Спортоор хичээллэхэд зонхилон тохиолддог гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, ямар арга хэмжээ авах талаар ГССҮТийн Спортын гэмтлийн төвийн их эмч О.Амгаланхүүтэй ярилцлаа.
-ГССҮТ-ийн Спортын гэмтлийн төвд голчлон ямар зовуурь, гэмтэлтэй хүмүүс ирдэг вэ?
-Манай төв улсын хэмжээнд спортын шалтгаанаар гэмтсэн хүмүүсийг оношлон шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг үзүүлдэг. Мөн сэргээн засах тусламж, үйлчилгээний тасаг ч бий. Спортын гэмтлийн төрөлжсөн тусламж, үйлчилгээг манай тасгийнхан улсын хэмжээнд үзүүлдэг гэсэн үг. Ер нь спортоос шалтгаалсан бэртэл гэмтлийн дийлэнх нь 20-35 насны залуучуудын дунд түгээмэл тохиолддог. Олон улсын судалгаанаас харахад тухайн орон бүр өөрийн гэсэн үндэсний болон залуучуудын дунд тренд болсон спорттой байдаг. Тэр ч утгаараа ямар төрлийн гэмтэл давамгайлж буй нь харилцан адилгүй. Манай улсад үндэсний бөх, сагсан болон хөл бөмбөгийг сонирхон хичээллэдэг залуус олон. Энэ утгаараа өвдөг болон шагай гэмтэх нь түгээмэл тохиолдож байна. Харин 30-аас дээш насныханд ахиллын буюу борвины шөрмөс гэмтэх нь түгээмэл тохиолддог. Ялангуяа сүүлийн үед ахиллын шөрмөсөө гэмтээсэн хүн олон ирж байгаа.
-Тэгвэл ахиллын шөрмөс гэмтэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл нь юу бол?
-Хүн амын тоог нийт тохиолдлын тоотой харьцуулахад 30-аас дээш насныханд ахиллын шөрмөс гэмтэх нь түгээмэл тохиолдож байна. Энэ нь олон шалтгаанаас үүдэн гэмтэж болно. Гэхдээ ихэнх тохиолдолд спортоор хичээллэхдээ хэт өндөр ачаалал авч, хүнд дасгал хөдөлгөөн хийснээс болж тасардаг. Ялангуяа гэнэт үсрэх, гүйх үед ахиллын шөрмөс гэмтэх магадлал өндөр. Гол шалтгааныг нь судлаад үзвэл эрдсийн дутагдал болон сунгалтын дасгал дутуу хийснээс үүдэн ахиллын шөрмөс гэмтэж, тасарч байна. Өөрөөр хэлбэл, булчингийн уян харимхай шинж чанар муу байгаа нь ахиллын шөрмөс тасрах үндэс болдог гэсэн үг. Спортоор огт хичээллэдэггүй хэрнээ нэг удаа зааланд тоглоод л өндөр эрчимтэй ачаалал авчихдаг. Үүнээс болоод булчин, шөрмөс амархан гэмтэж, цаашлаад тасрах эрсдэлтэй. Бас эмийн замбараагүй хэрэглээ, урт хугацаанд тамхи татах нь ч үүнд нөлөөлнө. Спортоор хичээллэдэг хүмүүс илүү эрүүл байдаг гэж олонх нь ойлгодог. Гэхдээ спорт эрүүл мэндэд тустай боловч зөв техниктэй хичээллэхгүй бол хор уршиг, эрсдэлтэй гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тиймээс спортоор хичээллэхдээ нарийн мэргэжлийн эмчид хандаж, зүрх, судас, үе мөчний бүрэн оношилгоо хийлгэх шаардлагатай. Ер нь гадаадын оронд ч энэ зарчмаар л явдаг. Харин манайд энэ талын суурь нь хараахан тавигдаж амжаагүй гэж боддог юм.
-Ахиллын шөрмөсийг эмчлүүлэхгүй удвал ямар сөрөг үр дагавартай, эмчлэхэд хэр хугацаа шаарддаг вэ?
-Ахиллын шөрмөс бүрэн тасарсан тохиолдолд сэргээх мэс засал хийлгэх шаардлагатай. Хэрэв мэс засалд орохгүй бол гүйх, алхах, хөлийг ээтийлгэх боломжгүйд хүрдэг. Цаашлаад хөдөлгөөн алдагдсантай холбоотойгоор доголох, хазгар болох эрсдэлтэй.
-Манайхан шагайгаа булгалахаараа цайны идээ шаар тавьж боох, давстай хар цайгаар шавших зэргээр гэрийн нөхцөлд эмчлэх гэж оролддог. Энэ нь үр дүнтэй арга мөн үү?
-Сүүлийн үед хүүхэд, залуучууд спортоор түлхүү хичээллэж, дугуйлан секцэд хамрагддаг болжээ. Спортоор анхлан хичээллэж буй хүүхдүүдэд шагай булгарах нь түгээмэл тохиолддог. Мөн нийт спортын зонхилон тохиолдох топ 10 гэмтлийн эхний тавд ордог. Өөрөөр хэлбэл, спортоор хичээллэх хүн олшрохын хэрээр энэ төрлийн гэмтэл дагаад нэмэгддэг гэсэн үг. Гадагш хазгай гишгэсэнтэй холбоотойгоор шагайн гадна холбоос гэмтэхийг булгарах гэж нэрлэдэг. Хэрэв энэ хөдөлгөөн хоёроос дээш удаа давтагдвал шагайн гадна холбоос тасарна. Улмаар шагай, үений тортворгүйтэл бий болдог. Алхаж, гишгэх нь өөрчлөгдөнө гэсэн үг. Зарим хүний хөл гадагшаа, эсвэл дотогшоо эвгүй гишгэдэг шүү дээ. Энэ нь шагай булгарснаас үүдсэн хүндрэл юм. Тиймээс булгарсан л бол аль болох хурдан, цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Эсрэгээрээ гэртээ эмчлэх гэж оролдвол өвчнөө улам л хүндрүүлнэ. Цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй болох ч эрсдэлтэй. Цайны шаар тавьж боох нь анагаах ухаан хангалттай хөгжөөгүй байх үеийн арга. Өөрөөр хэлбэл, үеэ өнгөрөөсөн арга гэсэн үг. Ямар нэгэн байдлаар бэртэж гэмтчихээд мэргэжлийн эмчид хандалгүй явсаар өвчнөө хүндрүүлэх нь цөөнгүй. Манай төвийнхөн өнгөрсөн жилээс шагайн гадна холбоосыг дурангийн мэс заслын аргаар сэргээж эхэлсэн. Үүнээс өмнө нээлттэй мэс заслын аргаар сэргээдэг байсан. Тэгэхээр дурангаар сэргээснээрээ Монголд анхдагч гэсэн үг.
-Шагайгаа булгалж, гэмтэж бэртчихээд тухайн үедээ хаван хавдрыг нь буулгаж аргалаад мэргэжлийн эмчид хандахгүй өнгөрдөг хүн цөөнгүй. Энэ нь ямар сөрөг үр дагавар, эрсдэлтэй вэ?
-Шагайн зөөлөн эд, холбоос гэмтэхдээ амархан. Бас эдгэхдээ ч харьцангуй хурдан байдаг. Хүмүүсийн олонх нь шагайн үений гэмтлийг тоохгүй, эмчид хандалгүй гэрээр эдгээх гэж оролддог. Давстай хар цайгаар шавших гэх мэтээр тухайн үедээ л хаван хавдраа буулгачхаад мартчихдаг. Гэтэл энэ нь шагайн архаг тогтворгүйтэл үүсгэдэг эрсдэлтэй. Шагай нь хамгийн доор байрладаг биеийн тулгуур үе. Энэ үений бэртэл хүндэрч, тогтворгүй байдал руу шилжсэнээр түнх, нуруу, тэр ч битгий хэл, хүзүүний үе ч өөрчлөгдөх эрсдэлтэй.
-Улаанбаатар марафон маргааш болох гэж байна. Та эл марафонд оролцогчдод ямар зөвлөгөө өгөх бол?
-Хэн нэгний шахалтаар марафонд гүйх хэрэггүй гэж хэлье. Өндөр эрсдэлтэй. Марафонд гүйхдээ бэлтгэлээ сайтар базаах нь чухал. Эртнээс буюу 3-4 сарын өмнөөс эхлэн долоо хоногт хамгийн багадаа 2-3 хоног бэлдэх хэрэгтэй. Хэрэв бэлтгэлгүйгээр сүүлийн долоо хоногт нь огцом өндөр ачаалал авбал булчин, шөрмөс гэмтэхээс эхлээд олон эрсдэл тулгарч болно. Тиймээс бэлтгэл сургуулилалт хангалтгүй гэж үзвэл марафонд гүйх хэрэггүй. Бэлтгэлгүй гүйжгэмтэжбэртсэнээс оролцоогүй нь дээр. Түүнчлэн хооллолтдоо анхаарах хэрэгтэй. Марафоны өмнөх өдөр хэт их идэхээс зайлсхийж, нүүрс усаар баялаг хөнгөн хооллох нь тохиромжтой. Ингэснээр бодисын солилцоо эрчимжинэ. Нүүрс ус нь энергийн эх үүсвэр болдог. Ер нь өндөр эрчимтэй дасгал хөдөлгөөний үед нүүрс усаар баялаг хоол хүнсийг хэрэглэж занших нь зүйтэй. Тухайлбал, цагаан гурил, будаанаас илүүтэй шар будаа, овьёос зэргийг сонгож хэрэглээрэй. Бас өөх тостой хүнд хоолноос татгалзаж, уургаар баялаг хүнс хэрэглэхийг зөвлөдөг. Үүнээс гадна ус сайн уух хэрэгтэй. Гэхдээ нэг дор ихээр ууж болохгүй. Бага багаар шимж уух хэрэгтэй. Бид хөлсөөрөө ус, эрдсээ алдаж байгаа. Тэгэхээр алдсан шингэнийхээ хэмжээгээр усаа нөхөж уух нь чухал гэсэн үг.
-Хүмүүс шөрмөс татахаар тэр бүр тоодоггүй, мэргэжлийн эмчид хандахын оронд магни уучихдаг юм билээ.
-Шөрмөс нь шингэний болон эрдэс бодисын дутагдлаас үүдэлтэй. Мөн сунгалтын дасгалгүйгээр нэг дор хэт өндөр ачаалал авах зэрэг олон хүчин зүйлээс хамааран шөрмөс татаж болно. Энэ үед хамгийн түрүүнд зангирсан булчинг суллах ёстой. Хэрэв дасгал хөдөлгөөн хийж байхад шөрмөс татвал тухайн дасгалыг тэр дор нь зогсооно. Нэмж дасгал хийхээс зайлсхийвэл зохилтой. Мөн мэргэжлийн эмчид хандаж, шаардлагатай шинжилгээ, оношилгоонд хамрагдах хэрэгтэй.
-Сүүлийн үед хүмүүс иог, фитнес, волейбол, сагсан бөмбөг гэх мэт спортын олон төрлөөр хичээллэдэг болжээ. Тэгвэл спортоор хичээллэхдээ голчлон юунд анхаарах шаардлагатай вэ?
-Спортоор хичээллэдэг залуус олширч байгаа нь сайшаалтай. Гэхдээ хичээллэхээсээ урьтаад зүрх, судас, үе мөчөө спортын нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, ямар төрлөөр нь хичээллэвэл өөрт тохирох вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Мөн ямар амин дэм, эрдэс дутагдаж байгаагаа оношлуулах шаардлагатай. Хэн нэгнийг даган дуурайгаад аливаа спортоор хичээллэх хэрэггүй. Энэ нь өмнө авсан бэртлийг улам хүндрүүлэх, эсвэл дахин гэмтэх үндэслэл болдог. Тэгэхээр нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, тухайн спортоор хичээллэж болох, эсэхээ мэдэх нь хамгийн чухал юм.
У.Сүрэн