Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан Сүхбаатар аймагт ажиллажээ. Энэ үеэр тус аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг дарга Ч.Алдарбат өвөлжилтийн нөхцөл байдал хэвийн, бэлэн байдлыг хангаснаа тэмдэглээд нэгдсэн мал эмнэлэг барих, экспортын зориулалттай хөдөө аж ахуйн цогцолбор үйлдвэр хөгжүүлэх шаардлагатай байна гэв. Улмаар хөдөө аж ахуйн цогцолбор үйлдвэрийн барилгын ажлыг ӨМӨЗО-ы Шилийн гол аймагтай өвс нийлүүлэх гэрээгээр 2016 онд эхлүүлсэн ч, өвс экспортлохыг хориглосноос өдий хүртэл ашиглалтад оруулж чадаагүйг онцгойлон анхаарахыг хүслээ. Түүнчлэн Бүсчилсэн хөгжлийн болдлогод Эрдэнэцагааныг сум дундын хөгжлийн төв байхаар тусгасан. Энэ хүрээнд малчид, тариаланчид болон жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, хоршоодод мэдээлэл өгөх, сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, арьс, шир ангилан ялгах, анхан шатны боловсруулалт хийх бага оврын үйлдвэр бүхий “Орон нутгийн хөгжлийн төв”ийг байгуулахаар зорьсон ч өдий болтол олигтой ахиц гараагүйг Эрдэнэцагаан сумынхан хэллээ. Үүнээс гадна Сүхбаатар аймгийн хэмжээнд бизнес хийх хүсэлтэй өрхийн үйлдвэрлэгчид олон байдаг ч “Хоршоо хөгжүүлэх сан”-гийн зээлийн шалгуурт нийцдэггүй тул сангийн журмыг амьдралд нийцүүлэн шинэчлэх хэрэгтэй гэв. Харин Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар мэдээлж, иргэдийн саналыг сонссон байна. Мөн Бичигтийн боомтод хүнсний байцаагч ажиллуулах, хүнсний лаборатори байгуулах, орон нутгийнхан биенес эрхлэхэд барьцаа хөрөнгийн батлан даалт гаргуулах, 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа шинэ сургуулийн барилгын ажлыг дуусгах, үзэмчин үүлдрийн хонио өсгөхөд дэмжлэг хүсэхийн зэрэгцээ мал үржүүлгийн асуудалд төрийн бодлогоор анхаарч, сум бүрд үржлийн алба байгуулж өгөхийг салбарын сайдад уламжилжээ.
С.Цэрэн