Нийслэлийн өмчийн барилга, байгууламжийн ашиглалт сүүлийн жилүүдэд сайжирч, төсөвт төвлөрүүлэх орлого нь нэмэгджээ. Тодруулбал, нийслэлийн Өмчийн харилцааны газар хотын төсөвт 2024 онд долоон тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол өнгөрсөн жил 18 тэрбум болж өссөн байна. Энэ нь хот алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулсны үр дүн гэдгийг албаныхан онцолсон. 2024- 2025 онд л гэхэд хууль бусаар алдагдсан 15 барилга, байгууламжийг нийслэл өмчдөө буцаан авчээ. 2026 онд ч мөн уг ажлыг эрчимжүүлэх гэнэ. Эхний ээлжид “Өргөө” зочид буудлыг эргүүлэн авахаар хоёр талын хэлцлийг үргэлжлүүлж буйгаа нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэв. Тус зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн өгөх шүүхийн шийдвэр 10 гаруй жилийн өмнө гарч байсан юм. Харин өнгөрсөн оны сүүлчээр зочид буудалд албан шаардлага дахин хүргүүлсэн аж.
2025 онд Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв, Чингэлтэй дүүргийн V хороонд байрлах “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн Ж блок, ХанУулын II хороонд байрлалтай “Монгол шуудан” ХК-ийн 36, Баянгол дахь 24 дүгээр салбарын байр, тус дүүрэг дэх “Аминжаргалан” болон Сүхбаатарын II хороонд байрлах “Ачит гар” зэрэг өрхийн эмнэлгийн барилгыг нийслэлийн өмчид буцаан шилжүүлжээ.
О.Оргилох