Нийслэлийн аялал жуулчлалын газар, “Монголын адуучны холбоо” хамтран “Чингис хааны хүрээ” цогцолборт энэ сарын 24-нд “Талын жавхаа 2026” нэртэй адууны соёлын өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ нь өвлийн аялал жуучлалыг дэмжих, морьтон монголчуудын малчин ахуй, адуу дагасан соёлыг сурталчлан таниулах, үнэ цэнийг нь өсгөх, соёлын биет бус өвийг хадгалан, залуу хойчдоо өвлүүлэн үлдээх зорилготой.
Соёлын өдөрлөгийн арга хэмжээний оролцогч, үзэгчдэд зориулан морь, тэмээ, одой морь унах, морин чаргаар гулгах, монгол банхар, тайгын нохдын үзүүлбэр толилуулахаас гадна үндэсний брэндүүдийн үзэсгэлэн, худалдаа зохион байгуулна. Түүнчлэн цан татсан сүргийн дунд хийморио сэргээн, морьтон залуусын өвөл цагийн адуу маллах соёлтой танилцангаа эмнэг булгих, бугуйл, уурга, ташуур шүүрэх зэрэг эрэмгий, чадварлаг үзүүлбэрүүдийг үзэх боломжтой. Мөн хээрийн цайгаар цайлж, үндэсний сайхан хувцастай шилдэг хос тодруулах уралдаан болон үзэгчдийн дундах тэмцээнд ч оролцож болох юм.
М.ГЭГЭЭ