ХҮН намын дарга Т.Доржханд өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, тэр хөрөнгөөрөө тансаглан гадаадад байшин авч, оффшор дансанд мөнгөө байршуулсан эрх мэдэлтэй хүмүүсийн асуудлыг шийдэх юм. Тэгээд ийм хүмүүст хариуцлагаа хүлээ, энэ мөнгөө төлөөд эрх чөлөөтэй яв гэдэг хоёр сонголтыг өгөх гээд байна. Ямар нэгэн байдлаар хүмүүсийн орлогыг үндэслэлгүйгээр хурааж, улстөржүүлж, өрсөлдөгчөө намнах гэж байгаа зүйл огт биш. Бид хуулийн эрх зүйн орчныг нь Засгийн газар дээр ярьж байгаад нээнэ. Ерөнхий сайд өөр манлайлан хийж байна. Өөрөө орлогоо нотолно. Хэрвээ нотолж чадахгүй бол ажлаа өг. Мөн бидний хувьд ийм асуудал гарвал орлогоо нотолно, чадахгүй бол ажлаа өгнө. Ямар ч асуудал байхгүй. Энэ зарчим бол зөв гэж бодож байна.
Залуусын жагсаал цуглаан хийж байгаа нь зөв. Ардчилсан нийгэмд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Харин нөгөө талдаа энийг ашиглаж, улс төрд тогтворгүй байдал үүсгэх, хил холболтын бүтээн байгуулалтыг гацаах, Монгол Улсын Засгийн газар сул, тогтворгүй, урт хугацаанд хамтарч ажиллаж чадахгүй юм байна гэж хөрөнгө оруулагчдыг үргээх эрсдэлтэй юм. Монгол улсад хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Тиймээс тогтвортой Засгийн газрын бодлогыг хүсч байна. Тийм болохоор ХҮН нам, АН хамтарсан Засгийн газарт орсон. Тэрнээс биш зөөлөн суудал хүсч, халуун хөнжил хүсээгүй.
Хувь хүний болон хэн нэгний хүүхдийн асуудлаас болж Засгийн газар нь огцорч болохгүй. Хуулийн байгууллагаас бие даасан байдлаар хэргийг хянаж шалгах үүрэгтэй. Цөөн монголчууд нэг талдаа гараад явахгүй бол зөрчил хуваагдал үүсвэл бүр хэцүү байдалд хүрнэ. Хэрүүл маргаантай айлд ямар зочин ирэх вэ. Өнөөдөр бид муу хэлүүлж, адлуулж болно. Улс төрч магтуулна гэж байхгүй. Өнөөдөр Т.Доржханд, Л.Гантөмөр, Л.Оюун-Эрдэнэ муу хүн байж болно. Ерөнхийлөгчийн засаглал руу битгий ороосой гэж хүсэж байна. Ийм агуулгаар манай нам улс төрд орсон. Бид парламентын засаглалаа бэхжүүлэх ёстой. Бид үйл хэргээсээ огт ухрахгүй. Иймд өнөөдөр парламетийн засаглалаа авч үлдэх үү, үгүй юу гэдэг эгзэгтэй үе дээр бид байна" гэлээ.