Манхэттений холбооны шүүхэд реппер Диддигийн (жинхэнэ нэр Шон Комбс) шүүх хурал эхэлсэн бөгөөд энэ нь Америкийн шударга ёсны түүхэнд хамгийн их оддын оролцоотой шүүх хурал болж магадгүй юм.
Диддийг хүчин, бэлгийн мөлжлөгийн зорилгоор албадан нүүлгэн шилжүүлсэн, хүчээр биеийг нь үнэлүүлсэн, рэкет зэрэг хэрэгт буруутгаж байгаа юм. Эдгээр зүйл ангиуд цаазаар авах ялтай ч Нью-Йоркт цаазаар авах ялыг хориглодог учир Диддид дээд хэмжээ нь бүх насаар нь хорих ял л өгч болно.
Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэд хоногийн турш Комбстой 11 жил үерхсэн дуучин Кассандра Вентурагийн (Кэсси) мэдүүлгийн тухай бичсэн.
Вентуранийн шүүхэд ярьснаар Комбс түүнийг өөр эрчүүдтэй бэлгийн харьцаанд орохыг албадаж, тэр үйл явдлыг дүрс бичлэг хийж, тараана гэж заналхийлдэг байж. Үүнээс гадна Комбс найз бүсгүйгээ байнга зодож, доромжилж, хэд хоног үргэлжилдэг байсан "галзуу үдэшлэг"-ийн үеэр (Комбс өөрөө болон түүний ойр дотны хүмүүс үдэшлэгээ ингэж нэрлэдэг) хар тамхи татуулж, группэн секст албадаг оруулдаг байсан гэж Вентура мэдүүлсэн байна.
Репперын төлөөлөгчид үйлчлүүлэгчээ гэм буруугүй, зүгээр л свингер (бэлгийн сэтгэл ханамжийг олж авахын тулд байнгын хамтрагчаа харилцан солилцох) амьдралын хэв маягт дуртай хэмээн зүтгэж байгаа аж. Тэдний үзэж буйгаар Диддигийн хамгийн их буруутай зүйл бол гэр бүлийн хүчирхийлэл юм. Үүний зэрэгцээ, өмгөөлөгчдийн хэлснээр Комбс, Вентура хоёрын түрэмгийлэл нь харилцан адилхан байв.
Комбсыг АНУ-ын нэрт хуульч . Марк Агнифило тэргүүтэй найман өмгөөлөгчийн баг өмгөөлж байгаа юм. Марк Агнифило өмнө нь бэлгийн мөлжлөг, хүүхдийн садар самууныг сурталчилсан, насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчирхийлсэн хэргээр 2020 онд 120 жилийн хорих ялаар шийтгүүлсэн NXIVM секс- шашны үзэл сурталч Кит Раниерыг өмгөөлөн цаазын тавцангаас аварч байжээ.
Комбсын эсрэг нийтдээ 100 гаруй нэхэмжлэл гаргасан ч хэдийг нь шүүхээр хэлэлцэх нь тодорхойгүй байна. Комбстой харилцаж байсан хүмүүс өөрсдийн аюулгүй байдалд санаа зовон нэргүй гомдол гаргасан байдаг. Шүүгч Арун Субраманян хохирогчдын нэрсийг дурдаагүй нэхэмжлэлийг хэлэлцэхийг хүсэхгүй байгаагаа тодорхой илэрхийлжээ. Өмгөөлөгчид нэхэмжлэгч нарыг мөнгө авах гэсэн увайгүй үйлдэл гэж шууд буруутгажээ.
Харлем, рэп, үдэшлэг
55 настай Шон Комбс Нью-Йоркийн Харлем дүүргийн уугуул. Аав нь хар тамхины хэрэгт сэжиглэгдэж, хүүг хоёр настай байхад машиндаа буудуулж нас баржээ.
1990-ээд оны эхээр Комбс Хавардын их сургуульд бизнесийн чиглэлээр суралцсан боловч хоёрдугаар курсээ төгсөөд сургуулиа орхисон байна. Тэр үеэд л Шон хэдэн зуун оюутнуудтай анхны үдэшлэгээ зохион байгуулж байжээ.
1993 онд Комбс реппер Notorious B.I.G-г олонд таниулсан. 1970-1990-ээд он хүртэл үргэлжилсэн АНУ-ын зүүн эргийн болон баруун эргийн репперүүдийн хооронд болсон дайны үеэр буудуулж амиа алдахаасаа өмнө Notorious B.I.G ганцхан цомог гаргасан юм. Хоёр дахь цомог нь репперыг нас барсны дараа гарчээ.Хоёр цомог хоюулаа нэг ёсны шүтээн болжээ.
Комбс 1997 онд "No Way Out" нэртэй анхны цомгоо гаргаснаар дэлхий дахинд Puff Daddy нэрээр алдаршсан бөгөөд Стингийн "Every Breath You Make" дуунаас сэдэвлэсэн "I'll Be Missing You" дуу нь хоёр Грэмми шагнал хүртсэн юм.
Комбс продюсерийн хувьд илүү их нэр хүндийг олж авчээ. Тэрээр рэпийг Африк ардын аялгууг, R'n'B стильтэй хослуулснаараа Зүүн эргийн рэпийг олон жилийн турш АНУ-ын гол хөгжмийн нэг болгожээ.
Комбс дуучин Мэри Ж.Блайжийг гарган ирж, түүнийг супер од болгосон юм. Мөн гурван жилийн турш Женнифер Лопесын продюсер , найз залуу нь байсан. Нийтдээ түүний од үйлдвэрлэлийн цуглуулагт Мэрайя Кэригээс эхлээд Канье Уэст хүртэл олон арван дуучин, поп, рэп хамтлагууд байдаг.
Диддигийн гаргасан гурван цомог (Notorious B.I.G.-ийн 2 цомог болон Мэри Ж. Блайжийн гурав дахь цомог) Rolling Stone сэтгүүлээс гаргасан бүх цаг үеийн хамгийн шилдэг 500 цомгийн жагсаалтад багтжээ.
Үүний зэрэгцээ Комбс хөгжмийн бус бизнес эрхэлдэг байв. Тэрээр Sean John нэртэй брэндийн хувцас, гутал үйлдвэрлэж, олон тооны ресторан нээж, хааж, телевизийн суваг, спортын ундаа үйлдвэрлэдэг компанидын хувьцаа эзэмшдэг байжээ. Forbes сэтгүүлийн мэдээлснээр түүний хөрөнгө оргил үедээ 750 сая долларт хүрсэн байна. Харин одоо түүний бүх бизнес хямралын байдалтай байгаа аж.
30 жилийн хүчирхийлэл
Комбс карьерынхаа туршид хуулийн асуудалтай тулгарсан ч зарим нь цуу яриа гэдэг. Тухайлбал, түүнийг 1996 онд Баруун эргийн гол репперүүдийн нэг Тупак Шакурын аллагыг зохион байгуулсан гэж сэжиглэж байсан. Харин нотлогдсон хэргүүд гэвэл зодоон, халдлага, заналхийлэл байсан ч хамгийн том шийтгэгдсэн нь уур уцаартай тэмцэх нэг өдрийн сургалтанд хамрагдсан байна.
Диддигийн хуучин найз бүсгүй Кэсси 2023 онд түүнийг хүчирхийлэлд буруутгаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Хэргийг шүүх хурал болохоос өмнө шийдсэн байдаг. Харин ямар нөхцлөөр шийдэгдснийг одоогийн шүүх хурлын үеэр дэлгэгджээ. Кесси репперээс 20 сая доллар авсан аж.
2023 оны арваннэгдүгээр сард Комбсыг насанд хүрээгүй хүүхдийг хар тамхинд мансуурсан байхад нь хүчиндсэн гэх зэрэг хэд хэдэн нэхэмжлэл шүүхэд очжээ. 2024 оны 2-р сард өөр нэг шүүх хурал болсон бөгөөд энэ удаад Комбсыг бусад эмэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд оруулахыг албадсан гэж эрчүүд гомдол гаргасан байна.
2024 оны гуравдугаар сард Комбсын Майами дахь гэрт нэгжлэг хийв
2024 оны тавдугаар сард CNN зочид буудлын хяналтын камерын бичлэгийг олжээ. 2016 оны уг бичлэгт Комбс шалан дээр хэвтэж байгаа Кэссиг нь өшигчиж зодож буйг харуулсан байна.
Шүүхэд гаргасан нэхэмжлэл ар араасаа цуварсаар, 2024 оны намар шүүх Диддиг батлан даалтад гаргах эрхгүйгээр Бруклин дахь хорих төвд илгээжээ. Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар Комбс хохирогчид болон болзошгүй гэрчүүдэд дарамт шахалт үзүүлж, өөрийнхөө талд мэдүүлэг өгөхийг шаардсан тул шүүх ийм шийдвэр гаргажээ.
Шүүх хуралд оддын цуглараан болох уу?
Одоогийн байдлаар Шон Комбсыг хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгаж шүүхэд хандсан өөр хэд хэдэн хүний нэр тодорхой болоод байна. Энэ бол загвар өмсөгчөөр ажиллахыг мөрөөддөг оюутан Апрель Лампрос, онгоцны үйлчлэгч Грейс О'Марки, бэлгийн хүчирхийллийн хэргээр ял сонсож байсан Дерек Ли Корделло-Смит, дуучин Даун Ричард, загвар өмсөгч Кристал МакКинни нар юм.
Тэдний Комбсыг буруутгаж буй нэхэмжлэл бараг ижил. Бүгд реппер тэдэнд архи, хар тамхи өгч (заримдаа ундаанд хольж), дараа нь хүчиндсэн эсвэл хүчиндэхийг завдсан гэж мэдүүлжээ. О'Маркел, МакКинни нар энэ нь хожим нь сэтгэлийн хямрал, амиа хорлох бодолд хүргэсэн гэжээ.
Дуучин Даун Ричард доромжлол, дарамт шахалтаас гадна реппер түүнд бизнесийн гэрээнд заасан хэдэн сая доллар дутуу төлсөн болохыг онцолсон байна. Тэрээр Комбс найз охин Вентура болон эргэн тойронд байгаа бусад хүмүүсийн эсрэг хүчирхийлэл үйлдэж байсан олон тохиолдлыг харсан гэжээ.
Диддигийн эсрэг дахин 100 гаруй хэргийг шүүгч Арун Субраманианы өөрийн үзэмжээр хэлэлцэх үгүйг шийдэх аж.
Шүүгч тангарагтны шүүгчдэд шоу бизнесийн алдартай төлөөлөгчдийн нэрс (ямар байр суурьтай ярихыг тодорхой хэлээгүй) шүүх хурлын үеэр дурдагдаж магадгүйг анхааруулсан тухай АНУ-ын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ.
Тэдний дунд реппер Канье Уэст, дуучин, Холливудын од Мишель Уильямс, охидын хамтлагийн гишүүд Данити Кейн,Обри О'Дэй, Даун Ричард, жүжигчин Майкл Б.Жордан болон Майк Майерс нар багтжээ.
Харин Комбсын зохиодог байсан үдэшлэгт Жастин Бибер, Леонардо Ди Каприо, Эштон Катчер, Эдди Мерфи, Брюс Уиллис, Уилл Смит, Парис Хилтон, Бритни Спирс, Мэрайя Кэри, реппер Дрейк зэрэг олон алдартнууд оролцож байжээ.
Тэдний талыг нь л шүүхэд дуудахад Америкийн шударга ёсны түүхэн дэх хамгийн их одтой шүүх хурал болох ажээ.