Спортын хатан хаан хэмээгддэг хөнгөн атлетикийн ДАШТ-ийг хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Япон Улсад “Токио-2025” 20 дахь удаагийн тэмцээн есдүгээр сарын 13-21-нд болно. Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос ДАШТ-д оролцох тамирчдын нэрийг зарлаж, чансааны жагсаалтыг танилцуулсан. Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчдаас дөрөв нь дасгалжуулагч Б.Доржпалам, О.Оюунтуяа нарын удирдлагад Токиог зорих нь. Эмэгтэйчүүдээс ОУХМ Г.Хишигсайхан 37, (138-д, 1199 оноо), Б.Мөнхзаяа 39, (155-д, 1192 оноо), эрэгтэйчүүдээс Гавьяат тамирчин Б.Сэр-Од 66, (396-д, 1139 оноо), ОУХМ Ц.Бямбажав 82 дугаар байрт бичигдэж (522-т, 1115 оноо) тив, дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн хурд сорихоор боллоо. Ташрамд дуулгахад, Азийн хөнгөн атлетикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Шуггумарран бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ж.К.Валсон нар гишүүн холбоодын ерoнхий нарийн бичгийн дарга нартай цахим уулзалт зохион байгуулж, 2027 оноос Азийн хөнгөн атлетикийн тэмцээн интер стандарт тогтоох, энэ оноос бүртгэлийн системд гарсан өөрчлөлт, үүнтэй холбоотой зайлшгүй анхаарах зүйлс, бүртгэлийн үед гарч буй түгээмэл алдаа, анхаарах зүйл дээр мэдээлэл өгч дараах хэдэн асуудалд тайлбар хийжээ. Үүнд: бүртгэлийн систем (улирал, дээд амжилт, хувийн мэдээлэл зөрүүгүй байх), бүртгэлийн систем дэлхийн зэрэглэл (rank) хэрхэн уялдах, бүртгүүлсэн болон мэдээлэл задгай зай төрөлд 12 сар, 10 000 метр болон марафон гүйлтийн төрлийн мэдээлэл 18 сар хадгалагдах, бүртгүүлээгүй бол ямар ч тэмцээнд оролцох боломжгүй. Бүртгүүлсэн ч оролцохгүй орхих, эргэн таталт хийх мэдээлэл оруулахгүй бол холбогдох төлбөрийг төлөх, тухайн жил тэмцээнд оролцох боломжгүй болж хаагдах аж.
Азийн болон Дэлхийн хөнгөн атлетикийн амжилтаар байр тогтооход тэнцсэн тохиолдолд цуглуулсан оноог харна. Тогтоосон босго давсан задгай зайн төрөлд шилдэг эхний 40 тамирчны замын зардал, байрны зардал даах, багтаагүй бол талыг нь хариуцах, тогтоосон босго даваагүй бол тухайн улсын таван тамирчин, нэг албаны хүн оролцох, бусад зардлыг зохион байгуулагч хариуцахгүй. 2027 оноос хөнгөн атлетикаар хичээллэж, тэмцээнд оролцогч хүн бүр бүртгэлийн системд бүртгүүлсэн байх шаардлага тавьж ажиллах юм байна.