Үггүйгээр хүний сэтгэлийн хамгийн нарийн утсыг хөндөж, баяр гуниг, хайр шаналлыг биеийн хөдөлгөөн, хөгжмийн аялгуугаар илэрхийлдэг гайхамшигт урлаг бол балет. Тэр дундаа У.Шекспирийн алдарт “Ромео, Жульетта” эмгэнэлт жүжиг нь хүн төрөлхтний мөнхийн хайр, үнэнч сэтгэлийн бэлгэдэл болсон сонгодог бүтээл билээ.
ДБЭТ болон “Их Эзэн хааны театр” хамтран энэхүү суут бүтээлийг тайзнаа дахин амилуулж, үзэгчдийн хүртээл болгосон юм. Ингээд тус жүжгийн Жульеттагийн дүрийг бүтээсэн ДБЭТ-ын балетын гоцлооч Г.Нямцэрэнтэй ярилцсанаа хүргэе. Тэрбээр ОХУ-ын Пермь хотын Балетын сургуулийг төгссөнөөсөө хойш “Хунт нуур”, “Дон Кихот”, “Жизель” тэргүүтэй сонгодог урлагийн сор болсон олон бүтээлд гол болон туслах дүр чадварлаг бүтээсэн нэгэн юм.
-Та бүх цаг үеийн хамгийн алдартай хайрын түүхийг тайзнаа амилуулж, Жульеттагийн дүрээр үзэгчидтэйгээ уулзлаа. Энэ хариуцлагатай, бас ховор тохиох боломжийг хэрхэн хүлээж авав?
-Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта” балетыг бид амжилттай тоглож дууслаа. Жульеттагийн дүрийг анх удаа бүтээсэн учраас ихээхэн хариуцлага, догдлол, бас айдас мэдэрсэн. Учир нь манай театрт тэр бүр тоглодоггүй, тайзнаа ховорхон амилуулдаг бүтээл шүү дээ. Анх дүрийн хуваарь гарахад баярласан ч энэ бүх ачаа нуруун дээр минь ирсэн мэт санагдаж, үзэгчдийн сэтгэлд хүргэж чадах болов уу гэж эмээж байлаа.
ДБЭТ эл балетыг 2001 онд анх олны хүртээл болгосноос хойш ганц, хоёрхон удаа толилуулсан юм билээ. Үүний дараа 2019 онд Их эзэн хааны театрын ерөнхий найруулагч Д.Дашлхагва багш шинээр дэглэн найруулж, дахин тайзнаа амилуулсан түүхтэй. Нэлээд хэдэн жил завсарласны эцэст энэ сарын 6-8-нд үзэгчдэд хүргэлээ. Энэ балетын нэг онцлог нь тайз засал, хувцас, хэрэглэлээрээ XVI зууны үеийг тод дүрсэлсэн явдал. Тайз засал нь нүсэр, том хийцтэй, гайхалтай болсон. Сергей Прокофьевын хөгжим эгшиглэхэд л тухайн үеийн үйл явдал, дүрүүдийн сэтгэл хөдлөл нүдэнд харагдах шиг болдог. Түүнчлэн симфони найрал хөгжимтэй тоглосон нь бидний хувьд сэтгэл дүүрэн, мартагдашгүй сайхан мэдрэмж байлаа.
-Жульетта зохиолын эхэнд гэнэн цайлган охин байдаг ч хайрынхаа төлөө тэмцэхдээ зоригтой бүсгүй болон хувирдаг. Дүрийн энэ өөрчлөлтийг бүжгийн хөдөлгөөнөөр илэрхийлэхэд юу хамгийн хэцүү байсан бэ?
-Би өмнө нь “Дон Кихот”, “Хунт нуур”, “Жизель” зэрэг олон балетад гоцолж байсан. Жульетта 13 настай охин учраас сэргэлэн, цовоо зан чанар нь “Дон Кихот”-ын Китритэй зарим талаар төстэй санагдсан. Харин хайр дурлал, итгэл үнэмшилдээ үнэнч байж, эцэст нь үхлийг ч сонгох хэмжээнд сэтгэл зүйн хувьд төлөвшиж буй бүсгүйн дүрийг гаргах амаргүй байлаа. Эхний үзэгдэлд инээж баясан, хүүхэлдэйгээрээ тоглож буй гэнэн охины төрхийг харуулдаг бол хоёрдугаар хэсгээс үйл явдал хайр дурлал, эмгэнэл рүү огцом шилждэг. Үүнийг илэрхийлэхийн тулд нүдний харц, биеийн хөдөлгөөн, бүр алхаа гишгээгээ хүртэл өөрчлөх шаардлагатай болсон. Тухайн үйл явдлыг яг одоо өөрийн амьдралд тохиолдож буй мэтээр бүх бие, сэтгэл, зүрхээрээ мэдэрч тайзнаа гарах нь дүрийг амьд, үнэмшилтэй болгох гол түлхүүр гэдгийг энэ бүтээлээс ойлгосон. Тиймээс Жульеттагийн сэтгэл хөдлөл, дотоод ертөнцийг үзэгчдэд бодитоор хүргэхийг хичээсэн дээ.
-Хосын бүжигт хамтрагчтайгаа үггүйгээр ойлголцох нь чухал. Ромеогийн дүрийг бүтээсэн Б.Дөлгөөнтэй хамтран тайзнаа халуу шатам хайр дурлал, нарийн мэдрэмжийг үнэмшилтэй гаргахын тулд хэрхэн гар нийлж ажиллав?
-Дөлгөөн бид хоёр өмнө нь олон дүрд хамтран ажилласан. Анх гар нийлж бүжиглэсэн цагаасаа л бүх зүйлээ нээлттэй ярилцаж, хөдөлгөөн нэг бүрийнхээ утга учрыг тохирч, бие биедээ зөвлөдөг байлаа. Ингэж дүрүүдийнхээ харилцааг илүү ойлгомжтой, амьд болгоход голлон анхаарсан. Энэ нь бидний мэдрэмжийг үзэгчдэд илүү бодитой хүргэхэд тусалсан болов уу. Тоглолтын үеэр ч, тайзны ард ч дараагийн үзэгдэлдээ бэлдэнгээ үргэлж ярилцаж, хоёр тусдаа хүн гэхээсээ илүү нэг бие мэт сэтгэж, хөдөлгөөн бүрээ тохируулдаг байлаа. Ижил зорилгын төлөө нэгнээ сайн ойлгож ажилласны үр дүнд дүрүүдийнхээ харилцааг үнэмшилтэй гаргаж чадсан гэж бодож байна.
-Нэг дүрийг олон удаа бүтээх тусам шинэ өнцөг нээдэг байх. Тухайлбал, анх Жизелийг амилуулж байсан Г.Нямцэрэн, өнөөдрийн Г.Нямцэрэн хоёрын хооронд хэр ялгаа байх юм?
-“Жизель” балетад тоглохдоо туршлага багатай, их сандардаг байсан. Зарим хөдөлгөөн, жүжиглэлтээ дутуу гаргах, алдах тохиолдол ч бишгүй гарна. Эргээд бодоход энэ хэсэгт л илүү анхаарах байж дээ гэж харамсах зүйл олон бий. Харин хамгийн сүүлд Жизелийг бүтээхдээ өмнөх алдаагаа засаж, дүрээ илүү ойлгохыг хичээсэн. Гэхдээ урлагт төгс зүйл гэж үгүй шүү дээ. Нэг дутагдлаа засахад дараагийн анхаарах зүйл гарч ирдэг. Тиймээс дүрийн үйл явдал, сэтгэл хөдлөлийг илүү тодорхой хүргэхэд голлон анхаарсан. Анхны болон сүүлд амилуулсан Жизелийн хооронд бага ч болов ахиц, өөрчлөлт гарсныг үзэгчид анзаарсан гэж найдаж байна.
-Сонгодог балетын хөдөлгөөн, дэглэлт тогтсон стандарттай ч бүжигчин бүр ур чадвар, мэдрэмжээс шалтгаалаад өөрөөр илэрхийлдэг шүү дээ. Та дүрдээ өөрийн гэсэн өнгө аяс, онцлогийг хэрхэн шингээдэг вэ?
-Бүжигчин бүр өөрийн гэсэн мэдрэмж, онцлогтой. Ямар дүрд ажиллаж байгаагаас шалтгаалаад хөдөлгөөнөө өөрийн биед тохируулж, өөрийнхөөрөө илэрхийлэхийг хичээдэг. Тиймээс ижил хөдөлгөөн ч хоёр өөр харагдаж, үзэгчдэд харилцан адилгүй мэдрэмж төрүүлдэг байх. Би жижиг, хурдан хөдөлгөөнүүдэд илүү дуртай. Харин удаан хөдөлгөөн хийхээр заримдаа өөрийн эрхгүй яаруу зан маань гарчих гээд байдаг талтай. Тиймээс өөртэйгөө үргэлж ажиллаж, хөдөлгөөн бүрээ тухайн дүрийн зан чанарт тохируулахыг зорьдог. Балет бүрд ижил төстэй хөдөлгөөн олон бий ч ямар дүр бүтээж буйгаас шалтгаалаад өөрөөр илэрхийлэх хэрэгтэй л дээ. Тэр ялгаанаас л дүр бүрийн өвөрмөц өнгө төрх бий болдог байх.
-Өөрийн тань зан чанар, арга барилаас тэс ондоо дүр бүтээх шаардлага цөөнгүй гардаг байх. Тийм үед дотоод зөрчлөө хэрхэн давдаг бол?
-Гаралгүй яах вэ. Энэ үед багш нар биднийг илүү анхааралтай ажиглаж, алдаа дутагдлыг минь хэлж чиглүүлдэг. Биеэ тогтмол дасгалжуулж, хөдөлгөөн бүрээ хэвшүүлэх нь хамгийн чухал. Хүний бие үнэхээр ухаалаг шүү дээ. Байнга бэлтгэл сургуулилалт хийж, хөдөлгөөнөө давтах тусам өөрөө тогтоож, сурдаг. Гэхдээ зөвхөн биеийн бэлтгэл хангалтгүй. Дүрийнхээ зан чанар, сэтгэл хөдлөлийг ойлгохын тулд сэтгэл зүйтэйгээ ч давхар ажиллах шаардлагатай.
-Олон зууны тэртээх нийгэм, ёс заншлыг өнөөгийн үзэгчдэд ойлгомжтой, сэтгэлд нь хүртэл хүргэхийн тулд юунд илүү анхаарав?
-Дүрээ өнөө цагтай холбож ойлгохоос илүүтэй яг амьдарч байсан үе, орчинд нь өөрийгөө аваачиж төсөөлөх нь чухал. Тэр үед амьдарч буй мэтээр үйл явдлыг мэдэрч байж л дүрээ үнэмшилтэй хүргэж чадна. Үүний тулд тухайн цаг үеийн нийгмийн орчин, хүмүүсийн үзэл бодол, зан чанарыг судлах хэрэгтэй. Жишээлбэл, XVI зууны үйл явдлыг XXI зууны өнцгөөс харж, өнөөгийн сэтгэлгээгээр илэрхийлбэл тухайн үеийн үйл явдлын мөн чанар алдагдаж магадгүй. Тиймээс би тухайн үеийн хүмүүсийн сэтгэлгээ, амьдралын хэв маяг, харилцааг аль болох сайн ойлгохыг хичээдэг. Ингэж байж л дүрийнхээ үйлдэл, сонголтыг бодитой харуулж чадна.
-Сүүлийн үед сонгодог дэг сургуулиас гадна нэн орчин үеийн бүжгийн урсгал эрчимтэй хөгжиж байна. Танд энэ төрлийн бүтээлд хүч сорих сонирхол бий юү?
-Контемпорари буюу нэн орчин үеийн урсгал Монголд төдийгүй дэлхий дахинд эрчимтэй хөгжиж, бүжгийн урлагт шинэ өнгө төрх нэмж байна. Манай улсад ч энэ чиглэлийн олон уран бүтээл үзэгчдэд хүрч байгаа. Энэ нь хөдөлгөөний хувьд илүү чөлөөтэй, тогтсон хэв маяг, хэлбэрт баригддаггүй онцлогтой. Манай “Номадик балет продакшн” ч энэ чиглэлд түлхүү анхаарч, бүтээлүүдээ туурвиж байгаа. Энэ урсгал бүжигчдэд өөрийгөө олон талаас нь хөгжүүлэх, сонгодог балетаас өөр арга барилаар илэрхийлэх боломж олгодог нь сонирхолтой санагддаг. Мөн зөвхөн мэргэжлийн уран бүтээлчид гэлтгүй бүжигт дуртай олон хүнд өөрийгөө сорих, авьяасаа нээх боломж олгодог давуу талтай. Тиймээс энэ чиглэлээр өөрийгөө сорьж, шинэ зүйл сурах сонирхол бий.
-Балет гаднаасаа төгс харагддаг ч хөшигний ард их хөдөлмөр, ачаалал шаарддаг урлаг. Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Бид нэг бүжгэн жүжигт хамгийн багадаа хоёр долоо хоног бэлддэг. Ерөнхийдөө ихэнх балетаа нэг сар орчим бэлтгэдэг. Ажлын ачаалал өндөр, өдөрт хоёр, гурван балетын бэлтгэл зэрэг хийх үе ч бий. Ихэнхдээ гэртээ зөвхөн унтах гэж л очдог доо. Бусад цагийг бэлтгэл сургуулилалтдаа зориулдаг. Сүүлийн үед чөлөөт цагаараа балетын хичээл зааж байгаа. Энэ урлагийг сонирхох хүн олширч, хүүхэд, насанд хүрэгчид гээд бүх насныхан хичээллэх хүсэлтэй болсон. Тиймээс мэддэг зүйлээ бусадтай хуваалцаж, балетын урлагийг илүү олон хүнд таниулахыг хүсдэг. Балетын сайхныг бусдад мэдрүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байдаг.
-Тайзны гэрэл унтарч, жирийн амьдралдаа эргэн ороход Г.Нямцэрэн хэрхэн амарч, юунаас эрч хүч авдаг бол гэдэг нь сонирхолтой санагдлаа.
-Ажлын өдрүүдэд их завгүй учраас амралтын өдрөө гэр бүлийнхэнтэйгээ гэртээ өнгөрүүлэх дуртай. Зарим хүн дэлгүүр хэсэж, кино үзэж, гадуур зугаалж амардаг бол би ойр дотнынхонтойгоо сайхан хоол хийж идээд, тэр өдрийг зөвхөн өөртөө болон гэр бүлдээ зориулахыг илүүд үздэг. Ингэж тайван амарч, хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлэхээр ажлын ядаргаа тайлагдаж, дараагийн өдрүүдэд ажиллах эрч хүчээ авдаг.
-Үзэгчид тоглолтын дараа театраас ямар бодол, мэдрэмж тээж гарвал та уран бүтээлчийн хувьд зорилгоо биелүүлсэнд тооцох вэ?
-Хүмүүс зүгээр л нэг сайхан тоглолт үзээд өнгөрөх бус, сэтгэлдээ ямар нэгэн мэдрэмж, бодол, дурсамж тээж гарах нь хамгийн чухал. Балет бол үгээр бус, хөдөлгөөнөөр дамжуулан хүний сэтгэлийн хамгийн гүнд буй мэдрэмжийг илэрхийлдэг урлаг шүү дээ. Тиймээс тоглолтын дараа хайр дурлал, амьдралын үнэ цэн, хүний мөн чанарын талаар эргэцүүлж, магадгүй өмнө нь анзаарч байгаагүй зүйлээ шинээр мэдэрч, ойлгож үлдвэл тэр бүтээл зорилгодоо хүрсэн гэж боддог.
-Та бүхэн ойрын өдрүүдэд үзэгчдэд ямар уран бүтээлээр бэлэг барихаар зэхэж байгаа бол?
-Уран бүтээлчдийн хувьд арванхоёрдугаар сар бүхэлдээ “Цөмөөхэй” балетаар амьсгалсан завгүй өдрүүдээр үргэлжилнэ. Энэ жил ДБЭТ их засвартай тул бид боломж, нөхцөлдөө тохируулан тасралтгүй бэлтгэл сургуулилалтаа базааж байгаа. Тэгэхээр ирэх сард “Цөмөөхэй” бүжгэн жүжгээр дамжуулан үзэгчидтэйгээ дахин уулзана.