Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
УИХ-ын гишүүн Хөххүүгийн Болормаа гэж хэн бэ. Тэр бол улс төрд хэн нэгнээр хөтлүүлээгүй, өөрийн чадлаар өгссөн гэгддэг хүмүүсийн нэг. Иргэд түүнийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга байснаар нь илүүтэй мэддэг. Тодруулбал, Х.Болормаа 2008-2012 онд тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, ИТХ дахь АН-ын бүлгийн дарга, 2012-2016 онд Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч, 2016-2020 онд дүүргийн ИТХ-ын төлөө¬лөгч, Засаг дарга, 2020-2024 онд нийслэлийн ИТХ-ын төлөө¬лөгч, Сүхбаатар дүүргийн Засаг даргын албыг тус тус хашиж байв. Үргэлжлүүлэн өнгөрсөн удаагийн сонгуульд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн X тойрогт АН-аас нэр дэвшин өрсөлдөж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. Өөрөөр хэлбэл, төрийн анхан, дунд шатанд эмэгтэй удирдагч нүдний гэм мэт ховордсон цагт дүүргийн Засаг даргын албыг найман жил хашсан нь түүнд улс төрд дээш гишгэх дэм болсон нь дамжиггүй.
Гишүүнийн хувиар тэрбээр хамгийн сүүлд “Малчны хотноос-манай хотод, Улаанбаатараас-унаган хангайд” хө - төлбөрийг УИХ-ын гишүүн П.Мөнхтулгын санаачилгаар хамтран хэрэгжүүлэхээр болж, санамж бичиг байгуулснаа мэдээлжээ. Нийслэлийн ерөнхий боловсролын 12 дугаар дунд сургуулийг 1987 онд төгссөнөөсөө хойш Х.Болормаа Техникийн их сургуулийг хүнс, нийтийн хоолны техноло - гич-инженер мэргэжлээр дүүргэн, улмаар Удирдлагын академид суралцаж, төрийн удирдлагын менежерээр мэргэшжээ. Түүнчлэн БНЭУ-д хэлний бэлтгэлд суралцсан, англи хэл эзэмшсэн хэмээн намтартаа бичсэн байна
Х.Болормаа ажлын гараагаа 2003 онд “Тэмүүл тэргэл” ХХК-ийн менежерээс эхэлж, 2007-2012 он хүртэл БДТТ компанийн захирлаар ажиллаж байгаад дүүргийн ИТХ-ын төлөө¬лөгч болж, тэр цагаас улс төр лүү “алхжээ”. Гэхдээ үүнээс өмнө хоёрхон компанид ажиллаж асан мөртлөө 4.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, өөрийнх нь жилийн орлого 390.9 сая төгрөг, нэмээд найман компанид хувь эзэмшдэг зэргийг нь олон нийт гайхдаг. Хувийн бизнесгүй атлаа хөрөнгө, орлого нь өндөр байгаад эргэлзэх шалтгаан бий нь мэдээж. Мөн тэрбээр намрын чуулганы нийт хуралдааны 46.9 хувьд нь чөлөөтэй байсан нь хуралдаа суудаггүй гишүүдийг “өнгөлжээ”.
Улсынхаа Ерөнхий сайдаас ч давсан орлого, хөрөнгөтэй, гэр бүлийнх нь орлого 359 сая төгрөг, мөн гурван орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай байр, гарааш, дөрвөн нэгж газартай, 582 сая төгрөгөөр үнэлэгдэх урлагийн бүтээл, үнэт эдлэлтэй, бэлэн мөнгө нь ч бас 400 орчим сая төгрөг хэмээн хөрөнгө, орлогоо мэдүүлсэн Х.Болормаа “Алдарт эх”-ийн одонтой ээжүүдэд зориулан 900 сая төгрөгийн гоо сайхны бэлгийн багц худалдан авах тендер зарлаж, олны шүүмж¬лэлд өртөж явсан удаатай. Дүүргийн Засаг дарга байхдаа тэрбээр одонтой ээжүүдэд гоо сайхны бүтээгдэхүүн бэлэглэх зориулалтаар уг тендерийг зарласан нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчин, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан хэмээн иргэд, олон нийтэд шүүмжлүүлсэн юм. Үүнээс өмнө нь ч тэрбээр мөн л ахмадуудад еэвэн, гурил, будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүн, гарын бэлэг авч өгөх зорилгоор 1.3 тэрбум төгрөгийн тендер зарласан нь олон нийтэд ил болж, “банга” хүртсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд түүнд хуулийн болон ёс зүйн ямар нэгэн хариуцлага хүлээлгээгүй, “төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан” нэр зүүгээд л өнгөрч байж. Хэдийгээр тэр дүүрэгтээ энэ мэт “том” байсан ч гишүүнээр сонгогдоод удалгүй л “хэлгүй” болчихсон. Сүүлдээ бүр бараа сураг нь ч үзэгдэхээ больсон нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл, Х.Болормаа дүүрэгтээ л тул, парламентад харин жараахай аж.
О.Оргилох