Холбоодын нэгдсэн УАШТ-ийг Монголын спортын корпорац болон спортын 15 холбооныхон хамтран энэ сарын 10-19-нд зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа. Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй эл тэмцээний 15 төрөлд 1952 тамирчин өрсөлджээ.
Тэргэнцэртэй сэлмийн УАШТ-д өнөө жил 30 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдсөн юм. “Лос-Анжелес-2028” паралимпийн наадмыг зорих шилдэг сэлэмчдийн тулаанд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалд Б.Даваасүрэн, эмэгтэйчүүдийнхэд Д.Цолмон нар дөрөв дэх жилдээ тэргүүллээ. Мөн эрэгтэйчүүдийн багийн төрөлд Б.Даваасүрэн, Д.Билэг, Б.Батжаргал, Д.Ганбаатар нар нэгдүгээр байрт шалгарсан аж. Ингэснээр Б.Даваасүрэн өнөө жилийн УАШТ-ээс хоёр алтан медаль хүртсэн нь энэ.
Харин 20 дахь удаагийн кэндогийн УАШТ-д нийт дөрвөн клубийн 45 тамирчин хүүхэд, өсвөр үе, эмэгтэй, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдлөө. Хүүхдийн ангилалд “Чикара” клубийн тамирчин М.Сүлд-Од тэргүүн байрт шалгарав. Удаах байрт BSU клубийн тамирчин Б.Сэцэн шалгарч, хошой мөнгөн медалийн эзэн болсон юм. Харин өсвөр насны ангилалд “Чикара” клубийн тамирчин Б.Уранбат тэргүүлж, “Шинки”-гийн М.Эрдэмтэлэх удааллаа. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд “Чикара”-гийн тамирчин М.Сарантуяа тэргүүн байрт шалгарсан бол “Шинки”-гийн Д.Өнөрбуян мөнгөн медалийн болзол хангав. Харин эрэгтэйчүүдийнхэд “Шинки” клубийнхэн илүүрхжээ. Тодруулбал, тэргүүн байрт тус клубийн тамирчин Э.Билгүүн шалгарч, А.Нямжав хоёрдугаар байрт эрэмбэлэгдэв.
Ташрамд дурдахад, холбоодын нэгдсэн УАШТ-ийг жүдо бөх, жиү жицү, байт харваа, виртуал дугуй, спорт бүжиг, хүндийн өргөлт, бадминтон, таван төрөлт, хананд болон мөсөнд авиралт, буудлага, кэндо, тэргэнцэртэй сэлэм зэрэг 15 төрлөөр зохион байгуулсан юм.
У.Сүрэн