Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд орсон борооны улмаас хиймэл зүлэг усан шалхнаг болж, бөхчүүд төдийгүй засуулууд, хаалтын тоглолтын уран бүтээлчид халтиран, хүндхэн нөхцөлд наадсан. Улсын заан Б.Пүрэвсайхан хиймэл зүлгэн дээр халтирсны улмаас бэртэж, өдгөө барилдах боломжгүй болчхоод буй. Мөн түрүү бөхийн тааварт явсан Б.Бат-Өлзий заан болон бусад 26 бөх хиймэл зүлгэн дээр халтирч унасан байдаг. Угтаа Үндэсний их баяр наадмын барилдаан нь бөхчүүдийн хувьд хэдэн жилийнх нь хөдөлмөр үнэлэгдэж, эр бяр, хурд хүчээ сорих торгон мөч байдаг. Гэтэл зохион байгуулагчдын хариуцлагагүй, хайхрамжгүй, хүний нүд хуурсан үйлдлээс болоод өсөх ирээдүйтэй бөхчүүд зодоглож чадахгүй эмнэлэг бараадан сууна. Тэгвэл өнөө жилийн Үндэсний их баяр наадмаар бөхчүүд дахиад л бороонд халтирдаг, наранд хаймер үнэртдэг хиймэл зүлгэн дээр барилдах, эсэхийг тодруулахаар зорилоо. Өнөө жил Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой тохионо. Энэ удаагийн наадмын зохиол, тайзны зохион байгуулалт, ерөнхий зураглал, бүтээн байгуулалтын төлөвлөлтийг хийж эхэлсэн бөгөөд нээлтийг 360 градус буюу бүх хүнд хүртээмжтэй байдлаар төлөвлөжээ. Гэвч эргэдэг тайз, элдэв технологийн дэвшлээс урьтан жил бүрийн хүчит бөхийн барилдааныг “самардаг” Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хиймэл зүлгийг хэрхэх нь эн тэргүүний асуудал болчхоод байна.
ЗАСВАРАА Ч ДУУСГААГҮЙ БАЙЖ ЭЛДЭВ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛСААР
Өнгөрсөн долоо хоногт Төв цэнгэлдэх хүрээлэнг зориход саарал хаалгануудыг нь гинжээр цоожилчихсон, эл хуль байв. Сайтар ажиглавал засварын ажил тэнд ид өрнөж байлаа. Хаалганы дэргэдэх орц, гарцын хажууд хоосон хайрцгууд болон шуудайтай цемент хөглөрөх аж. Олны хэл ам дагуулсан хиймэл зүлгийн дийлэнхийг нь хуулж, дороос нь бетонон талбай цухуйж байв. Эл бетон ойролцоогоор 15 см-ийн зузаантай бөгөөд энд тэндээ хагарч, халцарчээ. Уг нь Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлийн эзэмшилд өнгөрсөн жил буцаан авч, суудал болон хиймэл зүлгийг нь шинэчилсэн. Гэвч төдийлөн нэмэр болоогүй, гундуу хэвээрээ аж. Харин өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд “Achilles кids Mongolia”-гаас “Багачуудын хөгжилтэй гүйлт-2025” арга хэмжээг зохион байгуулсан юм. Зүлгийг нь хуулсан бетонон дээр багачууд гүйж харайн, хагархайгаар нь тоглож байв. Мөн засварын ажилд хэрэглэж буй бололтой олон нарийн төмөр, шуудайтай элсийг хаа сайгүй овоолжээ. Харин зүлгийг нь хараахан хуулж амжаагүй хэсэгхэн газарт хүүхдүүд тойрч суугаад, тоглож буй харагдана. Энд тэнд шуудаатай цемент овоолж, замын голд нягтруулагч орхисноос нь харвал 15см-ийн зузаантай бетоноо шинээр хучсан бололтой. Шинээр хучсан хэсэг нь бусдаасаа ялгарахуйц гүн саарал өнгөтэй аж. Тэгэхээр бөхчүүд гурван см хүрэхгүй зузаантай хиймэл зүлэг, 15 см зузаантай бетонон дээр өвдөг шороодож, бэртсэн гэсэн үг. Уг нь тэд хиймэл бус, байгалийн зүлгэн дээр барилдах хүсэлтэйгээ үргэлж илэрхийлдэг. Харин албаныхан Төв цэнгэлдэх хүрээлэнд зуны улиралд олон арга хэмжээ зохион байгуулдаг учраас байгалийн зүлэг ургуулах боломжгүй гэх хариулт өгдөг гэнэ. Гэтэл засвараа ч дуусгаагүй эл байгууллагынхан мөнгөний төлөө элдэв арга хэмжээ зохион байгуулсаар л байна.
“ӨРСӨЛДӨГЧӨӨ УНАГААХААС ИЛҮҮТЭЙ ХЭРХЭН ХАЛТИРАХГҮЙ БАЙХ ВЭ ГЭДЭГТ АНХААРДАГ”
Улсын аварга О.Хангай “Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар би халтирч унаагүй. Гэхдээ хэд хэдэн удаа халтираад тэнцвэр алдсан. Тиймээс өрсөлдөгчөө унагаахаас илүүтэй хэрхэн халтирахгүй барилдах вэ гэдэгт анхаарч, биеэ цэгнэж байлаа. Бид хиймэл бус, амьд зүлгэн дээр барилдах хүсэлтэй. Байгалийн зүлэг ядаж л усаа өөртөө шингээнэ. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хиймэл зүлгээс хаймер үнэртдэг. Тэгэхээр эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй” гэсэн юм. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлага болон Монголын үндэсний бөхийн холбооныхон өнгөрсөн гуравдугаар сард уулзаж, хиймэл зүлгийг хэрхэн шинэчлэх тухай хэлэлцсэн юм. Энэ үеэр “Төв цэнгэлдэх хүрээлэн” ком¬панийн захирал Ж.Энхжаргалан бусад газрын халтирдаггүй зүлгэн дээр бөхчүүдийг барилдуулж, туршиж үзэхээ онцолсон байдаг. Тэгвэл бөхчүүдийн санал, сэтгэгдлийг үнэхээр сонссон, эсэх талаар Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжаваас лавлахад “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан бидэнтэй уулзсан. Бид ямар байр суурьтай байгаагаа албан бичгээр тодорхой илэрхийлсэн. Тухайн үед хиймэл зүлгийг шинээр солихдоо заавал туршиж, бөхчүүдийг барилдуулна гэсэн. Гэхдээ одоогоор холбогдоогүй байна. Хүмүүс байгалийн зүлэг халтирдаггүй, хиймэл нь л зөвхөн халтирдаг мэтээр ташаа ойлгоод байгаа. Угтаа бол хоёулаа л халтирна. Гэхдээ монгол ахуйгаараа зүлэг ногоон дэвжээн дээрээ барилдвал бөхчүүдэд болон тэнд ажиллаж буй хүмүүсийн эрүүл мэндэд илүү хэрэгтэй. Ялангуяа өнгөрсөн жил маш муу зүлэг дэвссэн. Олон бөх халтирч, бэртлээ. Тиймээс өнөө жил ч цаг үеийн нөхцөл байдалдаа тааруулаад хиймэл зүлэг дэвсэх гэж байгаа бол хамгийн сайн чанартайг нь сонгох хэрэгтэй. Мөн иргэд сүүлийн үед Хүй долоон худагт барилдах нь зүйтэй гэх болсон. Задгай талбайд барилдаж, наадаж болдгийг бид 2020 оны баяр наадмаар харуулсан шүү дээ” гэлээ
АМЬД ЗҮЛЭГ ХИЙМЛЭЭСЭЭ ГУРАВ ДАХИН ХЯМД ҮНЭТЭЙ
Хиймэл зүлгээс хаймер үнэртдэг, халтирдаг учраас олон аж ахуйн нэгж өөрсдийн тарьж ургуулсан амьд зүлгээ Төв цэнгэлдэх хүрээлэнд дэвсэх санаачилга гаргажээ. Тэдгээрийн нэг нь “Свебу хаус” компани юм. Тус компанийнхан 10 жилийн туршлагатай бөгөөд долоон аймгийн цэнгэлдэхэд өөрсдийн тарьсан зүлгээ дэвсжээ. “Свебу хаус” компанийн захирал Б.Хишигдорж “Бид цэнгэлдэх хүрээлэнгийн хиймэл зүлгийг таримлаар солих санаачилга гаргаж, удирдлагуудад нь танилцуулсан. Мөн арчилгааг нь манайх 3-5 жил өөрсдөө хариуцъя ч гэж хэлсэн. Гэтэл одоо болтол хариу өгөөгүй. Уг нь бид хиймэл зүлгийг бодвол гурав дахин хямд үнээр нийлүүлэх санал гаргасан. Ойролцоогоор 700 сая орчим төгрөгийн үнэтэй. Хүмүүс одоо зүлэг тарихад оройтчихсон гэж бодоод байна. Уг нь бид өмнө жил тарьж, бэхжүүлсэн зүлгээ өнөө жил нов ногооноор нь авчирч дэвсэх юм. Гэхдээ зуны улиралд Төв цэнгэлдэх хүрээлэнд олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг учраас таримал зүлэг дэвсэх боломжгүй гээд байгаа. Уг нь олон улсын стандарт шаардлагад нийцсэн зүлэг хамгаалах дэвсгэр дэвсэж болно шүү дээ. Энэ нь амьсгалдаг учраас зүлэгт ямар ч сөрөг нөлөөгүй” гэсэн юм. Харин хөрс судлаач Н.Одонтуяа “Дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн Үндэсний их баяр наадмын агуулга, мөн чанарыг монгол хэв маягаар нь хадгалан үлдэж, үеэс үед өвлүүлэн үлдээх нь чухал. Үндэсний бөх нь зөвхөн хүч чадал тэгширсэн бөхчүүдээс гадна өмсгөл, цол чимэг, дэг жаяг, мэх, засуул болон зүлэг ногоон дэвжээний цогц бүрдэл юм. Гэтэл сүүлийн үед шинээр барьсан болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн олонх нь хиймэл ногоон зүлэг дэвсдэг болжээ. Байгалийн болон хиймэл зүлэг нь хоорондоо маш том ялгаатай. Байгалийн зүлэг хэзээ ч доороос төөнөж, бүгчим халуун мэдрэмж төрүүлдэггүй, усыг өөртөө шингээдэг, монгол гуталтай маш сайн зохицдогоороо онцлогтой. Тиймээс үндэсний бөхийнхөө зүлэг ногоон дэвжээг байгалиар нь хадгалж, арчлан тордож, ариун байлгах нь үндэсний өв соёлын нэг хэсэг гэдгийг анхаарах цаг болжээ” гэв. Ер нь иргэдийн олонх нь үеэ өнгөрөөсөн Төв цэнгэлдэх хүрээлэнд бус, Хүй мандлын зүлэг ногоон дэвжээн дээр барилдуулахыг илүүд үзэж байна.
ӨНӨӨ ЖИЛ ЯМАР ЗҮЛЭГ ДЭВСЭХИЙГ МЭДЭХ ХҮН АЛГА
Дээрх асуудлаар “Төв цэнгэлдэх хүрээлэн”- гийн захирал Ж.Энхжаргалангаас тодруулахад “Хуучин зүлгээ хуулчихсан. Одоо зүлэг тойрсон усны хаялгын шугам хоолойг сайжруулахаар ажиллаж байна. Ямар зүлэг сонгохыг бид биш, нийслэл мэднэ” гэдгээс өөр тоймтой хариу өгсөнгүй. Тэрбээр цахим хуудсандаа Төв цэнгэлдэх хүрээлэнг хэрхэн тордож буй зургаа нийтэлж, үргэлж попордог. Гэтэл бодит байдалд энд дээрдсэн зүйл алга. Ундуй сундуй засварын ажил, энд тэндгүй ховхорч, хагарсан бетонон “газар” л байна. Цахим орчинд хэн нэгэн өөрийг нь муулсан ганц пост бичингүүт л олж хараад, хорхойтой араандаа зуучихдаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрхэм төлөөлөгч үндсэн ажлаа умартаж, энд тэнд хэрүүл хийхийн оронд татвар төлөгчийн мөнгийг өнөө жил дахин салхинд хийсгэх, эсэхдээ хариулчихдаг ч болоосой. Үүгээр зогсохгүй Төрийн худалдан авах ажиллагааны газар болон Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссынхон ч хэлгүй, дүлий мэт аашилж байна. Эл байгууллагынхнаас тодруулахад “Бид мэдэхгүй. Нийслэлээс асуу” гэх аж. Уг нь төрийн байгууллагынхны цайны цаг 12.00-13.00. Гэтэл 11.30 цагт мэдээлэл авах гэхэд “Хариуцсан ажилтан нь цайндаа орж байна, дараа залга” гэх. Цайны цаг нь ашгүй дууслаа гэтэл “Гадуур ажилтай, өнөөдөр ирж амжихгүй” гэх юм. Хэдэн арван ажилтантай эл байгууллага болон нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Төв цэнгэлдэхийн хиймэл зүлгийг мэдэх ганц л хүн байдаг аж. Үндэсний их баяр наадам болоход хоёр сар хүрэхтэй, үгүйтэй үлдчихээд байхад холбогдох албаныхан нь энэ мэтчилэн асуудлыг өөрсдөөсөө түлхэж, бие бие рүүгээ чихсээр буй нь харамсалтай.
4.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ АВЧЭЭ
Төв цэнгэлдэх хүрээлэн бол нийслэлийн өмч гэх нэршилтэй ч наадам зохион байгуулахаас бусдаар монголчуудад хүртээлгүй. Харин эсрэгээрээ Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Төв цэнгэлдэх хүрээлэн компанийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалангийн “Хуур” хөгжмийн наадмаас эхлээд элдэв тоглолт зохион байгуулдаг газар юм. Үүгээр ч зогсохгүй ирэх есдүгээр сар хүртэлх баасан болон бямба гараг тоглолтоор “хахчихсан” байна. Тоглолтгүй өдрүүддээ үүд хаалгаа нээдэггүй. Ер нь л Төв цэнгэлдэх хүрээлэн иргэдэд хүртээлгүй аж. Тэнд тоглолт зохион байгуулахад барьцаатайгаа нэг өдрийн 200 сая төгрөгийн үнэтэй. Уг нь өөрөө өөрийнхөө зардлыг хийчихдэг газар гэж гүйцэтгэх захирал нь үргэлж тодотгодог ч 2008-2023 онд гэхэд нийслэлээс тохижилт, урсгал засвартаа 4.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байх юм. Үүнээсээ зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашгийг нийслэлд хуваарилжээ. Энэ мэтээр татвар төлөгчдийн мөнгийг нийслэлд хүртээлгүй, орлого нь хэсэг хүний халаас руу урсгаж боломгүй. Монголчууд бид эрт үеэсээ дэлхийд ганцхан монгол наадмаа байгалийн хөрс, шороо, зүлгэн дээр хийж ирсэн уламжлалтай. Гэтэл өдгөө бөхчүүд маань дахиад л асгасан цементэн дээр а сууж, хиймэл зүлгэнд өвдөг шороодох бололтой.
У.Сүрэн