Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв” байгуулснаа өчигдөр нээлээ. Энэ үеэр Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Монгол Улсын эдийн засгийг хурдасгах, тэлэх, экспорт болон ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлээ өргөтгөх зэрэг олон асуудал хөрөнгө оруулагчтай шууд холбоотой. Өнөөдөр хөрөнгө оруулалтын нөхцөл байдал сайнгүй байна. Өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд гаднын хөрөнгө оруулагчидтай харилцаа, хууль, эрх зүйн орчин ямар байсанд Засгийн газар дүгнэлт хийсэн. Улмаар тэдэнд таатай орчин бүрдүүлэх эрх зүйн томоохон өөрчлөлт хийхээр ажиллаж байна” гээд үүнийг хувийн хэвшлийнхний дэмжлэгтэй хийхийн чухлыг онцлов. Одоогийн байдлаар гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулж буй 40 гаруй хууль бий гэнэ. Гэтэл хуулиасаа давсан дүрэм, журам олон байгаа тул цэгцлэх шаардлага үүсчээ. Мөн гуравдагч хөршүүдээс хөрөнгө татах бүх боломжийг эрэлхийлэх нь.
Тус төв нь бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллах аж. Хууль, эрх зүйн шинэчлэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл түгээж, хөрөнгө оруулагчдын санал, бодлыг сонсох юм байна.
С.Уул