Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХ-аас уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолт өчигдөр Төрийн ордонд эхлэв. 2012 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж буй эл тэмцээнд оролцож байгаа хамгийн ахмад шатарчин нь Үндсэн хуулийг баталсан АИХ-ын төлөөлөгчдийн нэг, 87 настай Д.Найдан юм.
Тэмцээний эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал болон АН-аас сонгогдсон гишүүн О.Амгаланбаатар нар хүндэтгэлийн өрөг нүүсэн. Мөн Ерөнхий сайд, Шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ. Дэлхийн шатрын холбооноос 2026 оныг шатрын боловсролын жил болгон тодорхойлжээ. Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатрын тэмцээнийг аймаг, нийслэлийн хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулдаг. Анхан шатны тэмцээн арванхоёрдугаар сарын 6, 7-нд улсын хэмжээнд өрнөж, 4922 шатарчин оролцсон нь өмнөх оныхоос өссөн үзүүлэлт гэнэ. Хоёр дахь шатны тэмцээн мөн сарын 20, 21-нд болж, 696 хүн өрсөлджээ.