхийтэйгээ эе зохиролтой амьдрах үзэлтэй холбоотой. Нэг чулуу хөндөхөд л байгальд ямар нэгэн байдлаар нөлөөлдөг, ул мөр бий болдог гэдгийг өвөг дээдэс минь бидэнд ийн сургамжилж, анхааруулж ирсэн. Тэгвэл бүхэл бүтэн уулыг ухаж сэндийлээд, хөндийлчихөөр хэчнээн чулуу байрнаасаа хөдлөх вэ. Уг ажлыг энэ талаас нь маш олон хүн шүүмжилж, эсэргүүцэж байгаагийн нэг нь би юм.
Богд уул цэвдэгтэй. Нүхэн гарц байгуулснаар цэвдэг нь алдарч, үгүй болно. Ингэснээр хөрсний чийгшил буурч, хуурайшилт ихэснэ. Тухайн бүс дэх мод, ургамал устаж эхэлнэ. Ойн экосистем доголдоод ирэхээр биологийн олон янз байдал ч алдагдана. Үндсэндээ байгальд, хотын иргэдийн амьдралд, нийгэм, эдийн засагт олон талын сөрөг нөлөө үзүүлэх нь эргэлзээгүй. Тэнд газар шорооны ажил эхлүүлсэн үеэс туруутан амьтад нийслэлээс дайжина. Хотын төв, суурьшлын бүс рүү дайжиж орж ирсэн амьтад зэрлэгшсэн нохдод бариулна, машинд дайруулна. Хамгийн ойрын эрсдэлүүд нь л энэ. Экологийн сүйрлийн нөлөөг хүн тэр дор нь мэддэггүй гэнэ л дээ. Тодорхой хугацааны дараа буюу багадаа 10 жилийн дараа илт мэдэгдэж, мэдрэгдэж эхэлдэг юм байна. Тиймээс хариу арга хэмжээ авахад, нөхөн сэргээхэд төдий хэрээр бэрхшээлтэй. Ингэж оройтохоор, харамсахаар зүйл бүү хийгээсэй.
ЭДИЙН ЗАСАГ ХЯМАРСАН ҮЕД ЦАГАА ОЛООГҮЙ, ЭРТЭДСЭН АЖИЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА
З.ТУЯА (“Нью урбанизм” компанийн захирал, хот төлөвлөгч, архитектор):
-Төв аймгийн нутаг дэвсгэрт шинэ нисэх буудал байгуулах асуудал 2009 оноос эхлэлтэй. “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлын хөөрөх, буух зурвас техникийн шаардлагад нийцэхээ больсон тул аюулгүй ажиллагааны үүднээс өөр газарт шилжүүлэх талаар хөндөж эхэлсэн юм. Яг энэ үеэс онгоцны буудалд түшиглэсэн суурьшлын шинэ бүс бий болгох талаар ч ярих болсон. Ингэж нэлээд удаан хугацаанд ярьж хэлэлцсэний эцэст олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр шинэ нисэх буудлаа байгуулсан. Одоо үүнийгээ нийслэлтэй холбохын тулд Богдхан уулыг хөндлөн “цоолж”, нүхэн гарц байгуулах тухай дээр, дооргүй ярьж байна. Манайх шиг жижиг зах зээлтэй, цөөн хүн амтай, хотоо задалж, хөгжүүлэх бодлого баримталж буй улсад энэ нь оновчтой шийдэл, цагаа олсон ажил мөн үү гэдэг нь ихээхэн эргэлзээтэй, ярвигтай. Нисэх онгоцны буудал байгуулснаас хойш хүн ам, хөл хөдөлгөөн нь эрс нэмэгдсэн Зуунмод, Сэргэлэн сумтай Хөшигийн хөндийд байгуулах шинэ хотын дэд бүтэц, бүтээн байгуулалтууд хэрхэн уялдах, ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Уг нь өөрийн гэсэн онцлог бүхий дэд бүтэц, эдийн засгийн суурьтай энэ суурьшлын бүсүүдээ дэмжиж, хөгжүүлэх нь шинэ хот байгуулахаас илүү оновчтой, зүйтэй санагддаг юм. Төсөв санхүүгийн хүндрэлтэй, хотоо задалж хөгжүүлэх талаар эрчимтэй ярьж буй ч бүх зүйл нь тодорхойгүй одоогийн нөхцөлд үүнийг цагаа олоогүй, яарсан, эртэдсэн төсөл гэж үзнэ. Тэгэхээр нүхэн гарц байгуулах шаардлагатай юу, үгүй юү гэдгийг ч нухацтайгаар авч үзэх хэрэгтэй болов уу.
Байгаль орчин талаас нь харвал бид эл төслөөр дархан цаазат Богдхан уулаа бүслүүрээр нь бүтэн “эзэлж авах” гэж байна. Энэ нь Хан Хэнтийн нурууны хамгийн урд талын цэвдэгтэй бүс. Манай оронд ургадаг таван төрлийн шилмүүст мод цөм Богд ууланд бүртгэгдсэн бол сүүлийн жилүүдэд зарим нь (жодоо) харагдахаа больсон гэж ойн салбарынхан ярих болсон. Хүмүүсийн хөл хөдөлгөөнөөс үүдэлтэйгээр тухайн бүсэд нутагладаг зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн тасарч, хумигдан, ганц хоёрхон аманд бөөгнөрчихсөн гэж үздэг. Одоогийн Улаанбаатарын төвлөрөл дархан цаазат газрын эко-системд ийм хэмжээнд нөлөөлөл үзүүлчхээд байхад үүнийг бууруулах арга хэмжээ авахын оронд эсрэгээр нь дордуулах ажил хийж, бүс бүслүүрт нь халдах гэж буй нь харамсалтай.
Одоогийн Улаанбаатарт гэр хороолол, хотын төв, Зайсан буюу Богд уулын бүс гэсэн амьдрах орчны, нийгмийн анги давхаргын ялгаа үүсчихсэн. Хэрэв нийслэлийг Төв аймагтай холбосон нүхэн гарц байгуулбал зайсангийнхан, яармагийнхан гэдэг шиг Богд уулын урд хэсгийнхэн гэсэн ялгарал үүсгэж ч болзошгүй. Тэнд хэн амьдрах вэ гэдэг нь сонин. Энэ нь манай улсад нийтийн, дундын өмчийн талаар нэгдсэн ойлголт дутмаг байдагтай, нөгөөтээгүүр, барилгажаагүй, шинэ газруудыг суурьшлын бүс болгоход баримталдаг бодлого, зарчим алдагдсантай холбоотой. Санаачлагч, хэрэгжүүлэгчид нь уг төслийг эдийн засгийн ач холбогдол талаас нь их ярьж байгаа. Гэтэл энэ ажил нийгэм, эдийн засагт хэр урт хугацаанд үр өгөөжөө өгөх вэ гэдэг нь ойлгомжгүй. Өөрсдөө төсөөлөл бий болгоод, түүндээ итгээд, автаад л яваад байх шиг. Нийгэм, эдийн засгийн үр өгөөж, ач холбогдлоо бодвол аймгийн төвүүдээ, наанадаж Орхон, Дархан-Уулаа хот болгон хөгжүүлж, нийслэлтэй хамгийн ойр Биокомбинатын бүсээ өөд татаж, Улаанбаатарын төвлөрлийг задлах нь илүү ирээдүйтэй, боломжтой мэт. Бид хаяа, дагуул хотуудыг хөгжүүлнэ гэж ярьдаг мөртлөө нийслэлийнхээ захад байгаа Био комбинатаа онцлогт нь тулгуурлан хөгжүүлж, “босгож ирж” чадаагүй шүү дээ.
НҮХЭН ГАРЦ БАЙГУУЛСНААР ТООСЖИЛТ, ХУУРАЙШИЛТ, ДУУ ЧИМЭЭНИЙ БОХИРДОЛ ИХСЭХ ЭРСДЭЛТЭЙ
Н.ЦОГБАДРАХ (Хөгжлийн төлөвлөлтийн чиглэлээр Япон Улсад магистрын зэрэг хамгаалсан инженер)
-Хөгжил гэж юу вэ, зөв хөгжсөн улс, хот ямар байдаг вэ гэдэг концепц, агуулгыг сүүлийн үед дэлхий дахинд маш нухацтайгаар ярих боллоо. Улс орнууд өндөр хөгжил, нийгэм, эдийн засгийн дэвшлийг барилга, байгууламж, бүтээн байгуулалт, том төслүүдээр хэмжихээ болиод хүнд, байгальд ээлтэй төлөвлөлт, шийдлээр дүгнэдэг болчихлоо. Өөрөөр хэлбэл, аль улс, хот иргэддээ ээлтэй, сэтгэл зүй, хөдөлмөрийн бүтээмжид нь сайнаар нөлөөлөх, нийтийн эзэмшилд хүндэтгэлтэй хандсан ажлуудыг үр дүнтэй хийж байна вэ гэдэгт анхаараад эхэллээ. Ийм ажлуудыг хийхээсээ өмнө хамгийн нэгдүгээрт тухайн бүс нутгийн, хотын иргэдийн эрүүл мэнд, амьдрах орчин, амьжиргаа буюу бүтээмж, сэтгэл зүй, хөгжилд хэрхэн нөлөөлөхийг нь чухалчлан судалж, хэрэгжүүлэх үү, үгүй юү гэдгээ шийддэг. Үүнд олон нийтийн санал, байр суурь, нөлөөлөл чухал. Харин манай улсад хүний эрх, хөгжлөөс илүү “нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэх” гэдэг зорилгыг дээгүүрт тавиад, хамгийн чухал концепцуудаа орхигдуулаад байна. Үүний нэг жишээ нь Богдхан ууланд нүхэн гарц байгуулах төсөл. Зорилгыг нь “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруу-лах” гэж цагаан дээр хараар бичсэн байна лээ. Гэтэл түгжрэлийг тэдэн хувиар бууруулна, төвлөрлийг тэгж сааруулна гэсэн тодорхой тооцоолол алга. Байгаль орчин буюу экологи-эдийн засгийн нөлөөлөл, үндэслэл, тооцоолол талаас нь хийсэн судалгаа, одоогоор ил болгосон, танилцуулсан зүйл мөн байхгүй. Хайгаад ч олоогүй.
Богдхан уулыг ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд 1996 онд бүртгүүлсэн юм билээ. Амьд бие, түүний ул мөр тархсан орон зайг шим мандал гэдэг. Тэгэхээр энэ уул монголчуудын төдийгүй бүс нутгийн экологид, хүн, амьтны амьдралд хэмжээлшгүй чухал ач холбогдолтой гэсэн үг. Үүнийг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлээд 30 орчим жил болжээ. ЮНЕСКО-д бүртгүүлсэн бүс нутагт дур зоргоороо халдаж болох уу гэдэг нь хамгийн түрүүнд анхаарах, тодорхой болгох асуудал. Дараа нь хотын экологийн болон иргэдийн амьдрах орчин, уур амьсгалд яаж нөлөөлөх вэ гэдгийг авч үзэх ёстой. Түгжрэл, төвлөрөлд үзүүлэх нөлөө, эдийн засгийн үр өгөөж зэрэг нь үүний дараа яригдах зүйлс. Тэрбум мод тарина, хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ гэчхээд Богд уулаа “өрөмдөж” сүйтгээд, ойн санг нь үгүй хийчхэжболох юмуу. Түгжрэл буурч л байвал агаарын бохирдол ихсэх нь хамаагүй юу. Богдхан ууланд нүхэн гарц байгуулбал тоосжилт, хуурайшилт, дуу чимээний бохирдол одоогийнхоос эрс нэмэгдэнэ, цаашлаад хотын уур амьсгал, усны нөөц, иргэдийн эрүүл мэнд гээд олон зүйлд хортойгоор нөлөөлнө. Энэ бүх эрсдэлээ олж харж, тооцоолсон л гэж найдъя.
Н.Мишээл