Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийнхон Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, АНЭУ-ын Абу-Даби хотын Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын газар, Лабораторийн чанарын менежментийн тогтолцооны хамтын ажиллагааны төвтэй хамтран “Twinning” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. 2026-2028 онд хэрэгжүүлэх энэхүү төслийн хүрээнд мал эмнэлгийн салбарын лабораторийн чадавхыг сайжруулж, мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэн, олон улсын хамтын ажиллагааг улам өрөгжүүлэх гэнэ.
Төслийн гол зорилго нь тэмээний өвчнийг эрт илрүүлж, оношлох чадавхыг сайжруулах аж. Ингэхдээ дэвшилтэт шинжилгээний арга зүй нэвтрүүлэн, онцгой нөхцөлд хариу арга хэмжээ авах, мөн био аюулгүй байдал, лабораторийн чанарын тогтолцоог олон улсын стандартад нийцүүлнэ гэдгийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораториос мэдээлэв. Түүнчлэн дээрх хоёр байгууллагын мэргэжлийн багуудтай хамтран тэмээний өвчний тархалтын судалгаа хийж, шинжлэх ухааны мэдлэг солилцон, эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэн, олон улсын ур чадварын сорилд ч хамрагдана гэлээ.
О.Ундрах