2026 оны “Формула-1” уралдааны ДАШТ-ий ялагч улирал дуусахаас өмнө тодрох нь ойлгомжтой байлаа. Улмаар “Мерседес” багийн итали нисгэгч К.Антонелли “Мексикийн гран- при”-д гуравдугаар байр эзэлснээр дөрвөн гарааны өмнө дэлхийн аваргын болзлоо хангасан юм. Болонья хотын уугуул хүү энэ жил дөнгөж 20 нас, хоёр сартай бөгөөд авто уралдааны оргил гэгдэх тус тэмцээнд түрүүлсэн хамгийн “нялх” тамирчин болж түүх бүтээлээ.
Тэрбээр “Формула-1”-ийн 77 улирлын түүхэн дэх 36 дахь аварга, А.Аскаригаас (1952, 1953 он) хойших анхны аварга итали уралдаанч болж байна. Өөрөөр хэлбэл, автоспортод “Феррари” хэмээх агуу багийг бэлэглэсэн Итали улс аваргатай болохыг 73 жил хүлээсэн юм.
КИМИГ ГҮЙЦЭХ БОЛОМЖГҮЙ
Мексикт болсон уралдааны дараа К.Антонелли 380 оноотой болсон. Түүнийг нэхэж буй М.Ферстаппен 261, Л.Хэмилтон 259, Ж.Рассель 250, Ш.Леклер 245 оноотой болов. Үлдсэн дөрвөн гараанд уралдаанч дээд тал нь 100 оноо авах боломжтой учраас 119 онооны зөрүүг яагаад ч “барьж” чадахгүй юм. Авто уралдаан сонирхогчдыг Сан-Паулу (XI.8), Лас- Вегас (XI.21), Катар (XI.29), Абу Даби (XII.6)-нд болох уралдаан хүлээж буй ч Ойрх Дорнодын хямралаас шалтгаалж сүүлийн хоёр уралдааны хувь заяа “бүрхэг” болсон. Эдгээр гарааг FIA, “Формула-1” хойшлуулах, эсвэл цуцлах төлөвлөгөөгүй ч Имолаг нөөц хувилбараар авч үзэж буй гэх сураг бий. Сонирхуулахад, дэлхийн аваргаар хамгийн эрт тодорсон уралдаанчийн дээд амжилтыг К.Антонелли энэ удаад эвдэж чадсангүй. М.Шумахер 2002 онд, М.Ферстаппен 2023 онд тус бүр улирал дуусахаас зургаан гарааны өмнө аваргын болзлоо хангаж аж.
НЭРИЙН ХУУДАС
Бүтэн нэр Андреа Кими Антонелли. 2006 оны наймдугаар сарын 25-нд Италийн Болонья хотод төрсөн. Финландын нэрт уралдаанч Кими Райконены нэрийг эцэг эх нь хүүдээ өгсөн байна. Түүний аав Марко уралдаанч байсан агаад 1993 онд “Antonelli motorsport” багийг үүсгэн байгуулжээ. К.Антонелли долоон настайгаасаа картингаар уралдаж эхэлсэн бөгөөд 2019 оноос “Мерседес” багт нэгдэж, “Фор мула-4”, “Формула-Региональ” уралдаанд түрүүлж байв. “Формула-3” уралдааныг алгасаад “Формула-2”-т уралдаж эхэлсэн бол 2025 оноос Л.Хэмилтоныг орлох болжээ.
Хөл бөмбөгийн “Болонья” багийн фэн, сагсан бөмбөгт дуртай, теннисчин Я.Синнертэй найзалдаг.
Н.Энх