Гавьяат тамирчин Н.Нандинхүсэл АНУ- ын коллежийн сагсан бөмбөгийн NCAA- ийн I дивизионд (D1) өчигдөр анхны тоглолтоо албан ёсоор хийж, талбайд гарсан Монголын анхны эмэгтэй сагсан бөмбөгч боллоо. Түүний шинээр нэгдсэн Теннесси мужийн Стэйтийн их сургуулийн “Леди тайгерс” багийнхан эхний тоглолтоо “Toccoa falls”-ыхонтой өрнүүлсэн юм. Энэ удаа 10 дугаартай өмсгөлтэй, үндсэн гараанд гаран 17 минут тоглохдоо хоёр удаа холын зайн (гурван онооны) шидэлтээ амжилттай болгосноор есөн оноо авч, долоон самбар, гурван оновчтой дамжуулалт өгч багаа 95:46- гаар (49 онооны зөрүүтэй) хожиход чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Тэрбээр II хагаст тоглолтыг гурван онооны шидэлтээр нээн онооны харьцааг 50:27 болгожээ. Өдгөө 19 настай тэрбээр 3X3 сагсан бөмбөгийн ДАШТ-д мөнгөн медаль гардсан Монголын үндэсний шигшээ багийн хамгийн залуу гишүүн юм. Тэрээр өмнөх улиралд D II-ийн “Florida tech panthers” багийнхантай 17 тоглолтод оролцохдоо 13-д нь гараанд гарч нийт 197, нэг тоглолтод 28 оноо цуглуулсан нь түүний оргил үзүүлэлт байв.