Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөс хамтран хэрэгжүүлж буй “Хашаандаа таван мод тарья” аяны хүсэлтийг “И-Монголиа” системээр хүлээн авч эхэлжээ. Уг аянд нэгдэх сонирхолтой өрхүүд дээрх систем дэх “Мод тариулах хүсэлт” цэсээр бүртгүүлж, оршин суугаа хаяг, үл хөдлөх хөрөнгийн лавлагааны мэдээллээ оруулснаар мэргэжлийн байгууллагынхнаар хашаандаа мод, сөөг тариулах боломжтой гэнэ. Аяныг нийслэлийн долоон дүүргийн 108 хороо, 16 аймгийн 32 сумд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Улаанбаатар хотод 8000 орчим өрхийн хашаанд өрөл, голт бор, монос, буйлс, гүйлс зэрэг навчит модны 3-4 настай 40 мянга гаруй суулгац тарих аж. Энэ нөөцийг мод үржүүлгийн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөлүүдээс хангахаар төлөвлөж, хамтарч ажиллах хүсэлт, үнийн саналыг нь хүлээн авч байгааг зохион байгуулагчид нь мэдээлэв.
Н.Мишээл