Орон нутгийн мал эмнэлгийн үйлчилгээний анхан шатны нэгжийн эмч нар өчигдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгууллаа. Тэдний өнгөрсөн онд улсын хэмжээнд хийж, хэрэгжүүлсэн төлөвлөгөөт ажлын үйлчилгээний хөлс болох 20.1 тэрбум төгрөгийг одоо болтол олгоогүй, санхүүжилт он дамжин хойшилсоор байгааг эсэргүүцэж, ийнхүү дуу хоолойгоо хүргэсэн юм. Хэдийгээр оны өмнөхөн мал эмнэлгийн үйлчилгээний хөлсний тодорхой хувийг буюу 11 тэрбум төгрөгийг шийдсэн гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлсэн ч үүнийг хэзээ олгох нь тодорхойгүй байгаа аж. Тиймээс уг асуудлыг яаралтай шийдэх, үгүй бол улсын хэмжээнд ажиллаж буй мал эмнэлгийн 1000 орчим нэгжийн үйл ажиллагаа алдагдаж, цаашлаад эмч нар ажил хаяхад хүрнэ гэдгээ ч ил тод хэлсэн юм.
Малын эмч нар цалин хөлсгүй олон сар болж буй тул зээл, хэрэгцээний бусад төлбөрөө ч төлж чадахгүйд хүрч, нөхцөл байдал нь улам хүндэрснийг Монголын үндэсний мал эмнэлгийн холбооныхон учирласан. Энэ байдлаараа малын эрүүл мэнд хөсөр хаягдан, тэр хэрээр хүнсний аюулгүй байдалд эрсдэл учирч, цаашлаад зоонозын халдварт өвчний эрсдэл нэмэгдэж болзошгүйг ч анхаарууллаа.
Манай улс мал аж ахуйн орон атлаа малын эмчийн хомсдолд орчихсон, салбарт ажиллагсдын 70 орчим хувь нь тэтгэврийн насныхан, залуу боловсон хүчингүй, жил бүр 150 орчим мэргэжилтэн ажлаа орхиж байгааг жагсаалд оролцогчид халаглан ярьж байлаа. Тиймээс цалин хөлсөө нэмүүлж, нийгмийн баталгаагаа хангуулахыг хүсэж буйгаа ч хэлнэ лээ.
Монголын үндэсний мал эмнэлгийн холбооныхон “Малын эмч нар 1999 оноос хойш төлбөргүй үйл ажиллагаа тасралтгүй явуулсан ч өнөөдрийг хүртэл салбарын санхүүжилтийг бодитой шийдээгүй. Хууль, эрх зүйн орчин хангалтгүй. Салбарыг хувьчлаад 27 жил болсон ч огт хөгжөөгүй. 2025 онд л гэхэд улсын хэмжээнд малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилласан 1000 орчим анхан шатны нэгжийн үйлчилгээний хөлсийг өгөхгүй байна. Нийт 30 тэрбум төгрөг авах ёстойгоос 30 хувийг нь л олгосон. Оны өмнө Сангийн яаманд шаардлага хүргүүлсэн ч аман шийдвэрээс өөр гарт олгосон нэг ч төгрөг алга. Анхан шатны нэгжүүд гурвалсан гэрээгээр төлбөртэй үйлчилгээ үзүүлж ирсэн. Тодруулбал, Монгол орны нутаг дэвсгэрт мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах, олон улсын, чөлөөт худалдааг дэмжих, өвчингүй тайван байдлыг хадгалж ажиллах зорилгын хүрээнд гоц халдварт, халдварт зоонозын өвчнөөс сэргийлэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлыг улсаас баталсан байдаг. Тиймээс бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд зээл хүртэл авч, ажлуудаа хийдэг. Харин одоо төр ажлаа хий, бодлогын дэмжлэг үзүүл. Хариуцлагатай байхыг бид шаардаж байна” гэлээ.
О.Ундрах