Хүний сэтгэцэд учирсан хохирлыг мөнгөөр тооцож олгодог болсон. Хууль, эрх зүйн орчин бүрдсэнээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрч буй юм. Энэ хугацаанд хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх ёстой зүйл цөөнгүй гарсан нь ойлгомжтой. Үүнтэй холбоотойгоор Улсын дээд шүүхээс “Сэтгэцэд учруулсан хор уршгийг арилгуулах эрх зүйн орчин:Асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг угтан Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч, хууль зүйн доктор Н.Баярмаатай энэ асуудлаар ярилцлаа.
-Хүний бие, эд хөрөнгөд учирсан хохирлыг Иргэний болон Эрүүгийн хуулиар нотлон тогтоож, буруутай этгээдээр нь нөхөн төлүүлэхээр хуульд хангалттай зохицуулсан гэж үздэг. Харин эдийн бус, сэтгэл санааны хохирол, түүнийг арилгах арга замыг хуульд зааж өгснөөс бус, хохирлын хэмжээг хэрхэн тооцох талаар тусгаагүй олон жил болсон шүү дээ. Энэ талаар 2023 онд Хууль зүй, дотоод хэргийн болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам баталсан. Энэ журам шүүхийн практикт хэрхэн хэрэгжиж байна вэ?
-Хуульд тусгасан сэтгэцэд учирсан гэм хорыг мөнгөөр арилгахтай холбоотой өөрчлөлтийг хэрэгжүүлэхээр эрүү, иргэний аль аль харьяаллын шүүх зохих журмын дагуу ажиллаж байна. Гэвч хуулийг нэг мөр ойлгохтой холбоотой хүндрэл багагүй гарч байгаа тул үүнийг дагалдуулан баталсан аргачлал, журмын тухайд ч хэрэгжүүлэхэд эргэлзээ бий. Угаас энэ асуудал нь гэмт хэрэг, хууль бус, буруу үйлдлийн улмаас бие махбод, сэтгэл санаанд учирч байгаа хохирлыг арилгах тухай иргэний эрх зүй дэх гэм хорын ойлголт тул ийм шаардлага гаргаж байгаа хүмүүст сэтгэл санааны хохирол учирсан нь тогтоогдсон байх учиртай юм. Таны дурдсан аргачлал, журмыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нэг асуудал нь уг гэмт хэрэг үйлдэгдсэн л бол сэтгэл санаанд хохирол автоматаар учрах мэт агуулгатай байгаа нь хэрэгжилтийн шатанд бэрхшээл үүсгээд буй юм. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд автоматаар хохирол учирна гэх агуулгаар хуулийн хэрэглээг төлөвшүүлэх нь ихээхэн хортой бөгөөд гэмт хэрэг, зөрчлийн бүрэлдэхүүн бий болсон хэдий ч хохирогчийн сэтгэцэд гэм хор учраагүй бол тухайн гэмт хэрэг, зөрчлийн улмаас сэтгэцийн гэм хорыг мөнгөөр арилгах харилцаа үүсэхгүй. Иймд сэтгэцийн гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгахад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх диспозитив болон талуудын зарчмын дагуу нотлогдсон сэтгэцийн хямрал, цочрол, өвчин шаналал, эсхүл байнга ба түр хугацааны хөгжлийн бэрхшээл үүссэн, эсэх нь эн тэргүүний бөгөөд эргэлзээгүй тогтоогдсон байхыг анхаарах ёстой юм.
-Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 онд баталж, холбогдох хуулиудад УИХ нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн 2023 оны долоодугаар сарын 1-нээс хойш сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой хэчнээн хэрэг шийдвэрлэсэн талаарх судалгаа бий юү?
-Иргэний хэргийн анхан шатны шүүхүүд 2023 оны долоодугаар сараас хойш сэтгэл санааны хохиролтой холбоотой 26 хэргийг хянан шийдвэрлэжээ. Үүнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хоёр, хэрэгсэхгүй болгосон 11, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь 13 байна.
-Эрүүгийн хэргийн улмаас хохирсон иргэдийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн мөнгөн дүнг иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэй гэж шүүхийн тогтоолд дийлэнхдээ тусгадаг. Иргэдийн олонх нь хэрхэн нотлох баримтаа бүрдүүлэхээ мэдэхгүй, шүүхийн процессын удаашралтай байдлаас залхаад ийм нэхэмжлэл гаргахгүй байх нь бий. Үүнийг эрүүгийн хэрэг хэлэлцэхдээ нэг мөр шийдчихэж болдоггүй юм уу?
-Иргэний журмаар шийдвэрлэж байгаа гэм хорын асуудлын нэлээд нь эрүүгийн гэмт хэргээс улбаатай. Энэ ч агуулгаар эрүүгийн гэмт хэргээс учирсан гэм хорыг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хамт шийдвэрлэх нь олон талаараа оновчтой. Гэвч гэм хорыг аль шүүх шийдвэрлэж байгаагаас шалтгаалаад нотлох үүрэг, нотолгооны процесст ялгаатай байдал үүсээд байна. Жишээ нь, эрүүгийн журмаар шийдвэрлэх явцад хэргийг мөрдөн шалгах зарчмаар хянан шийдвэрлэх тул тэнд хохирогч өөрт учирсан сэтгэл санааны гэх мэт хохирлоо нотлохоор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай нэгэн адил зарчмаар оролцоход хүндрэл үүсээд эхэлдэг. Учир нь эрүүгийн хэргийн шатанд тус процесст оролцож буй оролцогчид өөр, тэдгээрийн харах өнцөг, дадсан дадал, хэрэглэж заншсан хууль ондоо байдгаас шалтгаалаад хохирлын асуудлыг иргэний шүүх шиг талуудын зарчмыг цэвэр барьж шийдвэрлэж чадахгүй байх тохиолдол олон. Бодит байдалд ийм л бэрхшээлээс болоод сэтгэл санааны гэм хорыг эрүүгийн хэрэгтэй хамт шийдэхэд хүндрэл үүсээд байна. Онолын хувьд бол сэтгэл санааны гэм хорд холбогдох хэсэгт иргэний хэргийн гэм хорын эрх зүйн зарчмыг хэрэглэн шийдвэрлэх боломж бий. Хэрэв тэр нь хүндрэл бэрхшээлтэй бөгөөд үнд¬сэн гэмт хэргийг шалгах, ял зэм ногдуулах ажиллагааг удаашруулах үр дагавартай байвал шүүх иргэний журмаар нэхэмжлэхээр шийдвэрлэдэг.
-Аливаа гэмт халдлагад өртсөн иргэн тухайн хэргийн талаар эргэн санахдаа маш их айдас түгшүүртэй байдаг тохиолдол цөөнгүй. Тэгэхээр сэтгэл санааны хохирлыг нотолж тогтоохдоо мөрдөгч хүн сэтгэл зүйчийн хамтаар хохирогчоос мэдүүлэг авах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулбал зүйтэй санагддаг. Ер нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд энэ мэт ямар өөрчлөлт оруулбал сэтгэл санааны хохирлыг нотолж тогтооход дөхөмтэй вэ?
-Эрүүгийн хэргийг шалган тогтоох шатанд сэтгэл санаанд нь хохирол учирсан хүний сэтгэл зүйтэй холбоотой асуудал багагүй судлагдсан гэж ойлгож байгаа. Иймээс энэ чиглэлээр мэргэшсэн хүмүүс эрүүгийн хэргийн процесс ажиллагаатай холбоотой өөрчлөлтийг санал болгох нь зүйтэй байх. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд сэтгэцэд гэм хор учрах буюу бидний нэрлэж заншсанаар сэтгэл санаанд хохирол учрах нь тийм ч хялбар нотлогдох зүйл биш. Мөн сэтгэцийн гэм хор буюу өвчин шаналал, хямрал, нийгмийн тодорхой хүрээлэлд төдийгүй хувь хүний дотоодод бий болж байгаа тэр сөрөг өөрчлөлтийг түр зуурын хөнгөн хямралаас ялгах нь шүүгчийн гэхээс илүүтэй мэргэжлийн хүний тогтоох асуудал. Тэр дундаа хүнд, хөнгөн зэрэглэлийн байдлыг шүүгч тогтооход бэрх. Олон улс орон ийм субъектив үнэлэмжийг бодит, тодорхой шалгууртай болгох гэж янз бүрээр л судалсан байдаг. Иймд мэргэжлийн сэтгэл зүйч, бусад этгээдийн тусламж шүүх байгууллагад шаардлагатай. Харин энэ баг бүрэлдэхүүн заавал Шүүх шинжилгээний хүрээлэн гэдэг ганц газар байх, эсэх, өөр бусад эх үүсвэр, хүний нөөцийн оролцоо байж болох уу, үгүй юү гэх мэт асуудлыг анхаарч зохицуулалтаа боловсронгуй болгох нь зүйтэй. Ялангуяа бага насны хүүхдийн сэтгэл санааны гэм хорын асуудал хамгийн эмзэг, мэргэжлийн хүмүүсийн тусламж шаардлагатай хэсэг гэж ойлгож байна. Нөгөө талаас хууль тогтоогч тодорхой төрлийн илэрхий хүнд хэргүүдийн хувьд нотолгооны ачааллыг хохирогчид үүрүүлэхгүй байхаар тооцож болох юм. Гэхдээ мэдээж сэтгэл санааны гэм хорын тухайд шууд бус хохирогч түүний хүрээг тодорхойлох асуудал нэлээд онцлогтой. Тухайн гэмт хэргийн улмаас нас барсан хүмүүсийн ар гэр, эсхүл хохирогч нас бараагүй ч гэмт үйлдэл нь хохирогчийн эргэн тойрны бусад олон хүнд сэтгэл санааны хохирол учруулах үр дагавартайг ч мөн тооцох ёстой юм.
-Сэтгүүлч, сурвалжлагч бидний бичсэн нийтлэл, мэдээтэй холбогдуулж их хэмжээний мөнгө нэхэмжлэх нь бий. Нэг нь есөн тэрбумыг, нөгөө нь 50 сая, өөр нэг нь 100 сая, хоёр тэрбум гэх байдлаар харилцан адилгүй мөнгө нэхэмжилдэг. Иргэний хуулийн 511.1 дэх хэсэгт “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол материаллаг хохирлыг арилгасныг үл харгалзан эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэсэн нь сэтгүүлчдийг ажлаа хийснийх нь төлөө дарамтлах, их хэмжээний, санаанд оромгүй мөнгө нэхэмжлэх үндэслэл болж байгаа. Ингэж олон зуун сая, тэрбумаар хохирсон гэдгээ, нэр хүндийг нь гутаасан байна гэдгийг нэхэмжлэгч тал нотлох ёстой биз дээ?
-Чухал асуулт байна. Гэм хорын эрх зүйн гэрээ болон өмчийн эрх зүй зэргээс ялгаатай нэг онцлогтой. Тэр нь юу вэ гэхээр гэм буруугийн зарчим. Өөрөөр хэлбэл, гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэхүй байх, гэм буруутай байх, гэм хор байх, шалтгаант холбоо байх гэх мэт. Гэм буруугийн зарчим гэдэг нь тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйд хариуцлага хүлээх гэж буй этгээд гэм буруутай байх ёстой. Мэдээж гэм буруугийн хэлбэр дан ганц санаатай байдлаар илрэхгүй. Болгоомжгүй гэм буруугийн төрөл ч байна. Энгийнээр хэлбэл, гэм буруутай гэгдэж буй хүний оронд байх хэн ч болов мэдэх, ойлгох, сэрэмжлэх боломжтой тэр зүйлийг тухайн этгээд анхааралгүй үйлдэж бусдад гэм хор учруулсан бол уг хүн хүсээгүй, зориогүй, мэдээгүй байх нь чухал биш бөгөөд болгоомжгүй хэлбэрээр буруутгагдана гэсэн үг. Улмаар гэм хорын эрх зүйд уг этгээдийг гэм буруутай болохыг хохирогч нотлох үүрэг хүлээдэггүй. Харин эсрэгээрээ буруутгагдаж буй этгээд гэм буруугүй болохоо нотлох үүрэг хүлээнэ. Энэ их чухал. Харин хохирогч өөрт хохирол учирсан болохыг нотолж, хохирлын хэмжээгээ тодорхойлон, холбогдох баримтаа гарган мэтгэлцэх учиртай. Сэтгэл санааны гэм хорын тухайд гэм буруугийн зарчим, буруутгагдаж буй этгээд буюу хариуцагч гэм буруугүйгээ нотлох зарчим аль аль нь нэгэн адил үйлчилнэ. Хохирлын хэмжээ, хохирол учирсан болохыг хохирогч нотолно. Эдгээр нь тусдаа ойлголт юм. Мөнгөний хэмжээ таны дурдсанаар харилцан ялгаатай байгаа нь энэ талаар шүүхэд баримтлах журам, тулах цэг байгаагүйтэй холбоотой тул сэтгэл санааны гэм хорыг мөнгө рүү хөрвүүлэхэд яалт ч үгүй хууль хэрэглэж буй этгээдийн субъектив үнэлэмж нөлөөлсөн байна. Иймд тухайн үед мөнгөн төлбөрийг ялгаатай тогтоож байсан нь эрх зүйн орч¬ны дутмаг байдлаас шалтгаалсан явдал юм.
-Дэлхийн улс орнууд сэтгэцэд учирсан хор уршгийг ямар зохицуулалтаар, хэрхэн тооцож байна вэ?
-Дэлхийн ихэнх улс орон өөрийн Үндсэн хуульдаа иргэнийхээ хөндөгдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, нөхөн сэргээх суурь зохицуулалтыг оруулсан байдаг. Энэ нь хүний эрхийг хамгаалах суурь нөхцөлийг бүрдүүлдэг гэж ойлгож болно. Ардчилсан тогтолцоотой гадаадын дийлэнх улс орны хувьд эрх ашиг нь хөндөгдсөн, гэмт хэргийн хохирогч болсон иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэх, нөхөн сэргээх, эрх ашгийг нь хамгаалах ерөнхий заалтыг Үндсэн хуульдаа тусгадаг.
Европын ихэнх оронд хувь хүнд учирсан хохирлыг нөхөн төлөх хоёр төрлийн аргыг хэрэглэж байна. Зарим улс үнэлгээний тодорхой аргачлал боловсруулж, үүнийхээ дагуу оноо өгөх, ангилал зэрэглэлд хуваах, мөнгөн хэлбэрт буулгах аргыг ашигладаг. Үүнээс гадна учирсан гэмтэл илэрхий тодорхой байвал түүнийг шууд мөнгөн дүнд хөрвүүлэн тооцсон улс орон ч байна. Жишээ нь нүдгүй, гаргүй болох гэх мэт тохиолдлуудыг шууд үнэлсэн, үүний зэрэгцээ энэ нөхцөл байдал нь сэтгэл санаанд, амьдралын чанарт (ажил мэргэжил, амралт чөлөөт цаг, хувийн орон зай, тэр дундаа гэр бүлийн харилцаанд) яаж нөлөөлж байгааг тус тусад нь тодорхойлж, зэрэглэлд хуваан мөнгөнд хөрвүүлж байна.
Мөн хохирол арилгах сан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нь арилгахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Хүнд төрлийн гэмт хэргийн улмаас хохирогчид эд материалын болон сэтгэл санааны хохирол учирсан байх магадлал өндөр тохиолдолд хохирлын хэмжээгээ нотлох ачааллыг үүрүүлэхгүйгээр дээр дурдсан сангаас хохирлыг нь барагдуулдаг.
Дараа нь буруутай этгээдээр нөхөн төлүүлэх замаар хүний эрхийг түргэн шуурхай хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээж байгааг зөв тогтолцоо гэж хардаг.