Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайд өнгөрсөн баасан гарагт боллоо. Тэрбээр ёслолын өмнө Төрийн есөн хөлт их цагаан туг болон Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Үүний дараа Төрийн хүндэт харуулын дарга, ахмад Б.Энхманлай айлтгал өргөж, Төрийн дуулал эгшиглэв.
Ерөнхийлөгчийг үдэх ёслолд УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй төр, засгийн өндөр албан тушаалтнуудаас гадна манай улс дахь дипломат төлөөлөгчийн газар, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, иргэдийн төлөөлөл оролцлоо.
УИХ-ын тогтоолоор баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмын дагуу шинэ Төрийн тэргүүн тангараг өргөсний дараа бүрэн эрх нь дууссан Ерөнхийлөгчийг тодорхой дэг ёслолыг үйлдэн, бие бүрэлдэхүүнийг байлцуулан Төрийн ордны зүүн талын нуман хаалганы дотор талын талбайгаас үднэ гэж заасан байдаг. Харин хугацаанаасаа өмнө чөлөөлөгдсөн Ерөнхийлөгчийг хэрхэн үдэх тухай тусгай зохицуулалт хууль, журамд байхгүй хэмээн олон нийт шүүмжилж байна.
Ж.Сувд