Хамтарсан засгийн газраас ардчилсан намыг гаргах асуудал яригдаж байгаа асуудалд УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, МАН гэх баян айлд АН хүргэн болж суусан. Одоо нөгөө баяных нь ааш хөдлөөд хөөж байгаа юм байлгүй дээ. Хуулийн дагуу биш дурандаа хүргэн болоод суусан асуудал. МАН хамтарсан засгийн газраасаа татгалзах эсэх нь тэдний асуудал.
УИХ-ын гишүүн болж байгаа хүн үндсэн хууль дээрээ гараа тавьж байгаад тангараг өргөдөг. Одоо байгаа засгийн газар үндсэн хуулиа зөрчөөд байгуулагдсан засгийн газар. Олонх нь олонхоороо, цөөнх нь цөөнхөөрөө байх ёстой байтал олон суудал авсан нам хууль бус засгийн газар байгуулсан. Тухайн үед би хэлж л байсан. УИХ-ын гишүүдийн 92 хувийг нэг тогоонд оруулж яг юу хийх гээд байгаа юм бэ гэдэг асуултыг тавьж л байв. Анхнаасаа хамтарсан засгийн газар нь хууль бус байр сууриа илэрхийлсээр ирсэн. Харин одоо тос, усаараа ялгарч байгаа сайн зүйл гэж харж байна.
Залуусын тавьж байгаа шаардлага бол зөв. Төрд ажиллаж байгаа сумын засаг даргаас эхлээд УИХ-ын гишүүд, ерөнхий сайд, гэх хүмүүс ил байх ёстой. Орлогын эх үүсвэрээ нотолж чадахгүй байвал ямар нэгэн асуудал байна гэсэн үг" гэх мэдээллийг өглөө.