Монголын шатрын холбооноос зохион байгуулсан насанд хүрэгчдийн УАШТ-ий шигшээ шатанд шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 тамирчин тойргийн системээр 11 өрөг тоглов. Эрэгтэйчүүдийн ангилалд “Гэгээн арвай” клубийн тоглогч, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ тус бүр тав хожиж, тэнцсэн ч нэг ялагдсанаар 7.5 оноо авч, улсын 35 дахь аваргаар тодорлоо. Түүнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн дэлхийн шатрын холбооны мастер, 16 настай Г.Тэнгүүндалай дөрвөн хожил, зургаан тэнцээ, нэг хожигдсон үзүүлэлтээр долоон оноо авч дэд байр эзэлсэн. Тэрбээр эл тэмцээнд ур чадвараа сорьсон шилдгүүдээс хамгийн залуу тоглогч нь байв. Түүнчлэн олон улсын мастер Х.Итгэлт гурав хожиж, найм тэнцэн долоон оноотой хүрэл медалийн эзэн болсон юм.
Эмэгтэйчүүдээс их мастер Б.Мөнгөнзул нэг ч ялагдалгүй тоглолтыг хошуучлан 10.5 оноотой түрүүллээ. Улсын хошой аварга болсон түүнтэй дотоодын тэмцээнүүдэд нэг бус таарсан их мастер Т. Мөнхзул (найман оноо) удаалж, олон улсын шатрын холбооны мастер Х.Баясгалан (7.5 оноо) III байрт оров. Залуу тоглогчдоос Г.Тэнгүүндалай, Н.Содбилэгт нар шатрын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, эхний таван байрт шалгарсан тамирчидтай АНЭУ-ын Абу Даби хотод энэ сарын 9-нд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх гарджээ.